Хилийн чанад дахь монголчуудын төлөөлөл эх орондоо чуулах нь

Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл төрийн бус байгууллага хамтран Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалтыг зохион байгуулах болжээ. Энэ сарын 12-14-нд Улаанбаатарт болох уг арга хэмжээний талаар Гадаад харилцааны яамны Соёл урлагийн газар, Нийгмийн бодлогын хорооноос мэдээлэл өглөө.

Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалтаар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чанадаас эх орныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр, боломж зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаан болон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” нээлттэй өдөрлөг болно.

Уг арга хэмжээнд 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын 100 холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох аж. Мөн төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа асуудлыг хамтран хэлэлцэх юм байна.


Б.Номин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)