Хилийн цэргийн ангиас алдагдсан сумны хайрцагт цемент цутгасан байв

Байлдааны зориулалттай их хэмжээний сум хууль бусаар борлуулдаг бүлгийнхнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байгаа талаар бид өнгөрсөн баасан гаргийн дугаартаа мэдээлсэн билээ. Энэ хэрэгт холбогдсон хүмүүсээс 50 000 орчим сумыг цагдаагийнхан хурааж авсан бөгөөд “Нарантуул”, “Хархорин” зах болон бусад газарт АКМ, винтов, “ТОЗ-8” буунд зориулсан сум нууцаар борлуулж байсныг нь тогтоосон юм. Өдгөө энэ хэргийн гол зохион байгуулагч таван хүнийг яллагдагчаар тооцон цагдан хориод буй аж. Тэд сумныхаа нэлээд хэсгийг хилээр оруулж ирсэн хэмээн мэдүүлж буй бөгөөд хаагуур, хэрхэн нэвтрүүлснийг тогтоохоор ажиллаж буй юм билээ. Мөн заримыг нь цэргийн ангиудаас авсан нь батлагдсан байна. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сумны наймаачдыг шалгах явцдаа дээрх хэргийн холбогдогчид хилийн цэргийн ангиас их хэмжээний сум хууль бусаар авч, борлуулж байсныг тогтоосон гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр цэргийн ангийнхан сумаа нарийвчлан тоолдоогүй, жинлэж үзээд тоо нь бүрэн гэж тооцдог байж. Гэтэл хилийн цэргийн зарим ангиас алдсан сумны төмөр хайрцагт сумны жинтэй ойролцоо хэмжээтэй цемент хийж лацадсан байсан нь үзлэг тооллогын явцад тодорхой болжээ. Тиймээс Зэвсэгт хүчин, хилийн гээд байлдааны сум ашигладаг цэргийн анги байгууллагынхан нарийвчилсан үзлэг тооллого хийж эхэлсэн байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)