Хилийн маргаан нэрээр хамгаалалттай газарт гар дүрэх гэв үү

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Сауд гоби коэл транс” компанийн, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалснаа БОАЖЯ энэ сарын 13-нд мэдэгдсэн. Гол шалтгаан нь тус компани стандарт, норм журмыг мөрдөөгүй, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолт хийхдээ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн явдал. Дээрх компани найман жилийн турш тэнд үйл ажиллагаа явуулахдаа 130 сая төгрөг зарцуулсныг үл харгалзан, улс эзэмшлийнхээ газрыг буцаан авсан билээ. Яг үүн шиг төр төмөр нүүрээ харуулах шаардлага тулгарсан нэгэн асуудал Яармагийн хөндийд үүсэв.

Яармагт нэг хорооллын хэмжээний олон, зөрчилтэй барилга барьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эргэн сануулахад, улсын тусгай хамгаалалттай уг бүсийн газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) иргэн, аж ахуйн нэгжүүдэд хуваарилжээ. Тусгай хамгаалалттай бүсэд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар л газар ашиглуулах хуультай. Уг нь БОАЖ-ын сайдын тушаалд ийм зориулалттайг нь онцолсон ч бодит байдалд хэрэгжүүлээгүй. Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амыг аж ахуйн нэгжүүдэд өгч, орон сууцаар дүүргэсэн жишээ Яармагт давтагдсан гэсэн үг. Нөхцөл байдал яагаад энэ хэмжээнд хүрсэн, цаашид үүнийг хэн, хэрхэн цэгцлэх зэрэг асуултад хариулт хайлаа.

БААЗЫН ЗӨВШӨӨРӨЛ ЯАГААД БАЙШИНГИЙНХ БОЛДОГ ВЭ

Шинээр суурьшлын бүс бий болсон, Наадамчдын буюу олны нэрлэж заншсанаар бол Яармагийн замын урд талын хэсэгт одоогоор 75 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон гэх дүн байна. Гэтэл тэндхийн барилгуудад аялал жуулчлалын “үнэр” ч алга гэхэд хилсдэхгүй. Тусгай хамгаалалттай газрыг ашиглуулах нэртэй ч үндсэндээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчлүүлжээ. Хууль, журмаараа компаниуд эхлээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах санал өгнө. Захиргааныхан тухайн аж ахуйн нэгжийн төсөл, кадастрын зураг зэргийг хянаад, дэмжиж буй, эсэхээ яаманд мэдээлдэг. Гэтэл “Уг нь бүх иргэн, аж ахуйн нэгж аялал жуулчлалын төсөл ирүүлдэг хэрнээ яагаад хэрэгжүүлэх явцад өндөр байшин босчихдог юм бол” гэж захиргааныхан өөрсдөө ч гайхаж сууна. Асуудлын голыг тэд “судлаад”, буруутан нь нийслэлийн ЗДТГ-ынхан гэж дүгнэжээ.

Иргэн, аж ахуйн нэгж БОАЖЯ-наас аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлөө авчихна. Үүний дараа нийслэлийн холбогдох албанаас зөвшөөрөл авч, барилга барьдаг. Ингээд барилгаа ашиглалтад оруулахад мэргэжлийн хяналтын байцаагч нар “юу ч хэлэхгүй” хүлээгээд авчихдаг. Мэдээж ашиглалтад оруулахыг зөвшөөрч, хүлээн авсан барилгад улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. Ингээд л тухайн газар улсынх бус, тухайн иргэн, аж ахуйн нэгжийнх болж “хувирдаг” гэлээ.

НЭГ ГЭР Ч БУУЛГАХ ЭРХГҮЙ

Газар эзэмшүүлэх эрх олгосноос хойш дээр нь юу босгож байгааг яагаад хянахгүй, нүдэн балай, чихэн дүлий байсаар хороолол бариулчихдаг талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнхөөс тодруулсан юм. Тэрбээр “Нийслэлийн ЗДТГ-аас 2013 оны үед Яармаг орчмын ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Түүний дагуу компаниуд нийслэлээс архитектур төлөвлөлтийн даалгавар аваад, барилга бариад буй юм билээ. Байгаль орчны салбарынхан бол зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудыг л шалгах эрхтэй. Өөрөөр хэлбэл, бидэнд барилга шалгах эрх байхгүй. Газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа, эсэхийг хянадаг ч эрхийг нь хүчингүй болгох мэдэлгүй. Нэг иргэн гэр авчраад, барьчихсан ч буулгах эрх бидэнд үгүй. Иргэний хувийн өмчид халдсан хэрэгт тооцогддог. Хаус барьж байгаа газарт очихоор “Бид гэр бүлийн амралт байгуулна” гэж хэлдэг. Өндөр байшин барьж байгаа хүмүүс “Зочид буудал” хэмээдэг шүү дээ” гэлээ.

Уг нь Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага буюу MNS 6426:2013 стандарт бий. Харамсалтай нь, үүнд тусгай хамгаалалттай газарт дээд тал нь төдөн давхар барилга барина гэх мэтийн заалт байхгүй. Ер нь аялал жуулчлалын зориулалттай барилга гэж юуг хэлэхийг ч нарийн тусгаагүй. Ийм зохицуулалтгүй учраас аялал жуулчлалаар ашиглах газар авангуутаа орон сууц босгочихдог “уламжлал” тогтож. Яам газар олголоо. Дээр нь юу барихаа тухайн хүн өөрөө л шийддэг хэрэг.

БАРИЛГУУДЫГ БУУЛГАЖ ЧАДАХГҮЙ НЬ

Сайдын тушаалын дагуу тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдэд таван жилийн хугацаатай газар ашиглах эрх олгожээ. Хэрэв таван жилийн хугацаа дуусахад төр, засаг гэнэт газраа буцаан авмаар “санагдвал” яах вэ. Барилгуудыг буулгах уу гэдэг асуудал тулгарна. Үүнээс болж улсад ихээхэн хэмжээний дарамт учирна гэж холбогдох байгууллагынхан болгоомжилдог юм билээ. Өөрөөр хэлбэл, улс тухайн аж ахуйн нэгжийн гаргасан зардлыг нөхөн төлбөрт өгөхөөс “айдаг” учир дуугүй л барилгыг нь бариулдаг бололтой.

Нэг жишээ дурдъя. Яармагийн хөндийд дөрвөн компани зөвшөөрөлгүй, зөрчилтэй нийт 15 барилга барьсан нь саяхан илэрсэн. Гэтэл үүний эсрэг нийслэлээс авсан арга хэмжээ нь ердөө цахилгаан хязгаарлах. Бас зөрчлөө арилгах 20 хоногийн хугацаа өгч, өгөөмөр сэтгэл гаргав. Энэ хугацаанд шаардлагыг биелүүлчихвэл зөвшөөрлийг нь дуртайяа өгнө. Яагаад барилгынхныг ингэж даврааж байгааг нийслэлийн удирдлагаас лавлахад “Тэгээд нураах юм уу” гэж гайхсан.

Улс тусгай хамгаалалттай газраа гэрээний үндсэн дээр түр ашиглуулж байгаа. Тэгсэн хэрнээ тухайн аж ахуйн нэгж, иргэнд эзэмшүүлж, өмчлүүлсэн мэт буцаагаад авчихаж чадахгүй айж байгааг юу гэж ойлгох вэ. Төр газраа буцаан авч чаддаг, эсэхийг лавлахад Туул гол дагуу олгосон газрын эрхийг БОАЖЯ-наас шат дараатай цуцалж байгаа гэв. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 10-нд 46 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ. Мөн ойрын хугацаанд 100 аж ахуйн нэгж, иргэний газар ашиглах эрхийг цуцлахаар хяналт шалгалт, судалгаа хийж буй юм билээ. Барилга барьчихсан бол бөөн төлбөрт унах учир хоосон, ашиглаагүй газруудыг л үүнд хамруулжээ. Цуцлах шалтгаан нь газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй зэрэг аж.

Хэдийгээр яам ийм арга хэмжээ авдаг ч аж ахуйн нэгжүүд шүүхэд хандаж, эрхээ сэргээлгэдэг гэнэ. Бараг цуцалсан газар бүрийн эрх буцаад сэргэдэг гэдгийг тус яамны эх сурвалж хэлсэн. Яам газар ашиглуулах эрх олгодог ч бараг л буцааж авч чаддаггүй гэсэн үг.

МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ

Яармагийн хөндийн өдгөө дөнгөж барилгажиж эхэлж буй хэсэг нь хилийн цэсийн маргаантай буй гэнэ. Өөрөөр хэлбэл, Наадамчдын замын урд тал Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах уу, эсвэл нийслэлийн өмч үү гэдгийг хоёр тал шийдэж чадахгүй байна. Уг асуудлыг эцэслэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэлийн ЗДТГ хамтран ажлын хэсэг байгуулжээ. Хэрэв хилийн цэсийг эцэслэн тогтоовол шинээр барьж буй барилгуудын ихэнх нь тусгай хамгаалалттай бус, нийслэлийн газарт орох нь гэж хардах хүн цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, урьд нь тусгай хамгаалалттай гэгдэж байсан газрын зарим хэсгийг боловсон аргаар суурьшлын бүсэд шилжүүлж магадгүй нь.

Богдхан уулын дархан цаазат газрын зарим хэсгийг ямар нэгэн аргаар суурьшлын бүс болгох гэсэн оролцлого сүүлийн жилүүдэд байнга яригдаж ирсэн. Ялангуяа дархан цаазат гэж хэлэх аргагүй болсон Зайсангийн амыг яаж ийж байгаад хамгаалалтаас гаргах санаачилга салбарын яамны төлөвлөгөөнд хэдийн “орсон” гэхэд хилсдэхгүй. 42 000 орчим га талбайтай Богдхан уулын дархан цаазат газрын 6000 га нь суурьшилд эзлэгдсэн. Нэгэнт орон сууцны хотхон, хороолол сүндэрлэчихсэн газрыг тусгай хамгаалалтаас гаргах талаар өнгөрсөн оноос идэвхтэй хөндөх болсон. Тухайн үед яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Батсансар “Богдхан ууланд байгаа бүх байшин барилгыг нурааж, онгон дагшин болгож чадахгүй. Нуугаад яах вэ, дийлэхгүй. Тиймээс одоо хилийн цэсэд нь өөрчлөлт оруулъя гэж байгаа юм” хэмээсэн. Яг үүний адилаар Яармагийн хөндий орчмын хэсэг газрыг хилийн цэсийн маргаан нэрийн доор нийслэлд шилжүүлэх магадлалтай.

ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд Богдхан уулыг 1998 онд бүртгэсэн байдаг. Зөвхөн нэг улс орны төдийгүй нийт дэлхийн хэмжээнд хамгаалан үлдээх шаардлага бүхий газруудыг уг сүлжээнд хамруулдаг. Гэтэл ийм үнэ цэн бүхий газартаа манай улс барилга “чихчихлээ”. Эл завхралаа эс шийдэж чадах аваас Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэгийг “устгасан” шившгээ олон улсад дэлгэж, тусгай хамгаалалтыг нь цуцлахаас өөр аргагүй болох нь.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)