Хий эргэсэн жилүүд

Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосныг засаж залруулан, буцааж нэг шатлалд шилжүүлнэ. Эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, олон хүүхэд төрүүлсэн бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна. Мөн нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувь болгож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ч нэмнэ. Өмнөх зохицуулалтаар хувь хүний орлогын албан татвар илүү төлсөн иргэдийн мөнгийг буцааж олгоно” гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл Засгийн газрын 100 хоногийн тайлангийн гол сюрприз байв. 

Хэвлэлийн хурал дээр мэдэгдсэнийхээ маргааш (өчигдөр) Засгийн газар ээлжит бусаар хуралдан Хувь хүний орлогын албан татварын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж, үүнээс 2-3-хан цагийн дараа УИХ-ын даргад төслүүдээ өргөн барив. Тэтгэврийн насыг сонголттой, хувь хүний орлогын албан татварыг нэг шатлалтай болгох төслүүдийг УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэх гэнэ. Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу 10 хувь болгож, нэг шатлалд шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Дээрх төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх дээшлэх бөгөөд бизнесийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болно гэж Засгийн газар үзсэн гэнэ. Сайхан сонсогдож байгаа биз.

Хэмнэлт, хэмнэлт, бас дахин хэмнэлт, бүсээ чангалж байж л эдийн засгаа эрүүлжүүлж авахгүй бол болохоо байлаа гэх хоёр жил шахмын тархи угаалтад итгэж, хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр гарцгүй гэж бодож байсан хүмүүст У.Хүрэлсүхийн уян зөөлөн шийдвэр үнэхээр сюрприз болсон байх. Олон нийт У.Хүрэлсүхийн Засгийн газар зоримог шийдвэр гарган, хурдтай ажиллаж буйг магтан алга ташиж эхлэв. Гэвч нөгөө талаас нь харвал энэ нь тэгтлээ баярлахаар зүйл мөн бил үү. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонх болж, засгийн эрх авснаас хойш хийсэн реформ, шинэчлэл гэж ярьж байсан бүхнээ буцаагаад хуучин хэвэнд нь оруулчихлаа шүү дээ. Төрийн албаны асар их цаг зав, хүчин чармайлт зарж хийсэн ажлыг хоёр жилийн өмнөх үе рүү буцаачихлаа. Хэчнээн их цаг хугацаа зарцуулан, нийгмээрээ хэлэлцүүлэг өрнүүлж, эсэргүүцэл бухимдал үүсгэн байж хийсэн ажил билээ дээ.

Энд би үгүйсгэн буцааж буй өмнөх Засгийн газрын бодлого шийдвэрүүдийн зөв, буруугийн тухай биш, төр, засгийн санаж сэдэж эхлүүлсэн ажил үр өгөөжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, урт настай байх тухай хөндөж байна. Тухайн үед долоон төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасахад тохиромжгүй арга хэмжээ авлаа, данхар төрийн алба, тансаг хэрэглээндээ хязгаарлалт хийгээгүй хэрнээ иргэдийн нуруунд хамаг ачааг үүрүүллээ, нэг далайлтаар шууд долоон төрлийн татвар нэмэх нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд асар хүндээр тусна гэсэн шүүмжлэлийг хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт бишгүй л нэг хэлсэн, буруутгасан.

Тэгэхэд Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн шахалт шаардлагаар л татвар нэмсэн. Тус байгууллага зорилтот бүлэг рүүгээ нийгмийн халамжаа чиглүүл гэсний дагуу хүүхдийн мөнгийг 40 хувьд буюу эмзэг бүлгийнхэнд олгоно. Хүн амын цонх үе, ажиллах хүчин, Нийгмийн даатгалын сангийн ачаалал, дундаж наслалт гээд олон зүйлийг тооцож байж тэтгэврийн насыг нэмж байна. Одооноос бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019 оноос төсөв тэтгэврийн ачааллаа даахаа болино. Эх үүсвэргүй учраас л аргаа бараад ийм алхам хийлээ. Намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг хоёр сонголт тулгарахад улсаа нэгдүгээрт, намаа хоёрдугаарт тавьсан. Хэлэлцээр маш хүнд нөхцөлд явсан” гэж хэдэн арав дахин тайлбарлаж билээ. Эцэст нь, иргэд “Ингэхээс өөр аргагүй байсан бололтой. Засгийн газар эдийн засгийг эрүүлжүүлж, олон жил буруу явсан санхүүгийн тогтолцоог зөв голдиролд нь оруулахын тулд энэ бүхнийг хийж” гэсэн бүдэгдүүхэн итгэл үнэмшилтэй үлдсэн.

Гэтэл энэ их эргэлзээ тээнэгэлзээ, эсэргүүцэл бухимдлаа даван байж хүлээн зөвшөөрсөн шийдвэрүүдийг хэрэгжиж ч амжаагүй байхад нь, дараагийн Засгийн газар нь буцаачихлаа. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ажиллаагүй юм шиг, тэдний гаргасан тэр их хүчин чармайлт, хэрүүл тэмцэл, хэлэлцүүлэг өрнөөгүй мэт, гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ нь ул мөргүй боллоо.

Ганц энэ удаа ч биш, өмнөх Засгийн газрууд ч ингэж л ажилласан. Дунджаар хоёр жилийн настай Засгийн газар байгуулагдсанаас хойших эхний хэдэн сард ажилтайгаа танилцаж, бодлого чиглэлээ боловсруулаад, үлдсэн саруудад нь яаж огцрохгүй байх талаар бодсоор халаагаа өгдөг. Дараагийнх нь гарч ирээд өмнөхийнхөө хийсэн судалгаа, санаачилсан ажлыг өшиглөж орхиод, бүхнийг шинээр эхлүүлдэг. Ийм чөтгөрийн тойрогт Монгол Улс эргэлдсээр хайран цаг хугацаа, олон боломжоо алдаж буй тухай жирийн иргэдээс эхлээд эрдэмтэн мэргэд нь хэлж л байдаг. Улстөрчид харин үүнийг тоож сонсохгүй, өөрсдийнхөө дүрмээр тоглосоор. Монгол Улсад нэгдсэн бодлого, том зорилго, тодорхой чиг шугам байхгүй болсныг иргэд олж хараад, үүнийг бий болгох хүчирхэг төрийн зүтгэлтнийг иргэд хүсэмжилсээр, энэ л арай дээр юм уу гэсэн нь өмнөхөөсөө огт ялгаагүй нэгэн байхыг харж урам хугарсаар сар жилийг үдэж байна. Үр дүн нь өнөөгийн ядуу нийгэм, дорой улс, иргэддээ итгэл үнэмшил төрүүлдэггүй, хүндлэл хүлээдэггүй хүчгүй сулбагар төр.

Намууд төрийн эрх авах, улстөрчид нь дарга, сайд болохын төлөө үхэн хатан тэмцэх атлаа хүссэндээ хүрч, төр жолоодох болохоороо ямар ч бодлого, төлөвлөгөөгүй, юу хийх, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа дүр зураг тодорно. Эмчээр бол үйлчлүүлэгчийнхээ хаана, юу нь өвдсөнийг оношилж чадахгүй хэрнээ эмчилж чадна хэмээн зүтгэж, юунд нөлөөлдгийг нь мэдэхгүй эм, тариа туршин, энд тэнд нь мэс хүргэж, эрүүл эрхтнийг нь тасдаж, алдаа хийснээ ойлгоод буцааж оёж суугаа мэт. У.Хүрэлсүх ч ялгаагүй.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)