ХИЙЖҮҮЛЭЭГҮЙ Ч “ХОРТОЙ”

Та машиндаа хийх шатахуунаа хэрхэн сонгодог вэ. А80, АИ92, АИ98-ын аль нь илүү чанартай бол. “Гал алдаж” хээр суугаад, сумын шатахуун түгээх газраас машиндаа А80 хийхдээ тулж байсан уу. Тэгвэл танд ямар санагдах бол.

Ийм тохиолдолд ямар ч жолооч машины минь эд анги эвдрэх вий, хүч нь суларна даа гэх мэтээр сэтгэл зовних нь дамжиггүй. Тэр ч бүү хэл, Алтанбулаг хилийн боомтоор ОХУ руу нэвтэрсэн монголчууд машиныхаа “бөглөөсийг гаргана” гээд АИ98 хийж “тансаглаж” байхыг олонтаа харсан. Машин эвдэрдэг. Эвдрээд зогсохоор нь бид сэлбэгийг нь мөнгөөр авч, мөнгөөр засуулдаг. Хөл дүүжлэх унаагаа бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байлгахын тулд даатгал хүртэл хийлгэдэг.

Тэгвэл одоо та өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг машинтайгаа нэг зүйрлээд үзээрэй. Хүүхдэдээ ямар жүүс, ундаа, ус, хоол, хүнс өгвөл илүү аюулгүй баталгаатай гэж та боддог вэ. Монголчууд бид органик хүнс хэрэглэж чадаж байна уу. Хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор оруулж ирдэг болохоор Монгол Улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж шууд хэлэх үндэстэй.

Ийм нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо та юуг чухалчлан анхаардаг вэ. “Өнөөдөр” сонин “Хүнсний аюулгүй байдал”-ыг байнгын сэдвээ болгон, сүүн бүтээгдэхүүн, транс тосны нөлөөний тухай өмнө нь уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаа жүүс, ундаа, тэр дундаа эдгээрийг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийн тухай онцоллоо.

ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ ТҮҮХИЙ ЭД

Монголын исгэлтийн үйлдвэрлэлийн салбарт өндөр хэмийн боловсруулалттай, агаартай үл харьцах орчинд савлах “Тетрапак” болон нано шүүлт, хяналтын автомат удирдлага зэрэг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилт технологи нэвтэрч, импортыг орлох шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа таатай мэдээ бий. Өнгөрсөн жил дотоодын ундаа, шүүс, савласан усны үйлдвэрлэл 10.8 хувиар өссөн нь ч чихэнд чимэгтэй мэдээлэл.

Харамсалтай нь ундаа, жүүсний гол түүхий эд болох концентрац, сахар орлуулагч, өнгө, үнэр, амт оруулагчийг бүгдийг нь импортоор оруулж ирдэг учраас 100 хувь эх орны үйлдвэрлэл гэж хэлэхэд хэцүү.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Амгаланбаатарын ярьснаар Монгол Улс жүүс, ундааны түүхий эдээ ОХУ, БНХАУ, Малайзаас ихэвчлэн импортолж байгаа бөгөөд эрсдэл багатай бүтээгдэхүүн гэж үздэг учраас стандарт хангасан тухай бичиг баримтыг нь үндэслэн хилээр нэвтрүүлдэг гэлээ. Энэ тал дээр нарийн хяналт шалгалт хийж байгаагүй хэдий ч чацаргана, нэрсийг эс тооцвол Монголд органик ундаа нэг ч үгүй аж. Өдөр бүр шахуу хүүхдэдээ жимсний шүүс, ундаа авч өгдөг бидний хувьд энэ нь маш том эрсдэл юм.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторын мэргэжилтэн Э.Эрдэнэцогт “Энгийн хэрэглэгчийн хувьд дүгнэвэл, ОХУ-д үйлдвэрлэсэн шүүсний шошгон дээр ямар жимсийг

хэрхэн хатааж, яаж нунтаглаад юутай хольж ундаа бэлтгэснээ дэлгэрэнгүй бичсэн байдаг. Харин Монгол Улсад шошгоны шинэ стандарт саяхан нэвтэрсэн учраас үйлдвэрлэгч нар энэ тал дээр дутагдал гаргаж байна. Тухайлбал, савласан цэвэр усны шошгон дээр энгийн усанд байдаг найрлагыг л бичсэн байдаг. Илүү нарийвчилсан мэдээлэл байхгүй” гэж ярьсан юм.

Монголд үйлдвэрлэж байгаа жүүс болон ундаа, хүйтэн цайнд сахарын агууламж маш их байдаг учраас хийжүүлсэн ундаанаас дутуугүй “хортой” байж болохыг тэр сануулсан юм.

АМТЛАГ ЦАГААН “ҮХЭЛ”

Монголчууд өөх, давс, сахарыг гурван цагаан хор гэж хэлдэг. Хоол судлаачид ч үүнтэй санал нэгддэг учраас “амтлаг цагаан үхэл” хэмээх шинэ нэршлийг хэрэглэх болжээ. Хийжүүлсэн ундааны 90 хувь нь хийжүүлсэн ус, бусад нь шингэрүүлсэн сахар, фосфорын хүчил, кофейн зэрэг байдаг. Ходоод, гэдэс болон улаан хоолойг өвчлүүлэх боломжтой эдгээр нэгдлийг агуулсан хийжүүлсэн ундааг хортой, аюултай гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч, эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс үүнээс татгалзаж байна.

Францын эрдэмтэд ундаанд агуулагдах сахарын хэмжээг хүмүүст энгийнээр ойлгуулахын тулд савласан бүтээгдэхүүнд хэдэн ширхэг ёотон ордгийг зургаар үзүүлжээ. 330 гр-ын лаазтай хийжүүлсэн ундаанд зургаан ширхэг ёотонг шингэлж хийсэнтэй тэнцүү сахар агуулагддаг бол хэрэглэгчдийн өргөн хэрэглэдэг 500 гр-ын хүйтэн цай (ice tea)-нд 10 ширхэг ёотонтой тэнцэх чихэр бий.

Түүнчлэн сахар их хэмжээгээр хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил болохыг баталсан байдаг. Сахар нь салст бүрхүүл, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг. Нэг халбага сахар хүний дархлалын системийг дөрвөн цаг хүртэл хугацаанд 30 хувь бууруулдаг гэнэ.

“ХОРХОЙ ЦООРХОЙ ХОЁР”-ЫН НАЙЗ НЬ УНДАА

Шүдний эмч нар өдгөө үүнийг дуу нэгтэй хэлдэг болжээ. Сахар их хэмжээгээр агуулсан, хүнсний нэмэлт бодистой, өнгө, амт, үнэр оруулагч ашигласан ундаа, жүүс нь хүүхдийн шүд, буйлыг гэмтээдэг аж. Түүнчлэн шүдээ гүйцэд угааж сураагүй багачуудын амны хөндийд нян, бактер үржиж, үлдэгдэл сахараар хооллож байдаг.

Сүүлийн жилүүдэд шүд цоорох өвчин нэмэгдэх болсноор шүдний бүрхүүл хамгаалах наалт, түрхлэг хэрэглэж үзээгүй сургуулийн өмнөх насныхан ховордож байгаа.

Гэвч хийжүүлсэн ундаанаас дутуугүй хор хөнөөлтэй, ундаа, жүүсний тухай нарийвчилсан судалгаа хийж, нийгэмд анхааруулга өгсөн байгууллага өнөөг хүртэл нэг ч байхгүй нь харамсалтай.

 

ТАТГАЛЗВАЛ ЗОХИНО

Хийжүүлсэн ус. Удаан хадгалахын тулд усыг хийжүүлдэг. Нүүрсний хүчил бие махбодийн шингэн орчныг ээдүүлнэ. Удаан хугацааны турш хэрэглэхэд цус ч мөн ээдэх болно.

Хийжүүлсэн ундаа. Хийжүүлсэн ундаанууд маш хүчиллэг орчинтой (рН 2,5). Уусны дараа цус огцом хүчиллэгжиж, эритроцидууд гэмтэнэ. Ундааны найрлагад эрүүл мэндэд хортой, нимбэгийн хүчил, хиймэл амт оруулагч, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч, ортофосфорийн хүчил ордог.

Жүүс. Цэвэр жүүсийг дэлгүүрээс олох хэцүү. Эрүүл мэндэд тийм ч таатай бус нимбэгийн хүчлийг даршлагч болгон ашигласан учраас органик хүнс биш.

Эрдэсжүүлсэн ус. Ийм ус тогтмол хэрэглэх нь тохиромжгүй. Эмчилгээний чанартай тул эмчийн заавраар дэглэм сахиж хэрэглэдэг.

Амт оруулсан цай. Жимсний амтыг цайнд оруулахдаа эрүүл мэндэд аюултай химийн үнэрт охийг ашигладаг байна.

Түргэн уусагч кофе. Түргэн уусагч кофенд цэвэр кофетой төстэй зүйл юу ч байхгүй. Маш олон төрлийн химийн нэмэгдэл агуулдгаас гадна сахар орлуулагч хийсэн байдаг учраас хүчиллэг чанар нь нэмэгддэг.

Ж.СОЛОНГО


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)