Хийд хордсон иргэдийн бие тэнхэрч байна

Төв цэвэрлэх байгууламжийн тунгаах шахуургын станцад осол арсны улмаас 50-60 см хэмжээтэй лаг хуримтлагдсаныг хоргүйжүүлэх, зайлуулах ажил ид өрнөж байна. БХБЯ, НМХГ, НОБГ, УСУГ зэрэг мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсгийн ахлагч Ж.Батбаясгалан дээрх станцын үйл ажиллагааг 48 цагийн дотор хэвийн горимд оруулна хэмээн мэдэгдэв. Уг ослын улмаас найман ажилтан Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй. Тэдний биеийн байдал ямар байгааг эмчлэгч эмч Д.Оролзодоос тодрууллаа.

-Эмчлүүлэгчдийн биеийн байдал ямар байна вэ?

-25-55 насны нэг эмэгтэй, долоон эрэгтэй хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал дээрдэж, тогтворжлоо. Химийн холимог хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Мөн сэтгэл зүйн эмчилгээ хийж эхэлсэн. Хамт ажиллаж байсан хүмүүс нь нас барж, өөрсдөө хордсон тул их хямарсан. Тэдэнд толгой өвдөх, нүд бүрэлзэх, бөөлжих, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч буй.

-Химийн ямар бодист хордсон юм бэ?

-Олон найрлагатай хийд хордсон. Метан, хүхэр, нүүрс, хүчилтөрөгчийн исэлт нэгдэл. Тиймээс эмийн болон хүчилтөрөгчийн эмчилгээ хавсарч хийж байна. Хийд хордсон иргэдийн ухаан алдсан хугацаа бага учраас ирээдүйд хүндрэл гарахгүй болов уу. Гэхдээ эмчлэх явцад биед нь өөрчлөлт гарах, эсэхийг ажиглаж байна.

-Хордсон хүмүүсийг өчигдөр (уржигдар) хэдэн цагт авчирсан бэ?

-Эхний таван хүнийг 17.20 цагийн орчимд авчирна гэж мэдэгдсэний дагуу бэлтгэл ажил хийгээд хүлээсэн. Дараагийн гурван хүнийг 20.20 цагт хүлээн авч, яаралтай тусламж үзүүллээ.

Тус төвд хэвтэн эмчлүүлж буй 55 настай С.Энхжаргалын төрсөн дүүтэй цөөн хором ярилцлаа.

С.ОЮУНТУЯА: АХ МИНЬ ХОЁР ХҮН АВРААГҮЙ БОЛ АМИА АЛДАГСДЫН ТОО ЗУРГАА БОЛОХ БАЙВ

-Ослын талаарх мэдээллийг та бүхэнд хэн өгсөн бэ?

-Ах минь Төв цэвэрлэх байгууламжийн үндсэн ажилтан биш. Тус байгууллагад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гэрээгээр ажиллаж байсан мэргэжилтэн. Тэнд хүмүүс нас барсан тухай мэдээллийг зурагтаар үзээд ах руугаа ярьсан. Тэрбээр утсаа авсан боловч дуу нь сул сонсогдсон. Хүнд юм өргөөд байгаа ч юм шиг, нэг л сонин ээрч, гацаад “Би зүгээр” гээд л байсан. Харин дараа нь гар утас нь холбогдохоо больчихсон. Гэтэл эмнэлгээс “Ах тань хордчихлоо” гэж ярьсан. Нас өндөр гарсан аав минь энэ талаар мэдчих вий гэж эмээхдээ нуусан байх.

-Ах тань сэргээд юу гэж хэлсэн бэ?

-Ажлынхаа өрөөнд сууж байхад нь нэг эмэгтэй гүйж ирээд “Хүмүүс үхэх гээд байна, авраач” гээд орилсон юм билээ. Ах шууд ослын газарт очиж, бүсэлхийгээрээ олс ороогоод, доош бууж нэг хүнийг татаж гаргасан гэсэн. Лагийн хоолой задарчихсан, бохир шахагдаад, олгойдож байсан гэсэн. Тэвчихийн аргагүй үнэртэй байсан ч ах дахин доош бууж хоёр дахь хүнийг татаж гаргасан. Дахин нэгийг нь гаргах гэсэн боловч дийлдэхгүй байжээ. Тэгээд ахын толгой нь эргэсэн тул аргагүйн эрхэнд буцаж гарсан юм билээ. Дээш гараад хэд алхаад л ухаан алдаж буйгаа ойлгосон гэсэн. Хоёр хүнийг лагаас татаж гаргахад өөр нэг хүн хамт байж, тусалсан гэж ярьсан. Хэрэв ах минь хоёр хүнийг гаргаагүй бол нийт зургаан хүн амиа алдах байлаа. Гурав дахь хүнийг гаргаж чадаагүйдээ харамсаад байгаа, ах минь.

-Биеийн байдал нь ямар байна вэ?

-Ахыг хүү нь сахиж эмнэлэгт хоносон. Өчигдөр орой хүчилтөрөгчийн аппаратад оруулах байсан ч цаг алдаж, дөнгөж сая орууллаа. Чих, хамар хоолойн эмчийг өчигдрөөс хойш хүлээж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)