ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлажээ

Засгийн газрын долдугаар сарын 27-ны хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг түр томилсон. Тодруулбал, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль (нэг удаагийн хууль бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчилнэ)-ийн 3.2-т “УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Засгийн газраас зарим агентлагийн удирдлага, яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулалтгүйгээр буюу Төрийн албаны зөвлөлийн оролцоогүйгээр шууд томилсон юм. Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн “жинхэнэ” даргыг томилохоор болж, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ЗГХЭГ-аас Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Үүний дагуу тус зөвлөлөөс уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлан, баримт бичгийг өчигдөр 09.00-17.00 цагт хүлээн авав. Харин маргааш албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, эсэхийг нягтлан, хүсэлт гаргасан иргэдээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авах нь. Эрх зүй, олон улсын эрх зүй, төрийн удирдлагын чиглэлээрх мэргэжилтэй, тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан, төрийн албанд 16-гаас доошгүй жил ажилласан зэрэг шаардлагыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хангасан байх юм. Ташрамд дурдахад, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт дууссан бололтой. Тодруулбал, энэ сарын 4-нд уг шалгаруулалтад материалаа ирүүлсэн хүмүүсээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авсан юм.

Бэлтгэсэн: Б.Нандин 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)