ХБНГУ-аас Монгол Улсад шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах технологи хүлээлгэж өглөө

ХБНГУ-ын Засгийн газраас шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарт "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн менежер Б.Энх-Амгалан мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг танилцуулж, нийлүүлэгч "Би-Эм-Ди” компани дөрвөн жилийн турш баталгаат үйлчилгээг хариуцаж ажиллахыг мэдээлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” нь манай байгууллагатай олон жил хамтран ажиллаж байгаа. Өмнө нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн 2014” системийн сервер, сүлжээний тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн. Шүүхийг цахимжуулах, мэдээллийн технологийг үйлчилгээндээ ашиглах бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалах тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж байгаад баяртай байна” гэв.

"Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд хүлээлгэж өгсөн АНУ-ын "IMPERVA” брэндийн цогц төхөөрөмж нь мэдээллийн аюулгүй байдлын VII түвшний хамгаалалт бий болгодог бөгөөд олон улсын банк, үүрэн холбооны оператор компаниуд ашигладаг.

Өндөр хүчин чадал бүхий уг цогц төхөөрөмж нь Монгол Улсын шүүхийг цахимжуулах хөтөлбөрийн нэг чухал алхам бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын баталгаа болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)