Х.Баттулга, А.Гансүх нарын хэргээс 13.3 сая ам.доллар хаачсаныг хэллээ

А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа “Самсунг Си энд Ти” компанид 483 сая ам.долларын, “Чингис” бондоос санхүүжих тендерийг олгохоор шийдэж байв.

Дэлхийд алдартай “Самсунг”-ийн нэр барьсан хуурамч компанийн захирал, БНСУ-ын иргэн Ли Жон Гёлын өгсөн мэдүүлгүүд “Шинэ төмөр зам” төслөөс хэн, хэрхэн мөнгө завшсан хэргийг илчилж эхэлжээ.

Энэ хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын хуулийн зөвлөх А.Гансүх нар өнгөрсөн долоо хоногт хоёр удаа байцаалт өгсөн боловч гэм буруутай гэдгээ огт хүлээн зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл байна.

 

“Letter of acceptance” буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн захидлыг гэрээ хэмээн Засгийн газрыг хуурч, төсвөөс болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал нь залилан болж байна

 

Цагдаагийнхан доорх баримтыг эх сурвалжаа болгон эрэн хөөсний эцэст нотлох баримтуудыг хөдөлбөргүй цуглуулжээ.

2012 оны арваннэгдүгээр сарын 3. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарав.

Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа-худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан.

2013 оны дөрөвдүгээр сарын 12. “Шинэ төмөр зам” төслийн ажлыг эрчимжүүлэх талаар Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тогтоол гарч, Ухаахудаг-Гашуун-сухайт чиглэлийн 267 км төмөр замын гэрээний эрхийг шилжүүлэх чиглэл өгчээ.

Тухайн үед ТӨХ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар нь Х.Баттулга ажиллаж байлаа.

2013 оны тавдугаар сарын 6. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа “Самсунг Си энд Ти” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан, тус компанийг тендергүй сонгон шалгаруулж, мөнгө угаах боломжийг нээв.

Б.Батзаяа үүнийг хэнээс өгсөн чиглэлийн дагуу гүйцэлдүүлсэн болохыг тогтоохын тулд цагдаагийнхан тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Зам, тээврийн сайд А.Гансүх нарыг байцааж байгаа. “Та нар үүрэг өгсөн үү” гэсэн асуултад тэд “Үгүй” гэж мэдүүлсээр буй аж.

“Энержи Ресурс” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг аль хэдийнэ гэрээ байгуулагдсан мэтээр Засгийн газарт танилцуулан тогтоол гаргуулж, “Самсунг Си энд Ти” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчжээ.

“Letter of acceptance” буюу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн захидлыг гэрээ хэмээн Засгийн газрыг хуурч, төсвөөс болон Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан явдал нь залилан болж байна.

ХЭРХЭН ЗАВШСАН БЭ

“Энержи ресурс” ХХК 2011 онд “Говийн зам” нэртэй авто замыг өөрийн хөрөнгөөр барьж улсад хүлээлгэн өгсөн байдаг. Энэ ажлыг гүйцэтгэсэн үндэсний 10 компани тус бүрт “нүүлгэн шилжүүлэлтийн зардал” хэмээн нэг тэрбум төгрөг өгчээ.

Ингэхдээ 2012 онд баригдах төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд дахин хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ нь нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг хэмнэсэн үйлдэл байжээ.

Харин “Самсунг Си энд Ти” эрх шилжүүлэн авахдаа тэдний тохирсон 10 компани дээр нэмж гурван компанитай гэрээ байгуулсан байна.

Энэ нь “Транском” ХХК буюу “Хэт”-ийн охин компани, “Шинэ халхын төмөр зам” ХХК, “Повер ложистик” юм.

Эдгээр 13 компанийн “Самсунг Си энд Ти” компанитай хийсэн ул шорооны ажлын гэрээний дүнг 65 сая ам.доллар буюу 137 тэрбум төгрөгөөр тооцсон бол харин “Монголын төмөр зам” ТӨХК “Самсунг Си энд Ти” компанид ул шорооны ажлын нийт зардалд 119 сая ам.долларыг шилжүүлсэн байдаг.

Үнийн дүнгээс илүүдэж зөрсөн бүх мөнгийг “Самсунг Си энд Ти” ашиг болгон авчээ. 119 сая ам.долларын гэрээний задаргааг харвал 14.8 сая ам.долларыг “нүүлгэн шилжүүлэлтийн зардал” хэмээн тусгасан байна.

“Самсунг Си энд Ти” ”Энержи ресурс”-тэй, “Самсунг Си энд Ти” “Монголын төмөр зам” ТӨХК-тай хийсэн гэрээнүүдийн үнийн дүнгийн харьцуулалт. Энэ баримтыг цагдаагийнхан хуурамч байх магадлалтай хэмээн үзэж буй аж.

“Энержи ресурс” компанийн уг асуудлыг эрхэлсэн албан тушаалтанд дарамт учруулж үйлдүүлсэн гэж таамаглажээ. Учир нь “Энержи ресурс”-ийн 119 сая ам.долларын гэрээний задаргаа дотор нүүлгэн шилжүүлэлтийн 14.8 сая ам.доллар мөн багтсан байна.

Гэтэл тус компани ул шорооны ажил гүйцэтгэх 10 компанийг гурван жилийн өмнө нүүлгэн шилжүүлж, зардлыг нь ч шилжүүлсэн байв.

Гэтэл 13 компанийн сүүлд нэмэгдсэн гурван компанид л 1.5 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтийн зардал

гэж өгсөн байдаг аж. Нэгэнт нүүн очоод байсан 10 компанид мөнгө өгөөгүйг нь цагдаагийнхан тогтоогоод байна. Ингээд 13.3 сая ам.долларыг нүүлгэн шилжүүлэлтээс шамшигдуулан завшсанаа “Самсунг Си энд Ти”-гийн захирал Ли Жон Гёл хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ.

Тэд ул шорооны ажлаас нийт 54 сая ам.долларын “ашигтай ажилласан” байх бөгөөд одоогийн байдлаар 54 сая ам.доллараас 13.3 сая нь л ямархуу замаар “даший шог” болсон нь тодорхой болов.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, тус компанийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ, Монголд хэний ч үл танил солонгос эр Ли Жон Гёл гурав хамжаад ч 13.3 сая ам.доллар залилах эрх мэдэл, албан тушаал, улс төрийн дэмжлэггүй нь тодорхой.

Үүнийг зөвхөн салбар хариуцсан сайдууд, шийдвэр гаргаж чадах дарга нар л хийж чадах учир Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Зам, тээврийн сайд асан А.Гансүх нараас нотлох баримтуудын дагуу мэдүүлэг авч, шалгаж байна.

Б.ЖАРГАЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)