Хаясан “түүхий эдээ” хэзээ ашиглах вэ

Улаанчулуут дахь барилгын хог хаягдал 2020.03.11

“Хог хаягдал бол байх ёстой газартаа очоогүй түүхий эд” гэсэн үг байдаг. Ялангуяа барилгын хогноос хаях зүйл үгүй, бүхэлдээ хоёрдогч түүхий эд болдог аж. Жишээ нь, Нидерланд, Япон, АНУ зэрэг улс буулгасан барилгынхаа хаягдлын 80-90 хувийг дахин боловсруулж ашигладаг. Бас нэг онцлох зүйл нь тэдгээр оронд хог боловсруулах нь барилга барихаас ч ашигтай бизнес гэнэ. Харин манай улс барилгын хог хаягдлаа боловсруулж, дахин ашиглаж чаддаггүй. Ашиглах нь битгий хэл хаа хамаагүй хаяж, байгаль орчин бохирдуулагч гол эх үүсвэрүүдийн нэг болгосон.

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар нэг сая тонн хог гардаг гэсэн тойм тоо байдаг. Үүний 500 000 тонныг нь Улаанбаатарын иргэд, үлдсэнийг нь орон нутгийнхан “үйлдвэрлэдэг” аж. Тэр дундаа нийслэлийн хог хаягдлыг 70 гаруй хувь нь ахуйн хэрэглээнийх, 20 гаруй нь барилгынх, нэг гаруй хувь нь химийнх гэх. Үүнд үндэслэн Улаанбаатарт жилд ойролцоогоор барилгын 100 000 тонн хог гардаг гэж албаныхан өөрсдөө хүртэл “таамагладаг” билээ. Тэдгээрийн зарим нь хогийн цэгт, нэг хэсэг нь Туул голын эрэг дагуу буюу өөрөөр хэлбэл, эзгүй газарт “очдог”. Таамагладаг хэмээсний учир нь энэ талаарх нарийн тооцоо, судалгаа манайд одоогоор алга.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй, орон сууцын 234 барилга Улаанбаатарт бий гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Үүний дагуу зарим барилгыг буулгаж, дахин төлөвлөх ажил өрнөж байна. Түүнчлэн цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга шаардлага хангахгүй тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд зайлшгүй нураан, шинээр барих шаардлагатай болсон. Тэдгээрийн 70 гаруй хувийг нь одоогоор шинэчилсэн юм билээ. Үүний зэрэгцээ үзвэр үйлчилгээ, олон нийтийн, эмнэлгийн гээд шаардлага хангахгүй олон барилга бий. Саяхан л гэхэд Байгалийн түүхийн музейн барилгыг буулгасан. Хаягдал мэдээж хогийн цэгт л очиж байна.

Эл хэрэгцээ, шаардлагад үндэслэн хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр Улаанбаатарт барих сураг сонсогдов. Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн хүрээнд ийм үйлдвэр барих болсон аж. Морингийн даваанд ирэх дөрөвдүгээр сараас үйлдвэрийг барьж эхлэх бөгөөд 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэнэ.

Уг нь төр, засгаас энэ мэтээр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, дахин боловсруулах үйлдвэр барих олон төсөл, төлөвлөгөө боловсруулдаг ч өдий хүртэл хэрэгжүүлсэн нь бараг үгүй. Дээрх үйлдвэр тэдний адил “салхинд хийсэхгүй” гэж найдъя.

Бэлтгэсэн: М.Оч

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Барилгын хаягдал балгас болсоор

Манай улсад 7685 га талбайг хамарсан 390 хогийн цэг бий. Энэ цэгүүдэд жилд дунджаар 3-4 сая тн хог цуглардгийн 90 орчим хувийг төвлөрсөн цэгт булж, 10 гаруйг нь дахин боловсруулдаг. Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж, дахин төлөвлөлтийн олон төсөл нийслэлд хэрэгжиж буй нь барилгын хог хаягдлын хэмжээг ихэсгэхэд хүргэжээ. Манайх жилд дунджаар 100 мянган тонн барилгын хаягдал гаргадаг боловч энэ төрлийн хог хаях төвлөрсөн цэггүй. Хэдэн жилийн өмнө Туул голын бургас, хөл хөдөлгөөн багатай хотын захын дүүргүүдэд барилгын хог хаягдал тав алхаад л таардаг байв. Харин өдгөө эдгээр газруудад бус, төвлөрсөн цэгт хаях болжээ. Энэ нь нэг талаараа сайн хэрэг боловч, алсын хараагүй, бодлогогүй шийдэл гээд хатуухан хэлмээр санагдав. Аливаа хог хаягдлыг ангилан ялгаснаар дахин боловсруулах боломж бүрддэг. Харамсалтай нь, барилга угсрах болон нураасны дараа үүссэн хаягдлаа Улаанчулуут, Цагаан даваа, Морингийн даваанд аваачдаг. Нийслэлчүүд барилгын хог хаягдлаасаа хэрхэн “салж” буй талаар сурвалжлахаар “Их нарангийн дэнж” буюу бидний хэлж заншсанаар Улаанчулуутын хогийн цэгийг зорив. Энд нийслэлийн зургаан дүүргийн хогийг авчирж “булшилдаг” юм.

Хаврын салхинд үнс, цемент бужигнан нүд рүү орж, хоолой хорсгох нь энүүхэнд. Хаа сайгүй гал асааж, хуучин дугуй, цаасан хайрцаг шатааснаас болж хар утаагаар амьсгалахаас өөр аргагүй болсон Улаанчулуутын хогийн цэгт машины цуваа тасрахгүй үргэлжилнэ. Энэ цэгээс 300 орчим хүн, 50 гаруй хүүхэд хог түүж амьжиргаагаа залгуулдаг. Хамгийн эхэнд таарсан 10 гаруй насны хүүгээс барилгын хог хаягдлын талбай хаана байдгийг асуухад “Хаа сайгүй л байгаа. Хогийг энд ангилж хаядаггүй” гэв. Энэ цэгт ирсэн барилгын материалын хаягдлыг тусад нь ялгалгүй ахуйн болон, аж, ахуйн нэгжүүдийн үүсгэсэн энгийн хогтой нийлүүлдэг аж. Энэ төрлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр байхгүй ч хэзээ нэгэн цагт баригдвал боловсруулалтад шууд ашиглахаар ангилан ялгаж хаясан бол тустай сан. Бүтэн тоосго, арматур төмөр, дулаалгын хөөсөнцөр гээд тэнд ашиглаж болохоор олон зүйл харагдана билээ. Өндөр хөгжилтэй орнууд барилгын хаягдлаа бүгдийг нь дахин боловсруулж байгаа. Харин манайхан түүхий эд болгон нөөцлөхийн оронд байгаль дэлхийгээ бохирдуулсаар буй нь харамсалтай. Жишээлбэл, хөгжингүй орнууд гөлтгөнөн хавтангийн хаягдлыг боловсруулж эргүүлэн ашигладаг болсон нь барилгын материалын болон газар тариалан эрхлэгчдийн сонирхлыг татаж буй. Уг хавтанг буталж боловсруулаад дахин бэхжих чадвартай гөлтгөнөн барьцалдуулагч, газрын хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, элэгдэл, эвдрэлийг багасгах бордоо болгон ашигладаг гэнэ. Мөн хуучин барилгыг нурааснаас үүсэх бетоны хаягдлыг ялган, дүүргэгч материал болгож, ашигладаг. Уг нь манай улс барилгын материал дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орох өдөрт бэлтгэж түүхий эдээ эртнээс нөөцөлбөл сайн сан.

Сүүлийн жилүүдэд хот төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, хуучин барилгуудыг нураах болсноор энэ төрлийн хог хаягдал эрс нэмэгдэх болсон талаар Хот тохижилтын газрын Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн албаны дарга М.Пүрэвдорж хэлэв. Тэрбээр, “Өвөл барилгын ажил бараг хийдэггүй. Харин дулааны улиралд манай цэгт ирдэг нийт хаягдлын 40 орчим хувийг барилгын хог эзэлдэг. Дахин боловсруулах үйлдвэр байхгүй учир шууд л “булшилдаг” даа. Улаанчулуут дахь цэгт барилгын хог хаягдлаа хаях гэрээ байгуулсан 60 гаруй байгууллага бий. Эдгээр байгууллагууд хаясан нэг тн хог тутамдаа 2220 төгрөгийн татвар төлдөг. ТҮК-ийнхан төлбөр төлдөггүй, мөн гэрээ хийсэн байгууллагуудаас гадна өөр олон аж ахуйн нэгж энд хог хаядаг” гэв. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сараас эхлээд балгас болсон барилгын хог Улаанчулуутыг дүүргэх нь.

Барилгын материалын хог хаягдлыг гар аргаар дахин боловсруулагч нь дээр дурдсан 300 гаруй хүн. Тэд мод, төмөр, тоосго, блок, хөөсөнцөр гээд хэрэглэж болохыг нь түүж, ченжүүдэд тушаадаг. Хуванцар савнаас гадна тэдний мөнгө олох гол материал нь энэ аж. Хүнд, олноор нь цуглуулж хуванцар сав шиг үүрч явахад хэцүү тул тушааж болох бүгдийг нь түүдэггүй гэнэ. Нуранги болон барилгын хаягдлын 40-50 хувь нь шороо (бетон, асфальт, тоосго, блок), 20-30 хувь нь мод (модон суурь, бэлтгэсэн мод, янз бүрийн хүрээ, боловсруулсан болон дээврийн банз), мөн хэмжээнийх нь холимог хаягдал (будсан эсвэл бохирдсон мод, металл, давирхай, шохой, шил, дулаан тусгаарлах, сантехникийн ба дулааны цахилгааны материалууд) эзэлдэг аж. Тиймээс дээрх иргэд барилгын хог хаягдлын 10 хүрэхгүй хувийг түүж, тушаадаг болж таарах нь.

Энэ төрлийн хог хаягдлыг бууруулах хэд хэдэн арга бий. Барилгын ажлыг эхлүүлэхдээ хаягдлын хэмжээг багасгахын тулд материалыг хэмнэлттэй, анхааралтай, тооцоотой, зохион байгуулалттай зарцуулснаар хаягдах материалын хэмжээг бууруулах боломжтой. Мөн мод, фаниар, асфальтан материал буюу хар цаас, тусгаарлагч, будаг, халаалтын материал, агааржуулах хоолой, эвдэрсэн бетон блок, тоосго зэргийг дүүргэгч материал болгон ашиглах хэрэгтэй. Гэвч дээрх түүхий эдүүд Улаанчулуутын хогийн цэгт хэнд ч хэрэггүй, байгаль дэлхийг бохирдуулаад “хэвтэж” байна.

Манай улсад барилгынхаас гадна зарим төрлийн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр огт байдаггүй. Тухайлбал, шил, хуучин гутал, хувцас, даавуун эдлэл, малын гаралтай зарим бүтээгдэхүүн, цахилгаан барааны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Тиймээс эдгээр хаягдлыг боловсруулах томоохон үйлдвэрүүд манайд ус, агаар мэт хэрэгтэй санагдана.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

А.ЭНХТҮВШИН: Морингийн даваа орчимд барилгын хог хаягдал буталж, ангилах үйлдвэр ашиглалтад оруулна

Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч А.Энхтүвшингээс барилгын хог хаядлыг хэрхэн зайлуулдаг болон ямар арга, техник ашигладаг, хэр хэмжээтэй хог хаягдал гардаг талаар тодрууллаа.

-Сүүлийн 10 жилд манай улсад барилгажилт эрчимтэй өрнөсөн. Үүнтэй холбоотойгоор их хэмжээний хог гарч, энд тэнд, хотоос зайдуу, эзгүй газарт хаях нь ихэссэн. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Барилга угсралт болон буулгалтын ажлын ихэнхийг жижиг, дунд компани, эсвэл туслан гүйцэтгэгчид хийдэг. Манай улсад хог хаягдлын тогтвортой менежмент байхгүй шахам, хяналт сул, техник, тоног төхөөрөмжийн чадал, бололцоо муугаас барилгын хог хаягдал асуудал дагуулсан хэвээр байгаа. Мөн ашиглалтын хугацаа нь дууссан барилгыг буулгах, хог хаягдлыг нь дахин боловсруулах, ашиглах тухай хууль тогтоомжгүй тул Барилгын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг салбарын сайд энэ онд баталсан. Үүний хүрээнд хог хаягдал үүсгэгч иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгосон. Хэрэгжилтийг нь тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын алба нь хариуцна. Үүнээс гадна барилгын хог хаягдлын хэмжээ ихсэж байгаа ч тухайн салбарт шинэ техник, технологи нэвтрүүлснээр барилгаас гарах хог хаягдлын төрөл өөрчлөгдөж, зарим төрлийнх нь хэмжээ багассан. Тухайлбал, бүрэн цутгамал технологиор байшингийн үндсэн каркасыг хийн, бетон зуурмаг, бетон хийцийг төвлөрсөн үйлдвэрүүдэд бэлтгэж, зөөврийн хутгагч машинаар зөөж, шахуургаар цутгаж байна. Энэ нь ажлын талбайд бетон зуурахыг халж, барилга угсралтын явцад барилгын орчинд үүсэх элс, хайрга, бетоны хаягдлын хэмжээг бууруулсан.

-Сүүлийн 3-5 жилд хэдэн га талбайг чөлөөлж, хичнээн барилга буулгаж, нураасан бэ. Хэр хэмжээний хог гарсан талаар тоо баримт бий юү?

-Хэдэн барилга, байгууламж буулгасан, хэр их хог гарсан талаарх тооцоо байхгүй. Энэ талаарх дүн шинжилгээ манай яаманд байдаггүй, үүнийг хариуцсан мэргэжилтэн ч байхгүй. Зарим аж ахуйн нэгж хуучныг буулган шинээр барихдаа хогийг нь тухайн газарт нь булчихдаг тохиолдол ч бий. Харин нэг ам метр талбайд ногдох барилгын дахин хэрэглэгдэхгүй хог хаягдлын нормативыг шинэчлэн баталсан. Үүнд нэг шоо метр талбайг буулгахад 1300 кг хог гарна гэж тооцсон.

-Барилгын хог хаягдлыг боловсруулахад салбарын яам ямар бодлого баримталж байна вэ. Дахин боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөө бий болов уу?

-Монгол Улсын хэмжээнд барилгаас гарч байгаа хогийг ил задгай, хаана ч хамаагүй хаяж, эсвэл газарт булах аргаар устгадаг байдлыг халах шаардлагын үүднээс баталсан журмын хэрэгжилтийг тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албад нь хариуцахыг дээр дурдсан. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Морингийн даваа орчмын төвлөрсөн хогийн цэгт, барилгын хог хаягдал буталж, ангилах үйлдвэр, энгийн хог хаягдал дарж булах ландфилын байгууламж барих төслийг нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж эхэлсэн, 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм билээ.

-Дахин боловсруулах буюу хаягдлаар нь барилгын материал хийдэг үйлдвэр байдаг уу?

-Манай улсад төмөр, шил, хуванцар, хөөсөн полистрол гэх мэт барилгын материалын хаягдлыг дахин боловсруулдаг 40 гаруй үйлдвэр байдаг. Мөн бетоны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгцээ шаардлага зайлшгүй бий. Иймээс бетоны хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг мөн л төвлөрсөн хогийн цэг орчимд байгуулах юм. Чех Улсын “Каритас Чех репаблик” олон улсын байгууллага болон ШУТИС хамтран бетоны хаягдлаас гарган авах бүтээгдэхүүнүүдийн талаарх туршилт, судалгааны ажил хийж байна.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хаягдлаар хийсэн бетоны өртөг 25 хувь хямд байдаг

Манай гарагт жил бүр барилгын хаягдлын хэмжээ 2.5 тэрбум тонноор нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг барилга буулгадаг компаниудыг нэгтгэсэн Европын холбооны (17 улстай хамтран ажиллаж, туршлага солилцдог) мэргэжилтнүүд хийжээ. Дэлхий даяар барилгын хаягдлыг дахин боловсруулах нь ашигтай салбарт тооцогддог. Европын орнууд болон Америкт хаягдал боловсруулах асуудлыг хэдийнээс улсын хэмжээнд шийдэж байна. Зарим улсад барилгын хаягдлын цэг үүсгэхийг эрс хориглодог. Америк, Канадад ийм цэг үүсгэдэг ч тээвэрлэх зардал нь дахин боловсруулахаас өртгөөс үлэмж өндөр гэнэ. Олон улсад барилгын материалын 50 орчим хувийг дахин боловсруулсан хаягдлаар үйлдвэрлэж байна. Дани, Нидерланд, Швед зэрэг улсад боловсруулах ажиллагаа өндөр түвшинд хүрч, хаягдлынхаа 90 гаруй хувийг дахин ашигладаг.

Хоёрдагч түүхий эд барилгын бүрэн хэмжээний материал биш, үнэ хямд, хэрэглэх салбар хязгаарлагдмал ч хуучин бетон, шил, тоосго, хуванцрыг янз бүрийн аргаар дахин боловсруулаад, ашигласаар байна. Москвад барилга буулгах, дахин боловсруулахтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг 500 орчим үйлдвэр бий гэнэ. Тэдний туршлагаас үзвэл бетоны бутархайг үйлдвэрлэлд ашигласнаар эрчим хүч их бага зарцуулдаг учраас байгалийн чулуунаас үлэмж хямд тусдаг төдийгүй бетоны өртөг 25 хувиар буурч, чанарын үзүүлэлт нь ч шаардлага хангадаг аж. Бетоныг дахин боловсруулснаар барилгын хаягдлын 80 хүртэл хувийг ашиглах боломж олгодог гэнэ. Британид байгалийн баялгийг хамгаалах, дахин боловсруулах ажлыг дэмжихийн тулд байгалийн түүхий эдийн тонн тутмаас 1.6 фунт стерлингийн татвар авдаг. Японд барилгын хаягдлаар ханын цаас, шилэн хөвөн, дүүжин тааз, өнгөлгөөний плита зэрэг тусгаарлах материал үйлдвэрлэхийн сацуу хиймэл арал байгуулж байна. Өдгөө Нагоя, Осака хотын ойролцоо байгуулсан арлуудад олон улсын нисэх буудал бий болжээ. Ийм арлуудаа энэ зуны олимпын наадамдаа ашиглаж буй. Мөн дахин боловсруулсан шилээр хурдны зам тавьж байна.

Сингапурт барилгын хаягдлыг тусгай блок болгож шахаад, үүгээрээ тухайлбал, Семакау гэдэг шинэ арал байгуулж, газар нутгаа тэлжээ. Шведэд шатааж болох хаягдал боловсруулах 32 цахилгаан станц байгуулсан нь хөрш орнуудад нь ашигтай байгаа гэнэ. Хятадад барилгын материал, дээд зэрэглэлийнхээс дутахааргүй замын тусгай хучлага үйлдвэрлэхэд ахуйн болон барилгын хаягдал ашиглах тэргүүлэх технологи боловсруулсан аж.

Бэлтгэсэн: З.Гал

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Барилгын хог хаягдал хэр их гарч байна, тэдгээрийг хаашаа аваачдаг вэ?

У.ӨЛЗИЙЦЭЦЭГ (МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын байгаль орчны ахлах байцаагч)

-Хог хаягдлын тухай хуулийг дагалдуулан гаргах барилгын хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журмыг одоо хүртэл батлаагүй. Энэ нь тухайн хог хаягдалд хяналт тавихад хүндрэл учруулж буй. Барилгын салбараас гардаг асбест, хар тугалга зэрэг нь аюултай бөгөөд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Манай улсад аюултай хог хаягдал устгах байгууламж байхгүй. Эл байгууламжийг барих газрын асуудлыг шийдээгүй учир барилгын хог хаягдлыг зориулалтын бус газарт, зарим нь байгальд шууд хаях гэх мэт зөрчил гарч байна.

Н.ҮҮРИЙНЦОЛМОН (Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төслийн менежер)

-Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Каритас Чех репаблик” олон улсын байгууллага, Нидерландын Делфтийн технологийн их сургууль хамтран 2016-2020 оны хооронд Европын Холбооны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлж байна. Бидний хийсэн судалгаагаар нийт хог хаягдлын 20 хувийг барилгынх эзэлдэг гэсэн тооцоо гарсан. Барилгын компаниуд гарсан хаягдлыг хогийн төвлөрсөн цэгүүдэд хаядаг. Зарим компани Туул голын эрэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг зэрэг газарт хаях тохиолдол бий. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах практик Монголд хөгжөөгүй болохоор тэдгээрийг ашигладаг үйлдвэр байхгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд тухайн чиглэлийн барилгын салбарын Жижиг дунд үйлдвэрүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн ШУТИС-тай хамтраад барилгын хог хаягдлыг дахин боловсруулах лабораторийн туршилт, судалгаа хийж буй юм.

Д.ОТГОНБАЯР (“Грийн ресурс констракшн” ХХК-ийн ерөнхий инженер)

- Жилд хэдэн барилга хариуцан ажиллаж байгаагаас шалтгаалан өөр өөр хэмжээтэй хог хаягдал гаргадаг юм. Дунджаар 20-30 тн-ыг Цагаан даваа, Нарангийн энгэрийн хогийн цэг рүү зөөдөг. Ер нь байдрлалаасаа шалтгаалаад аль ойрхон цэгт аваачиж хаядаг. Заримдаа Дүүргийн тохижилт үйлчилгээний газрынханд дуудлага өгч ачуулдаг.

Б.ЭРДЭНЭБАЯР (Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн)

-Одоогоор барилгын хог хаягдлыг Улаанчулуут, Цагаан даваа зэрэг хогийн цэгт аваачиж хаяж байгаа. Барилгын хог ачуулахаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас жилд 20 гаруй дуудлага ирдэг. Дунджаар 50 тонн хог зөөдөг юм. Харин гудамж талбайд зөвшөөрөлгүй овоолсон зөрчил 2-3 бүртгэгддэг. Энэ оны байдлаар манай дүүрэгт барилгын хог ачуулах нэг ч дуудлага ирээгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)