Хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах нь нэмэгджээ

хог хаягдал

Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, үүнийг дэмжсэн хууль батлах замаар хэд хэдэн улсын гаргаж байгаа хүчин чармайлт өргөжин тэлж буй үед био эрчим хүч тухайлбал, органик хаягдлыг дахин боловсруулах арга их дэмжлэг хүлээх болсон. Эрх баригчдын чармайлт эл салбарт, түүний дотор эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болох био хийг хүчилтөрөгчгүй орчинд хог дахин боловсруулах аргаар гаргаж авахад оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдэхэд хүргэжээ.

“Financial times”-т бичсэнээр хөрөнгө оруулагчид хогонд, тодруулбал, органик хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч гарган авахад дахин анхаарах болов. Био эрчим хүчийг 2000-аад оны дундуур нефтийн үнэ өссөн үед хөрөнгө оруулагчид ихээхэн дэмжиж, тухайн оны эцсээр газрын тосны ханш унахад дагаад сонирхол нь буурсан байдаг. Харин өдгөө дахин сонирхож эхэлсэн нь нефтийн үнэ өссөнтэй бус, ногоон эрчим хүч трэнд болж, байгаль орчныг бохирдуулж, хэмжээ нь ихэссээр буй хог хаягдалтай тэмцэх гэсэн шийдвэр гаргагчдын оролдлогын ач юм. Эрчим хүчний сэргээгдэх эх үүсгүүр ашиглах, тэр дундаа хог дахин боловсруулахыг дэмжсэн хууль хэд хэдэн улс баталжээ.

“Миний санаж буйгаар хог хаягдлыг дахин боловсруулсан түүхэнд 2019 он хамгийн шилдгээр бүртгэгдэнэ” гэж АНУ-ын Мичиганы их сургуулийн Битүү аргаар дахин боловсруулах судалгааны төвийн тэргүүн Дана Кирк ярьж байна. Түүний тооцоолсноор энэ жил ийм 50-100 төсөл хэрэгжүүлэх аж. Өнгөрсөн удаа эрчим хүч гаргаж авах тийм арга нефтийн үнэ өссөн 2007-2008 онд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан. Тэр үед эдийн засгийн ашиг нь тийм ч өндөр байгаагүйг Д.Кирк тэмдэглэв. Харин одоо хөрөнгө оруулалтын хоёр дахь, огт өөр далайцтай давлагааг ажиглаж байгаагаа тэрбээр дурджээ. Ийм аргаар эрчим хүч гаргаж авахад агаар мандалд нүүрстөрөгч хамаагүй бага ялгардаг, хорт хийтэй тэмцэхэд илүү ирээдүйтэй хувилбар аж.

2045 он гэхэд Калифорни муж улс эрчим хүчээ 100 хувь нүүрстөрөгчгүй эх үүсгүүрт тулгуурлан боловсруулах хуулийн төсөл эрх баригчид нь өнгөрсөн онд баталжээ. Эл хуульд 2050 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээг 1990 оны түвшнээс 80 хувиар бууруулахаар тусгасан байна. Энэ жил тус муж улсад нүүрстөрөгчийн квотын үнэ дээд амжилт тогтоохоор хэмжээнд хүрч өсжээ. Тэрчлэн 2019 онд Мэрилэнд, Нью-Жерси, Нью-Йорк муж улсад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани, ресторан, дэлгүүрийн хаягдлын тал хувийг дахин боловсруулахыг шаардсан хуулиуд баталсан. 2050 он гэхэд хүлэмжийн хийн хэмжээг тэглэх зорилго тавьснаа зургадугаар сарын эхээр Британийн эрх баригчид мэдэгдсэн бол үүнээс хэдхэн долоо хоногийн дараа ийм хуулийг Францын парламент батлав. 

Европын Холбооны эрх баригчид ч хог хаягдалтай тэмцэхэд чиглэсэн хуультай болсон байна. Тухайлбал, 2020 он гэхэд автомашинуудыг байгаль орчинд ээлтэй байх илүү хатуу шаардлага үйлчилж эхэлнэ. Тийм хуулиуд баталсан нь компаниудыг эрчим хүчний шинэ үүсгүүрүүд илүүтэй сонирхоход түлхэц болж буй. Тухайлбал, Америкийн ложистикийн UPS компани өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэхдээ 2026 он гэхэд 643 мянга шоо метр био хий худалдаж авна гэсэн нь ийм хамгийн том захиалга болжээ. “Research nester” компанийн таамагласнаар хаягдлыг эрчим хүч болгох зах зээлийн ашиг 2027 он гэхэд 45 тэрбум долларт хүрч, жилд дурджаар 8.7 хувиар өсөх аж.

Олон улсын эрчим хүчний агентлагийн үзэж буйгаар био эрчим хүчний салбарын үйлдвэрлэж буй цахилгааны хэмжээ өнгөрсөн онд цагт 592.2 тераватт, 2030 он гэхэд цагт 1168 тераватт болж өсөх гэнэ. Ийм төслүүд Европт онцгой түгээмэл байна.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн хөрөнгө оруулалтын “Newlight partners” сан битүү аргаар боловсруулдаг “Bioenergy DevCo” компанид 106 сая долларын хөрөнгө оруулжээ. Урьд нь энэ онд тус компани Италийн “BTS biogas”-ыг худалдан авсан. Энэ нь Европт 200 орчим үйлдвэртэй, Италийн био эрчим хүчний хамгийн том компани юм. Долдугаар сард Саудын Арабын “Alfanar group” Британийн хогийг эрчим хүч болгох зургаан төсөлд 1.22 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Дөрөвдүгээр сард Энэтхэгийн үндэстэн дамнасан “Tata” компанийн химийн “Tata chemicals Europe” салбар Европдоо хамгийн том нь болох, Британийн Нортвич хот дахь хогийг эрчим хүч болгох үйлдвэрт 584 сая долларын хөрөнгө оруулсан гэнэ.

Ийм төслүүд Европ, АНУ-аас гадна өөр оронд ч хэрэгжиж байна. Хог хаягдал үйлдвэрлэлээр 2004 оноос тэргүүлэгч болсон Хятад улс сүүлийн жилүүдэд эл асуудалд илүү их анхаарал тавих болжээ. Үнэндээ хятадууд хогийг эрчим хүч болгохдоо байгальд орчинд тийм ч таатай бус буюу шатаах арга хэрэглэдэг. Одоо Шэньжэньд тийм аргаар хог дахин боловсруулах үйлдвэр барьж байна. Энэ нь өдөрт 5000 тонн хог хаягдал боловсруулах үзүүлэлтээр дэлхийд хамгийн томд тооцогдоно. Битүү аргаар хог боловсруулдаг 50 орчим үйлдвэр өдгөө тус улсад үйл ажиллагаа явуулж буй. Зургадугаар сард Энэтхэгийн Дели хотын метроны оператор “Delhi metro rail corporation” компани улсдаа анхны, хогийг эрчим хүч болгох төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)