Хашрууд халаагаа өгөх болоогүй

Самбо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 25, байлдааны самбо бөхийн 12 дахь удаагийн энэ оны УАШТ Спортын төв ордонд өнгөрсөн баасан гарагт эхлэв. Тэмцээнд 27 байгууллагын 470 тамирчин эрэгтэй, эмэгтэй тамирчин спорт самбо бөх, байлдааны самбогийн төрлөөр тус бүр есөн жинд гурван өдрийн турш ширүүн тэмцэлдэв. Эхний өдрийн тэмцээний үеэр тус холбооны дэд ерөнхийлөгч Б.Ганболдыг Биеийн тамир, спортын газрын “Алтан од” одонгоор шагнаж, Монголын самбо бөхийн холбооны урилгаар хүрэлцэн ирсэн, Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) шүүгч, Болгар улсын иргэн, Европын болон дэлхийн аварга Иван Нетов шүүгчдэд сургалт явуулж амжилттай оролцогчдод сертификат гардуулсан юм.

Тэрбээр тус холбооны урилгаар Монголд ирж, ахлах шүүгчээр ажилласан нь онцлох үйл явдал болов. Тэмцээний эхний өдрийн салхийг хагалж, эмэгтэйчүүдийн спорт самбо бөхийн -48, -60, -72 кг, эрэгтэйчүүдийн -52, -68, -90 кг жингийн барилдаанаар эхэлж, байлдааны самбогоор -57 кг жинд тулалдсан дэлхийн аваргын гурван хүрэл медальт, ОУХМ Н.Тогтохбаяр өрсөлдөгчөө ялснаар цааш -74, -100 кг-ын тамирчдын тулаанаар үргэлжилсэн. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр спорт самбо бөхийн эмэгтэйчүүдийн -52, -64, -80 кг, эрэгтэй -57, -74, -100 кг-ын жингийн барилдаан, байлдааны самбогийн -62, -82, +100 кг-ын жингийн тулаанууд өрнөж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээний гурав дахь өдөр спорт самбо бөхийн эмэгтэйчүүдийн -56, -68, +80 кг, эрэгтэйчүүдийн -62, -82 +100 кг-ын жингийн барилдаан, байлдааны самбогийн -52, -68, -90 кг жинд өрсөлдсөн тулаанаар өндөрлөсөн.

Энэ удаагийн тэмцээнд Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул, Орхон аймгийн тамирчид оролцсоноос Дорнод, Сэлэнгэ аймгийн самбочид хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэмцээнд залгамж халаа болж, хүч түрэн орж ирсэн залуу тамирчид хурдаар илүүрхсэн ч туршлагатай тамирчид буурь заан дэвжээнд үлдэж, “Хашрууд халаагаа өгөх болоогүй”-г мэдрүүлэв. Тухайлбал, эрэгтэйчүүдээс самбо бөхийн 2016 оны дэлхийн аваргын алт, 2017 оны дэлхийн аваргын мөнгө, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Орхон аймгийн тамирчин ОУХМ Ч.Марал-Эрдэнэ УАШТ-д тав дахь удаагаа түрүүлсэн бол, Дорнод аймгаас -90 кг-ын жинд хүч сорьсон Р.Анхбаатар дөрөв дэх түрүүгээ хүртсэн. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Серик илүүрхэж, тэргүүн байраа алдсангүй. 

Эмэгтэйчүүдээс 72 кг-ын жинд барилдсан “Женко” клубийн тамирчин Ц.Наранжаргал, “Хилчин” спорт хорооны Ц.Энхчимэг нар эн тэнцүү өрсөлдөж, олны сонирхлыг татсан барилдаан өрнүүлсэн. Ц.Энхчимэг өрсөлдөгчөө хожиж яваад барилдааны цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө Ц.Наранжаргалд ялагдав. Ц.Наранжаргал ээж болоод удаагүй ч дэвжээндээ эргэн ирж, тэмцээнд найман дахь удаа аваргалж, туршлагатай тамирчдын нэг хэвээрээ гэдгээ харуулсан. Харин Ц.Энхчимэг хоёр дахь мөнгөн медалиа зүүсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн -80 кг-ын жинд ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин Н.Нямтуяа, “Хүч” спорт хорооны бөх Б.Сайнбуян нар гал гарсан барилдаанаар үзэгчдийн хэдэнтээ өндөлзүүлсэн ч шийдвэрлэх мөчид Н.Нямтуяа илүүрхсэн юм. Тэрбээр самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий дэвжээнээс гурав дахь түрүүгээ ийн хүртлээ. Түүнтэй өрсөлдсөн тамирчдаас “Женко” клубийн тамирчин Ц.Буянжаргал мөнгө, Б.Сайнбуян хүрэл медаль зүүсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)