Хашаатад болсон шиг хар салхи Хужиртыг түйвээлээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийн баруун урд хэсэгт энэ сарын 18-ны 17:40-18:00 цагийн үед гэнэт хүчтэй хуй дэгдэж, их хэмжээний хохирол учруулсан байгалийн аюултай үзэгдэл боллоо. Хар салхи замдаа таарсан 47 айлын гэр, хашаа, байшинг дайрч нураасан байна. Эл үзэгдлийг нүдээр үзсэн нэгний ярьснаар дүнзэн байшин салхинд зад үсэрч байсан бол монгол гэр зомгол аятай хийссэн гэнэ.

Гамшигт өртөн гэр оронгүй болсон хүмүүс шөнийн турш үргэлжлэн орсон аадар бороонд цохиулж, үлдсэн эд хогшлоо эмхэлсээр хоножээ. Ийм аюулт үзэгдэл өнгөрсөн зун Архангай аймгийн Хашаат сумыг дайрсан билээ. Далайн орнуудад л болдог хар салхи эх газрын Монголд тохиолдож буй нь цаг уурын өөрчлөлт бодит аюул болоод буйг дахин анхааруулав. Гамшгийн улмаас орон гэргүй, өмссөн хувцастайгаа үлдсэн хүн олон байна. Энэ талаар Хужирт сумын Засаг дарга Р.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Танай сумын нутагт дэгдсэн хуй салхины улмаас иргэдийн эрүүл мэнд хохирсон уу?

-Гамшгийн улмаас хоёр хүн бэртсэн. Тэднийг эмнэлэгт яаралтай хүргэж, анхны тусламж үзүүллээ. Одоо бие нь сайжирсан. Үүссэн нөхцөл байдлын улмаас эмнэлэг, цагдаа, онцгойгийнхон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

-Сум даяараа цахилгаангүй байгаа гэв үү?

-Эрчим хүчний долоон тулгуур багана болон 350 шон унасан. Цахилгааны шонгийн лонхнууд хагарчээ. “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийнхан энд ажиллаж байгаа. Айл өрхийн цахилгааны гэмтлийг нэг бүрчлэн шалгаж явна.

Өнөөдрөөс сум цахилгаантай болох байх. Гамшгийн үеэр цахилгааны шугамууд унасан. Тухайн үед засвар хийж, эрчим хүчийг салгасан байж таарсан тул азаар түймэр гараагүй.

-Нэлээд хүчтэй салхи дэгдсэн бололтой. Хохирол их гарсан уу?

-350 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна. 17 айлын гэр дахин босгох аргагүй эвдэрч, зуны найман байшин нурж, өвлийн арав гаруй байшингийн дээвэр хууларч, цонх хагарсан. 50 шахам айлын хашаа нурж сүйдсэн.

Мөн тээврийн таван хэрэгсэл хуй салхинд өртөж эвдэрлээ. Хашааны банзыг зомгол болтол үйрүүлж, айлуудын эд хогшлыг голын эрэг, наадмын талбай, урд даваагаар давтал хийсгэсэн байна лээ.

-Сэргээн босгох ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Сумын болон Аймгийн онцгой комисс хуралдаж, шуурхай арга хэмжээ авсан. Манай ЗДТГ-аас ажлын дөрвөн хэсэг гаргаж гамшгийн газарт ажиллаж байна. Мөн ослын газарт аймгийн онцгойгийнхон ирж нөхцөл байдалтай танилцаад сэргээн босгох ажил эхлүүлсэн. Манай суманд байдаг салхины хурд хэмжигч багаж нь 22 метр секундээс дээшхийг хэмждэггүй байж.

Тухайн хуй салхи 30 метр секундээс илүү салхилсан байх. Аж ахуйн нэгж, байгууллагаас таван гэр гаргаж орон гэргүй болсон иргэдийг түр оруулсан. Дөрвөн өрхийн иргэд ах дүү нарынхаараа толгой хоргодож байна. Үлдсэн нь өвлийн байшиндаа нүүн орсон.

Сумын иргэдийн хурлын төлөөлөгч О.Баярманлай данс нээн хандив цуглуулах аяныг удирдаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив цугларч эхэлсэн. Гамшигт өртөж, хохирсон иргэдэд өнөөдөр хандивыг гардуулах болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)