Хачикогийн дүрд гурван нохой “тоглосон”

“Оскар”-т гурван удаа нэр дэвшиж байсан, Шведийн найруулагч Лассе Халльстрём (Ларс Свен Халльстрём)-ын бүтээл, Ричард Гир гол дүрийг нь бүтээсэн “Хачи: Хамгийн үнэнч анд” (Hachi: A dog’s tale) кинонд хүнд дассан амьтны араншин, зөв совин, үнэнч байдлыг харуулснаараа сая, сая үзэгчийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан юм. Японы акита-инү үүлдрийн нэгэн нохойн түүхийг дэлхийн хүмүүст хүргэх нь киноны багийнхны зорилго байжээ.

Уг киноны чухал баатар Хачигийн талаарх сонирхолтой баримтуудаас хүргэе.

Юуны өмнө Хачигийн дүрийг нэг биш, гурван нохойгоор “босгосон” гэдгийг зарим хүн мэдэхгүй байх. Тодруулбал, акита-инү үүлдрийн, Лайя, Чико, Форрест нэртэй ноход Хачи “болжээ”. Харин гөлөг үеийнх нь дүрийг сиба-инү үүлдрийн нохой “бүтээсэн” гэнэ.

Кинонд тоглох жүжигчдийн л нүүр, үс зүсийг будаж, гоодож, янзалдаг гэж бодвол эндүүрэл. Хачигийн амьдралын сүүлийн жилүүдийн дүр төрхийг тодруулахын тулд Лайя, Чико, Форрест гурвын нүүр, сахал, үсийг будсан аж. Түүнчлэн чих, сүүлийг бага зэрэг унжуулахын тулд зориулалтын хүндрүүлэгч хэрэглэсэн гэдэг.

Японы “Сибүя” станцыг 70 жил “манаж” буй Хачигийн хүрэл цутгамал хөшөөг 2012 онд хуулбарлан, Америкийн Род-Айленд мужийн Вунсокет хотын төв гудамжинд байрлуулжээ. Чухамхүү тэр газарт “Хачи: Хамгийн үнэнч анд”-ын зургийн ихэнх хэсгийг авсан байна.

Уг кино нь шүүмжлэгчдээс ихэвчлэн эерэг үнэлгээ авсан байдаг. Санал асуулгад оролцсон шүүмжлэгчдийн 62 хувь нь 10 онооноос 5.8 гэсэн үнэлгээ өгсөн нь эерэгт тооцогдох түвшин юм.

Ташрамд дурдахад, 1923 онд Акита мужийн нэгэн фермерийн нохой найман гөлөг гаргасны нэгийг Токиогийн их сургуулийн профессор Хидэсабүро Уэнод бэлэглэсэн бөгөөд эрдэмтэн түүнийг Хачи гэсэн нь эхээс наймуул гэснийг бэлгэдсэн нэр юм. 1925 оны тавдугаар сард Уэно эрдэмтэн цус харваж, таалал төгсөхөд Хачи нэг нас зургаан сартай байжээ. 1932 онд Японы өдөр тутмын нэгэн сонинд “Долоон жилийн өмнө нас барсан эзнээ хүлээсээр байгаа үнэнч нохой” гарчигтай нийтлэл гарснаар Хачи алдаршсан гэдэг. Үүнээс гурван жилийн дараа буюу 1935 оны гуравдугаар сарын 8-нд амьсгал хураасан Хачигийн “бие”- ийг чихмэл болгон Токиогийн Үндэсний музейд шилжүүлсэн байна. Харин дотор эрхтэн зэргийг нь чандарлаж, Токиогийн Минато-кү дүүрэг дэх “Аояма” оршуулгын газарт байрлуулжээ. Задлан шинжилгээгээр Хачийг зүрхний шигдээсээр “явсныг” тогтоосон бөгөөд мөн сүүлийн шатандаа орсон хорт хавдартай байсныг нь эмч нар дүгнэлтдээ бичсэн байв. 1994 онд Японы радиогийн мэргэжилтнүүд Хачигийн хуцаж буй дуу хоолойн бичлэгийг сэргээснээр 59 жилийн дараа “амилсан” бөгөөд үүнээс ч сэтгэл хөдөлгөм явдал 2015 онд болжээ. Токиогийн их сургуулийнхан профессор Уэно үнэнч анд Хачитайгаа уулзаж байгаа хөшөө босгож, үүрд хагацсан хоёрыг дахин “учруулсан” юм.

Бэлтгэсэн: Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)