Хачигт хазуулахаас болгоомжлоорой

Манай оронд гурван төрлийн хачигт халдвар бүртгэгдээд буй. Энэ төрлийн халдвар нь 3-10 дугаар сард идэвхждэг. Одоогоор найман аймгийн 17 сум хачигт энцефалитийн голомттой байна. Мөн риккетсиозын халдвар 12 аймгийн, 53 сум, нийслэлийн таван дүүрэгт тэмдэглэгджээ.

Энэ он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй таван тохиолдол бүртгэсэнээ Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийнхөн мэдээлэв. 2018 онд 21 аймгийн 106 сум, нийслэлийн долоон дүүрэгт хачигт халдварын 1099 тохиолдол бүртгэснээс 257-гийнх нь онош батлагдсан аж. 

Тиймээс ЗӨСҮТ-ийнхөн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Халдварын голомттой нутгаар явахдаа тод өнгөтэй, битүү хувцас өмсөж, удаан хугацаагаар ажиллах бол 3-4 цаг тутамд аюулгүй байдлаа шалган, хачиг үргээгч бэлдмэл хэрэглээрэй. 

Мөн хазуулсан тохиолдолд хошууг нь арьсанд үлдээхгүйгээр сугалах, халдвар тархах магадлалтай бүсэд оршин суугчид дархлаажуулалтад хамрагдах, малчид малаа эрүүлжүүлэх, арьс шир, ноос, ноолуурыг нь гэр орондоо хадгалахаас татгалзаж, өвчилсөн бол эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)