Хатан Туулаа хөнөөгчид

Хатан Туулаа хөнөөгчид нь бид өөрсдөө /бүтэн жилээр нь дурандав/


Нийслэлийн иргэдээс гадна таван аймгийн 37 сумын хүн, мал ундаалдаг Туул гол сэтгэлгүй хүмүүсийн балгаар бохирдож, жорлон болохдоо туллаа. Хэн дуртай нь очиж зугаалдаг, эрэг дээр нь бие засдаг, хогоо хаядаг, хайргыг нь дуртай цагтаа олборлодог, хотынхны бүх бохирыг хагас дутуу цэвэрлэсэн болоод Туулд “шингээдэг”. Үүнээс үүдэн сүүлийн жилүүдэд хавар байнга тасарч, амьсгаа тасалдахад тулсныг сүүлийн нэг жилийн хугацаанд гэрэл зургийн дуранд хэрхэн буулгасныг тольдъё. 

Туулын эргээс зунжин харж болох дүр зураг. Хэдэн зуугаараа ирж, байгалиа бузартуулж, хогоо хаях хэрнээ Туул голоо өрөвдөж хайрлах, хамгаалах, цэвэрлэх хүн тун цөөн. Баянзүрхийн гүүр. 2017.07.16

Туул барилгын хог “булшлах” газар болов. Хогийг нь цэвэрлэх кампанит байнга өрнөдөг ч барагдана гэж үгүй. Ганцхан шөнийн дотор л барилгын тонн хогтой болчихно. Сонсголонгийн гүүр орчим. 2017.06.13

Туул гол урсахгүй, хоосон сайр болох үзэгдэл сүүлийн хоёр жилийн хавар давтагдав. Агаарын бохирдол, харьцангуй эрт дулаарсан зэрэг шалтгаантай аж. Сонсголонгийн гүүр. 2017.04.16

Ширгэсэн Туул сэргэсэн ч амьтай голтой төдий. Тэгсэн хэр нь “ноолох” хүн бишгүй. Сонсголонгийн гүүр. 2017.07.16

Гол бараадсан шувуу аврал эрж, идэш тэжээл хайсан авч үхэлтэй нүүр тулав. Биокомбинат орчим. 2016.12.07

Туул гол хэт бохирдсоны улмаас загас нүдний гэм болсон. Сүүлчийнх нь би гэж байгаа мэт бяцхан жараахай амь тавьжээ. Баянзүрхийн гүүр. 2017.07.16

Туулыг түйвээх нь энгийн хэрэг мэт дасал болжээ. Тэнд одоо шороон шуурга ч босдог болсон. Баянзүрхийн гүүр орчим. 2017.07.16

Тасрах шахсан Туул Төв цэвэрлэх байгууламжийн бохиртой нийлж байгаа нь. Сонгины гүүр орчим. 2017.04 сар

Хотын цэвэршүүлсэн бохир ус Туул голтой нийлж буй хэсэг. Сонгины гүүр орчим. 2017.04 сар

Туул голын цэвэр урсах хэсэгт нь иргэд урин дулааны улиралд батгана адил шавж, зугаалсны уршгаар гол биш, хоосон сайр болохдоо туллаа. Баянзүрхийн гүүр орчим. 2017.07.16

Олны их хөлийг арайхийн давж, “халдлагад өртсөний” дараа царай алдан, нүд халтирам болж, голдирол нь хумигдан, хогондоо дарагдав.

Харуул хамгаалалт муу байдгийг ашигласан амрагчид эрх чөлөөгөө мэдэрч байна. Сонсголонгийн гүүр орчим. 2017.07.16 

Голын цөн түрэх үеэр бохирын үнэр хамар сэтлэх шахдаг. Туулын хамгийн бохирдолтой хэсэг нь Сонгины гүүрнээс эхэлнэ. Сонгины гүүр орчим. 2017.04.01

Уг нь Туул хэдэн зуун км газар дамнан урсахдаа хангалттай цэвэрших боломжтой ч хэчнээн урсаад ч тунгалагших аргагүй болтол нь бохирдуулж, хүн байтугай мал ч тоохын аргагүй болгожээ. Шувуун фабрик орчим. 2017.05 сар


Хайргаа хулгайлуулсан Туул гол

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2017 оны гуравдугаар сарын 29-нд "Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална" хэмээн нийтэд мэдэгдсэн.

Энэхүү шийдвэр 10-аад жил хүнд даацын машины тоосонд дарагдаж зутарсан Биокомбинат, Шувуун фабрикийн иргэдийн чихэнд чимэгтэй сонсогдсон ч газар дээрээ нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй талаар “Өнөөдөр” сонин цувралаар сурвалжилсан юм. Засаг даргын захирамжаас хойш хагас сарын дараа Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун фабрикт очиход байдал өмнөхөөсөө намжсан ч хучлагатай хүнд даацын машинууд гэгээн цагаан өдрөөр хайрга зөөж л байв.

Үүнийг гэрэл зурагчин Э.Харцага баримтжуулсан юм. Дараа нь 2017 оны 5 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө сурвалжлахад ч байдал өөрчлөгдсөнгүй, хайрга зөөсөөр байсныг гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ ийн дурандаа буулгасан юм. 

Биокомбинат, Шувуун фабрик орчим өрнөдөг хайрга, дайрганы төлөөх “дайн”-ыг хотын даргын шийдвэр ч зогсоож чадсангүй.

Өмнө нь малаа бэлчээж, айлуудын зуслан болдог байсан газрууд өдгөө энхэл донхол нүх, карьерт “хувилжээ”.

Хайрга олборлолт, түүнийг зөөн давхилдах машинуудын босгосон шорооноос болж тэндхийн иргэд амьсгалын замын өвчтэй болох нь ихэсчээ. “Уг нь зам дагаад хөгжил гэдэг ч тэдний хувьд зам дагаад сүйрэл болчихжээ.

Хэрээс хэтэрсэн шуналтай, нэг газар ухчихаад нөхөн сэргээх ч үгүй дараагийнх руу дайрдаг компанийн уршгаар Биокомбинат, Шувуунфабрик өдгөө карьерын үүр уурхай болов.

Хайрга зөөхөө зогсоохыг шаардсан нутгийн иргэд болон ачааны машины жолооч нарын хооронд дэгдсэн маргаан. “Бид хайрга олборлоогүй, амьдрахын эрхэнд машинаараа зөөж мөнгө олдог хүмүүс. Энэ карьерүүдийг ухахгүй бол бид ирэхгүй” гэх аж.

Газрыг хэвлийг ухаж сэндийчээд, улаан тоосон дунд хөсөр хаягдаж буй Биокомбинат, Шувуун фабрикын газар нутаг хайрга олборлогчдын “дайралтад” өртсөн хэвээр.

Хайрга олборлогчдын зарим нь зөөгөөгүй гэж мэлзэж, зарим нь өнгөрсөн жил гаргаснаа авч байна гэж зүтгэх ч яах аргагүй ус шүүрсэн нойтон хайрга ачсан харагдана.  

Засаг даргын шийдвэртэй холбоотойгоор хайрга олборлогчид голдуу шөнийн амьдралтай болов. Шөнийн цагаар тоног төхөөрөмжийнх нь гэрэл энд тэндгүй ёлтгононо.

Шувуун фабрик, Биокомбинатын замаар том оврын машинууд зогсоо зайгүй холхино. Хэдий хүртэл Туулаа төнхөх юм бол? 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)