Хар утаатайгаа хавартай золгох уу

-Яндангийн шүүлтүүр суурилуулахад хамгийн багаар тооцоход есөн тэрбум төгрөг зарцуулна-

“Энэ өвөл агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна”. Засгийн газар өнгөрсөн онд нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглох тухай 62 дугаар тогтоол гаргасан учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийн төсөөлж, бардам хэлсэн байх. Салбарынхан ч эрвийх, дэрвийхээрээ ажиллаж буй бололтой. Цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр олгож, гэр, байшингаа дулаалцгаая хэмээн уриалан, сайжруулсан түлш үйлдвэрлэж эхэлсэн билээ. 

Харин гэр хорооллын бүсэд байрладаг, хувийн болон улсын аж ахуйн нэгж, байгууллага, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Гэхдээ хорт хийн ялгарлыг багасгахын тулд тэдгээрт шүүлтүүр суурилуулах болсон. Иргэд, аж ахуйн нэгжүүд уг ажлыг зохион байгуулалтгүй гэж шүүмжилж буй. Тиймээс ажлын явц ямар байгааг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт сурвалжиллаа.

Нийслэл дэх агаарын бохирдлын 5-10 хувийг уурын зуухнаас ялгардаг утаа бүрдүүлдэг аж. Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд 166 байгууллагын 290 гаруй яндан байдаг талаарх судалгааг нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан өнгөрсөн тавдугаар сард гаргажээ. Тэдний гаргасан судалгаанд үндэслэн БОАЖЯ-ны харьяа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтнүүдээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх байгууллагуудад шүүлтүүр суурилуулж байгаа юм. 

Тэдгээрээс хэдэд нь шүүлтүүр суурилуулсныг тус хорооны мэргэжилтэн Д.Хүрэлээс тодруулахад “Урд хөршөөс 290 шүүлтүүр захиалсан. Эхний ээлжид 71 аж ахуйн нэгж, байгууллагын 142 янданд суурилуулаад байна. Иргэдэд буруу мэдээлэл тарааснаас төлөвлөөгүй ажил гарч хугацаа алдсан ч энэ сарын 15 гэхэд бүх янданд шүүлтүүр суурилуулж дуусгана. Шүүлтүүр суурилуулснаар утааг яг хэдэн хувиар бууруулах тухай нарийвчилсан судалгааг нийслэлийн Агаарын чанарын албаныхан хийнэ, бид мэдэхгүй” гэв.

...Шүүлтүүрийнхээ чанарыг судалж, үр дүнг нь тооцох гэсээр байтал урин хавартай золгож, утаагаа дахиад л мартах вий...

Түүний хэлснээр усан, хуурай, холимог гэсэн гурван төрлийн шүүлтүүр бий аж. Хүчин чадал нь бага, дунд, их гээд мөн гурван янз. Агаарын бохирдлын бүсчлэлээс нь хамаарч хаана, ямрыг суурилуулахаа шийджээ. 100-гаас дээш кВт-ын хүчин чадалтай зуухнуудад түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн ч янданд нь шүүлтүүр суурилуулах учраас утаанаас нь ялгарах хорт хий буурна гэж холбогдох албаныхан үзсэн байна. Эл шүүлтүүрийг урд хөршид хэрэглэхэд утааг 90 хүртэл хувиар бууруулж байсан гэх таамаг төдий судалгааны дүнг дээрх хорооны мэргэжилтнүүд онцолсон. Монголд оруулж ирснийхээ дараа шүүлтүүрээ уурын зуухны янданд суурилуулж үзэхэд түүхий нүүрс шатаахад дэгддэг хар утаа гарахгүй байсан гэнэ. Уг нь таамаг төдий бус, тодорхой үр дүнд хүрсний дараа мэргэжилтнүүдтэй зөвлөж шийдвэр гаргах учиртай байлтай. Эрдэмтэд ч ийн зөвлөж буй юм.

Дэнжийн мянга орчимд “Хүчит шонхор”, “Нарантуул-2”, “Далайхүү”, нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургууль зэрэг дулааны шугам сүлжээнд холбогдох боломжгүй газар олон. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсоход “Бид гурван сая төгрөгийн өртгөөр ийм шүүлтүүр хийсэн. Ингэхдээ гурван сая төгрөг л зарцуулсан. Түүнийгээ холбогдох албаныханд танилцуулахад дэмжсэн хэрнээ патент олгоогүй. “Улсаас шүүлтүүр үнэгүй өгнө” гээд бидний хийсэн төхөөрөмжийг тоолгүй гадаадаас захиалсан. Одоо шүүлтүүрээ суурилуулчихсан, түлшээ татах шаардлагатай байна. Түүхий нүүрс ашиглах, тээвэрлэх зөвшөөрөл авахаар өнгөрсөн тавдугаар сараас хойш хөөцөлдсөн. 

Шаардсан бичиг баримтыг нь бүрдүүлээд холбогдох албаныханд өгөхөөр элдэв шалтаг тоочин, хойш суусаар өдий хүртэл зөвшөөрөл олгоогүй байна. Утааны эсрэг олон байгууллага байгаа ч уялдаа холбоогүй. Уг нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бол ажлын байр нэмэгдүүлээд зогсохгүй улсдаа татвар төлөх байсан юм. Суурилуулсан шүүлтүүрийнхээ төлбөрт хувийн хэвшлийнхэн 30-100 сая төгрөг төлөх болж байна” гээд, нэрээ хэлэхийг хүссэнгүй. Тэрбээр төрийн албаны ажлыг байгаагаар нь хэлэх өөрт нь элдэв дарамт, шахалт үүсгэхээс цаашгүй хэмээн учирласан.

“Нарантуул-2” худалдааны төвийн Ашиглалтын албаны дарга “Хэрэв дээрх шүүлтүүр эвдэрвэл хэн хариуцах нь тодорхойгүй. Сэлбэг, хэрэгсэл нь Монголд байдаг, эсэхийг мэдэхгүй. Цас ороод эхэлчихлээ. Нүүрсээ түлэхгүй бол бараа хөлдөхөөс гадна манай байр бүхэлдээ царцана. Хөлдчихвөл засахын тулд багагүй хөрөнгө зарцуулна. Худалдагч нар ч ихээхэн хохирол хүлээх эрсдэлтэй” гэлээ.

Яндангийн шүүлтүүрийг 290 аж ахуйн нэгж, байгууллагад хамгийн бага дүнгээр буюу 30 сая төгрөгөөр суурилуулна гэж тооцоход нийт есөн тэрбум төгрөг зарцуулах нь. Гурван компани “DMC24g”, “GTLT529g”, “CGDMC” гэсэн загварын холимог, хуурай, шингэн шүүлтүүрийг Монголд нийлүүлсэн аж. Энэ ажлыг гүйцэтгэх компаниудыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон сонгон шалгаруулсан юм байна. Уг хорооны мэргэжилтэн Д.Хүрэлээс шалгаруулалтын талаар асуухад “Жансу”, “Шийбай”, CNP гэх Хятадын төрийн өмчит гурван компанийг өнгөрсөн зургадугаар сард сонгосон. Сонгон шалгаруулалтад Тагнуулын ерөнхий газар зэрэг олон байгууллагын хүмүүс оролцож, хяналт тавьсан” гэв.

БНХАУ-ын дээрх гурван компани манай улсын 155, хувийн өмчийн 135 аж ахуйн нэгж, байгууллагад шүүлтүүр нийлүүлэх нь. Шүүлтүүр тус бүрт 30-100 сая төгрөгийн хүүгүй зээл олгож, гурван жилийн дотор эргэн төлөх санал төрөөс хувийн хэвшлийнхэнд тавьсан байна. Ингэснээр урсгалын зардлын талыг аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлэх аж.

Эвдрэл, гэмтэл гарвал хэрхэх тухай CNP компанийн ажилтан “Манай компанийнхан таван жилийн баталгаа олгосон. Түүнээс цааш хувийн хэвшлийнхэн захиалгаар сэлбэг, хэрэгсэл авна. Үр дүнгийн тухайд, хоёр бичгийн цаас тавиад харьцуулалт хийсэн. Шүүлтүүртэй яндангаас үнэр, хар тортог гарахгүй байгаа юм. Шүүлтүүргүй яндангийн хажууд тавьсан цаас хар өнгөтэй болсон. Өөрөөр хэлбэл, шүүлтүүр суурилуулснаар азотын болон хүхрийн исэл, PM 2.5 тоосонцрын хэмжээг багасгана гэсэн үг” гэлээ.

Шингэн шүүлтүүр

Биднийг Дэнжийн мянга орчимд очиход уурын зуухны янданд суурилуулсан шүүлтүүрээс хар утаа уугьж байв. Хэсэг хугацааны дараа хар тортог нь арилчихлаа. Уг шүүлтүүр нь хагас метр орчим өндөр, төслийн зуухны халуун баригчтай хэлбэр, хийцээрээ адилхан юм. Ажиллах зарчим нь утаанаас ялгарах хорт хийг техникийн сода, азотын исэл зэргээр саармагжуулан, нүүрсний бүрэн шаталтыг дэмжих аж. Дээрх 116 байгууллагаас гадна 50-60 аж ахуйн нэгж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхонд ийм шүүлтүүр суурилуулах хүсэлтээ гаргажээ. Энэ талаар уг хорооныхон “Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан тооцоо, судалгаагаа дутуу гаргажээ. Урд хөршөөс нэмж шүүлтүүр захиалахад чирэгдэл их гарсан” гэж шүүмжлэв. 

Харин Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр “Энэ жил ашиглалтад орсон, уурын зуухаа одоо л суурилуулж байгаа газрууд бий. Тэдний тоог гаргаад тэр дор нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхонд хүргүүлсэн. Судалгаа буруу гаргасан юм биш” гэлээ. Төрийн албаныхан хоорондоо уялдаагүй, зохион байгуулалтгүй ажилладгийн нэг жишээ энэ гэхэд хилсдэхгүй.

Хүсэлт гаргасан байгууллагуудын ихэнх нь ус, ундааны зэрэг үйлдвэр. Ганц, хоёр нь хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг гэнэ. Нэмж суурилуулах шүүлтүүрийг нь дөрөв хоногийн өмнө урд хөршөөс оруулж иржээ. Хэзээ суурилуулах нь тодорхойгүй шүүлтүүртэй болсныхоо дараа судалгаанд хамрагдаагүй аж ахуйн нэгжийнхэн түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авна. 

Зөвшөөрөл авах хүсэлтээ хорооныхоо Засаг дарга нараар дамжуулан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлэх аж. Дараа нь нүүрсээ Багануур дахь уурхайгаас очиж авна. Налайхын замыг засаж буй учир тойруу замаар явах шаардлагатай. Гэрээнд заасны дагуу ажлын тав хоногт багтааж нүүрсээ хотод оруулж ирнэ. Дээрх уурхайн ажиллах цаг бага, хагас, бүтэн сайн өдөр амардаг учраас түүхий нүүрс авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд дарааллаар “цаг авч” үйлчлүүлдэг болсон гэнэ.

Асуудал үүгээр дуусахгүй. Түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохоос өмнө, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх болон Мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ-ны харьяа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг байгууллагынхан суурилуулсан шүүлтүүр үр дүнтэй, эсэхийг утааны оргил үе эхлэхээр тодорхойлж, хэмжилт хийх гэнэ. Улсын хэмжээнд агаарын чанарыг хэмждэг явуулын төхөөрөмж нь ганцхан бий. Тиймээс дээрх 50-60 байгууллагынхан хэзээ шүүлтүүрээ суурилуулаад, хэмжилтээ хийлгэж, хэдийнээс халаалтаа өгч эхлэх нь эргэлзээтэй.

Нийслэл дэх уурын зууханд суурилуулсан бүх шүүлтүүрийн чанарыг шалгахад урт хугацаа зарцуулахыг аж ахуйн нэгжийн төлөөллүүд хэлсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт 10 уурын зууханд хэмжилт хийхэд 29 хоног зарцуулах гэнэ. Утааны оргил үе арваннэгдүгээр сараас эхэлдэг. Түүнээс хойш сар гаруйн хугацаанд дээрх газрынхан шүүлтүүрийнхээ чанарыг судалж, үр дүнг нь тооцох гэсээр байтал урин хавартай золгож, утаагаа дахиад л мартах вий хэмээн иргэд шүүмжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)