Хар тамхи хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 95 хувь нь монголчууд

Гаалийн байгууллага 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 18 удаагийн үйлдлийг илрүүлжээ. Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэмт хэргийн эд мөрийн баримтаар хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Харин 2019 оны эхний таван сарын байдлаар нийт найман удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодис хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Эдгээрт нийт дөрвөн иргэн холбогдсоноос нэг нь гадаад улсын иргэн байсан байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн илрүүлэлтийн байдлыг 2010-2018 онд харуулвал: 2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын харъяат, хоёр хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын харъяат нар байна. Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонгконг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсуудаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Хамгийн сүүлд л гэхэд Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтын суудлын автомашины гаалийн хяналтын бүсэд Монгол улсын иргэн А энэ сарын 2-нд БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улс руу зорчихдоо 1кг орчим “Декстрометорфан“ гэдэг тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)