ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭГЧ бүлгийнхнийг 10-аас дээш жил хорино

 Олон улс дамжуулан хар тамхи зөөвөрлөж байсан бүлэг этгээд болох 15 хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүх уржигдар хэлэлцэж шийдвэрлэлээ. Уг хэргийн гол зохион байгуулагч С.Наранбаатар анх Малайзад хар арьст залуутай танилцан “Брэндийн бараа” хэмээн ор хөнжлийн даавуу зөөвөрлөж эхэлсэн юм. Улмаар түүний өмнөх эхнэр Р.Лена, түүний охин Э.Онон нар түүнтэй хамтарч ор хөнжлийн даавуу оруулж ирэх нэрийдлээр Малайзаас Сөүлээр дамжуулан удаа дараа их хэмжээний героин Монголд авчирч байсан аж.

Харин тэд өөр хүмүүсээр Бээжин рүү хар тамхиа хүргүүлж байжээ. Тэдний төлөөлөл нь О.Навчаа, Б.Аззаяа, Ж.Наранмандах тэргүүтэй хүмүүс аж. УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд энэ хэргийг илрүүлэх үед иргэн Ч.Эрдэнэбаатар, охин Э.Гоомаралын хамтаар дээрх замаар героин авчирсан бөгөөд түүнийг нь БНХАУ-ын иргэн Вонг Син Ян гэгч тосож авахаар Улаанбаатарт ирээд баригдсан байна. Бүтэн өдрийн турш хэлэлцсэн хурлын шийдвэр нэлээд орой гарч, хэргийн гол зохион байгуулагч С.Наранбаатарт 15 жил хорих ял оноов.

Харин шүүгдэгч О.Навчаа, Р.Лена, түүний охин Э.Онон нарт тус бүр 10 жил зургаан сар, шүүгдэгч Ж.Наранмандах болон эцэг, охин болох Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарт 11 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин Вонг Син Ян Б.Аззаяа нарын гэм буруутай нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэргийг нь хэрэгсэхгүй болгов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)