Хар тамхи боловсруулж зардаг “урт гартнууд”-ыг баривчиллаа

Чингэлтэй дүүргийн нутаг, Шадавлин, Гүнт, Жигжидийн зусланд гарч буй айлуудыг эзгүйчлэн, эд зүйлийг нь хулгайлж байсан Мөнхжин нарын долоон залууг тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн саяхан саатуулжээ. Тэд өнгөрсөн зуны гурван сард 25 айлаас эд зүйл тоносон нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд өөрсдөө ч хэргээ хүлээж буй аж.

Тэднийг саатуулах үедээ цагдаагийнхан хувцсанд нь үзлэг хийхэд тусгайлан боловсруулж бэлтгэсэн, хэрэглэгчдийнхээ дунд “шавар” гэж нэрлэгддэг мансууруулах бодис гашиш 3-4 ширхэг гарч иржээ. Тандагч тестээр шээсэнд нь шинжилгээ хийхэд түүнээсээ хэрэглэсэн нь тодорхой болсон байна. Тиймээс мансууруулах бодистой холбоотой хэргийг нь харьяаллын дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлж, хулгайн үйлдлүүдийг нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.

Хэрэгт холбогдсон долоон залууг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтнүүдийн гурав нь Төв аймгийн нэгэн сумаас каннабис хэмээх мансууруулах төрлийн ургамал түүж авчран, гэртээ боловсруулж, хүмүүст зардаг байсан нь тогтоогдсон гэнэ.


Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)