“Хар Есүс” буюу М.Жордан

Спортын түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгчинд тооцогддог М.Жордан зарим тамирчны хувьд заналт өрсөлдөгч, заримынх нь хувьд шүтээн, заримд нь босс, урам зориг өгөгч байсаар иржээ. “Нисдэг хүн”-ийг тэд ийн тодорхойлж байв.

ГЭРИ ПЭЙТОН

1990 онд “Буллз”-ын эсрэг улирлын өмнөх тоглолтод оролцохыг шинэ тоглогч би тэсэж ядан хүлээж байв. Тэд 1988, 1989 оны плей-оффт “Детроит” багт ялагдаад байсан учир М.Жордан гэж хэн болох нь надад огт хамаагүй байлаа. Тэр тусмаа би драфтын хоёр дахь сонголт болсон. Улирлын өмнөх тоглолт учраас Майкл бараг тоглосонгүй. Тиймээс Би.Жэй. Армстронг намайг хамгаалсан юм. Түүний эсрэг би 19 оноо авлаа. Шинэ тоглогч болохоор би их онгирч, талбай дээр солиотой юм ярьж, Би.Жэйг, “Буллз”-ын сэлгээнийхэн, бүр Жорданыг хүртэл элдвээр шоолов. Хэдэн долоо хоногийн дараа “Буллз” улирлын тоглолтоо хийхээр Сиэтлд ирлээ. Хүн бүхэн л “Буллз” ирлээ, Жордан ирлээ гээд хөөрч онгироод сүйд. Харин би “ОК. Би түүний эсрэг 19 оноо авна. Түүнийг ядах юмгүй зогсооно” гэж бодож байлаа. Тоглолт эхлэхийн өмнө Майкл надтай гар барьсангүй. Харин Би.Жэйд хандаж “Шинэковыг надад үлдээчих” хэмээн бүгдэд сонсогдохоор хэллээ. Би “За яах вэ. Үзэлцье л дээ” гэж бодсон. Тоглолт эхэллээ. Би Майклыг хамгаалав. Тэгтэл Ф.Жексон зургаа дараалж Майклаар довтлуулах хувилбар өгөв. Тэр ч миний эсрэг зургаа дараалж оновчтой довтлов. Майкл минийхээс огт өөр түвшинд тоглож байлаа. Хэдхэн минутын дотор би алдааны асуудалд орсноор дасгалжуулагч намайг сэлгээнд суулгасан. Түүнээс хойш би талбайд бараг гарсангүй. Тэр тоглолтод би долоо, эсвэл найман минут тоглоод нэг ч оноо аваагүйгээ сайн санаж байна. Гэвч ингээд дуусахгүй ээ. Тоглолт дуусах дөхөж байтал тэр манай сэлгээнийхэн рүү хүрч ирэв. Би, дасгалжуулагч, манай бусад тоглогч түүн рүү гөлрөв. Тэр надад хандаж “Улирлын өмнөх тоглолтод чи юу гээд байлаа” гэв. Тэр бохио зажлангаа “Жинхэнэ тоглолт одоо л болж байна. Лигт тавтай морил, жижиг залуу минь” гэж билээ.

ДОМИНИК УИЛКИНС

Майкл Жордан нэг удаа манай хувцас солих өрөөнд хослолтой орж ирж билээ. “Манай багийн хувцас солих өрөөнд юугаа хийж яваа юм бэ. Бэлтгэлийн өрөөндөө орж ирж байгаа гэж бодоо юу” хэмээн би өөрөөсөө асуусан. Тэгтэл тэр “Пүүзээ хурдан өмсөцгөө. Урт үдэш болно шүү” гэж билээ. Би үнэхээр гайхсан болохоор юу гэж хэлэхээ ч мэдээгүй. Тэр тоглолтод Майкл 60 оноо авсан юм даа.

АЛЛЕН АЙВЕРСОН

Хэн хамгийн агуу сагсан бөмбөгч болох талаарх ярианд та бүхнийг даруухан байхыг хүсье. Түүнд бүү эргэлз, гуйя. Тэр бол “Хар Есүс”. Гэхдээ бурхнаас ялгаатай нь тэр бидний дунд алхаж байна.

КЕМБА УОЛКЕР

Тэрбээр над руу утасдсан юм. Мэдээж би хоолойг нь танилгүй яах вэ. Майкл маш тайван, энгийнээр надад “Кемба, бид чамд итгэж байна. Үүнийг чи мэдэх ёстой. Бид чамд итгэж, чамаас их зүйл хүлээж байгаа шүү” гэж хэлсэн.Тийм ээ, би хэтрүүлж байгаа юм биш шүү, эдгээр үгээрээ Майкл миний амьдралыг өөрчилсөн.

МАЙКЛ КИДД-ГИЛКРИСТ

Би ердөө 18 настай, дөнгөж жилийн өмнө Жерсид, дунд сургуулийн багт тоглож байсан хүү байлаа. Тэгтэл би хамгийн агуу сагсан бөмбөгчтэй ярилцаж зогсов. Түүнтэй утсаар яриад зогсохгүй, тэр над руу залгасан байлаа. Майкл Жордан. Хамгийн агуу тоглогч над руу залгаж ярилаа гэж үү? “Чамайг манай хотод тавтай морилохыг хүсье. Чиний хийсэн бүхнийг хот даяараа дэмжинэ. Чамайг ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэдгийг дуулгая. Шарлотт хот чамайг халуун дотноор угтаж авах болно” гэж тэр хэлж билээ.

РОН АРТЕСТ

19 настай шинэ тоглогч байлаа, би. Улирлын тав бил үү, зургаа дахь тоглолтдоо Майклтай тулсан. Майкл тэр үед лигийн шилдэг тоглогч байсан болохоор түүнийг бөмбөг авхуулахгүй байх нь чухал. Тэр бараг тоглолт бүрт 25 оноо авч байв. Тиймээс би түүнийг бөмбөг авхуулахгүйн тулд чадлаараа тэмцэж, хавирга руу нь цохисон юм. Ингээд л түүний хавиргыг санаандгүй хугалчихсан. Би Чикаго хотын төвд амьдарч байсан бөгөөд Майклын тухай бодоод хоёр өдөр орноосоо ч боссонгүй. Бэлтгэлдээ ч очоогүй. Тэгтэл агент маань утасдаад намайг бэлтгэлдээ ир гэж загналаа. “Чадахгүй ээ, би Майклын хавиргыг хугалчихсан. Ийм юм болсонд итгэж чадахгүй байна” гэж түүнд хэлэв. 

Тэгтэл утас дуугарлаа.

-Хэн бэ?

-Майк.

-Хэн гэнэ ээ. Өө, Майкл Жордан уу?

Тэгтэл Майкл “За, зүгээр дээ, залуу минь. Битгий санаа зов. Ийм юм болж л байдаг юм” гэв. Түүнийг ингэж хэлснийх нь дараа би тайвширч маргаашаас нь тоглож эхэлсэн. Майклтай анх удаа тэгж таарч билээ. Энэ гэмтлийнхээ улмаас тэр гурван сар тоглож чадаагүй.


Бэлтгэсэн: Н.Баяр 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)