Харуусал, бас итгэл найдвар дагуулсан Альберто Фернандес

Аргентинд дөрвөн жил завсарласны дараа Өмнөд Америкийн зүүний бүсдээ эргэн оров. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан, Ерөнхий сайд асан Альберто Фернандест Куба, Боливи, Венесуэлийн удирдагч нар түрүүлж баярын цахилгаан илгээжээ. Түүний хамт Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд Кристина Фернандес де Киршнер сонгогдсон юм. Тэрбээр 2007-2015 онд Аргентинийг удирдсан билээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр улс төрийн энэ чиглэл одоогийн Засгийн газрын либерал эдийн засгийн бодлогыг удаа дараа шүүмжилж байв. Тус улсыг популизм, гаалиар хавчих бодлогодоо эргэн орохоос болгоомжилж байсан хөрөнгө оруулагчдын хувьд сонгуулийн дүн таагүй мэдээ болжээ.

ЛАТИН АМЕРИКИЙН ӨМНӨД ХЭСЭГ КИРШНЕРИЗМИЙН ТӨЛӨӨ

“Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Альберто Фернандест баяр хүргэе. Аргентинчуудыг амар тайван болгох шилжилтийн үйл явцыг тэрбээр эхлэх ёстой учраас түүнтэй ярьж, өглөөний цайнд урилаа. Хамгийн чухал нь аргентинчуудын ирээдүй, сайн сайхан юм шүү” гэж саналын хуудас тоолж дууссаны дараа одоогийн Төрийн тэргүүн Маурисио Макри мэдэгдсэн юм. Түүнийг дэмжин өрсөлдөгч нь “Бид байж болох бүх талаар хамтран ажиллана. Аргентинчуудыг зовлон шаналлаас бүрмөсөн ангижруулах нь бидний санаа тавьж буй ганц зүйл” гэжээ.

Саналын хуудасны 97.92 хувийг тоолсны дараах байдлаар Маурисио Макри 40.38, Альберто Фернандес 48.1 хувийн санал авсан байв. Энэ нь Аргентины хуулиар сонгуулийн эхний шатанд ялахад хангалттай үзүүлэлт аж. Альберто Фернандес Аргентины улс төрд анхлан хөл тавигч биш. Тодруулбал, 2003-2008 онд тэрбээр улсынхаа Засгийн газрыг тэргүүлсэн. Түүнийг эл албан тушаалд зүүний төвч үзэлтэй Ерөнхийлөгч Нестор Киршнер томилжээ. Н.Киршнер эрх барьсан үедээ 2001 онд өрөө төлөх чадваргүй байдалд орсны уршигтай идэвхтэй тэмцсэн нь олны сэтгэл хоногшсон байна. Тэрбээр гаалиар хавчих бодлого явуулж, тухайлбал, валютын хатуу хяналт тогтоох замаар байдлыг тогтвортой болгохыг оролджээ. Түүний гэргий Кристина Фернандес де Киршнер 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар нөхрийнхөө бодлогыг үргэлжлүүлсэн аж. Төрийн тэргүүний албан тушаалаас буусныхаа дараа Кристина сенатч болж, халдашгүй эрх эдэлсэн нь түүний эсрэг авлига, улсын хөрөнгө шамшигдуулсан, төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй гэсэн баримтаар хэрэг үүсгэхээс сэргийлжээ.

Энэ удаагийн сонгууль Кристина Фернандес де Киршнерт даагаа нэхэх боломж олгов. Альберто Фернандестэй нэг чиг бодлого баримталснаар тэрбээр одоо Дэд Ерөнхийлөгчийн алба хаших гэж байна. Харин улс төрийн өрсөлдөгчид нь төрийн эрх мэдэл үнэн хэрэгтээ эмэгтэй хүний гарт орж болзошгүйг анхааруулжээ. Зүүний төвч үзэлтнүүд сонгуульд амжилт олсон шалтгаануудын нэг нь идэвхтэй кампанит ажил явуулсантай холбоотой байж болох юм. Буэнос-Айрест Альберто Фернандесийн сурталчилгааны самбар өрсөлдөгчийнхөөсөө үлэмж олон байв. Тэр болгонд Кристина Фернандес де Киршнертэй авхуулсан түүний зураг байжээ.

Кристина ч маш идэвхтэй байв. Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч “Таныг хүндэтгэсэн” номоо сонгуулийн өмнөхөн гаргаж, Аргентины номын бүх дэлгүүрт хамгийн түрүүнд нүдэнд тусах газарт байрлуулсан нь кампанит ажилд үлэмж нөлөө үзүүлсэн байна. Мөн Кристина номынхоо сурталчилгааны аялал хийж очсон газар бүрт нисэх буудлаас явах зам дагуу “Тавтай морил, доктор Кристина Фернандес” гэсэн бичиг бүхий хэдэн арван зурагт хуудас харахаар байжээ. Патагони буюу Латин Америкийн өмнөд хэсэг дэх Аргентины Эль-Калафат хотод Перито-Морено мөсөн гол, цааш Чилийн үндэсний Торрес-дель-Пайне хүрээлэнг зорин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон жуулчин улстөрчийн айлчлалыг анзаараагүй байх. Харин тус бүс нутгийн оршин суугчдын хувьд эл айлчлал сүүлийн саруудын бараг л хамгийн чухал үйл явдал болжээ. Тус хот 21 мянга орчим хүнтэй. Тэдний 7000 нь Ерөнхийлөгч асны үгийг сонсохоор нутгийн цэнгэлдэх хүрээлэнд цугласан бөгөөд олонх нь түүнийг дэмжсэн байна. Эл хот сэтгэл зүрхэнд нь онцгой байр суурь эзэлдгийг Кристина Фернандес де Киршнер хэлсэн үгээрээ илэрхийлжээ. “Би анх 1982 онд Эль-Калафатад ирэхдээ үнэндээ сэтгэл хөдлөөгүй. Харин тус хот өнөөдөр хэрхэн өөрчлөгдөн, шинэчлэгдсэнийг би харлаа” гэж тэрбээр оршин суугчдын алга ташилттай зэрэгцэн хэлсэн байна.

Эль-Калафаттай хуучин Ерөнхийлөгч олон зүйлээр холбоотой. Энд 2010 онд түүний нөхөр Нестор Киршнер зүрхний шигдээсээр нас барсан юм. Мөн тус хот дахь хоёр давхар сууцандаа Кристина 2015 онд Төрийн тэргүүний албан тушаалаас бууснаасаа хойших хугацааны үлэмж хэсгийг өнгөрүүлжээ. Номын сурталчилгаа нь эцэстээ сонгуулийн өмнөх ажил болж байв. Тухайлбал, Маурисио Макригийн либерал эдийн засгийн шинэчлэлийг шүүмжлэхэд Кристина багагүй анхаарал тавьсан гэнэ. “Өнөөдөр улсын өр ДНБ-ий 100 хувьтай тэнцэж байна. Бид гадаад валютаар 13 хувьтай тэнцэх хэмжээтэйг үлдээсэн” гэж тэрбээр мэдэгджээ. Өөрийнх нь явуулсан эдийн засгийн бодлого амжилттай хэрэгжиж, улсын өр багасаж, ажилгүйдэл буурч, цалингийн доод хэмжээ нь Өмнөд Америктаа хамгийн өндөр, хөдөлмөрийн хууль нь боловсронгуй болсон гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Инфляц нь дээд хэмжээнд хүрч, хямрал нүүрлэж, гадаадын хөрөнгө оруулалт буурсныг тэрбээр дурдаагүй аж.

2015 онд төрийн эрхэнд гарсан Маурисио Макри өмнөх удирдагч Киршнерийн гэр бүлийнхний эдийн засгийн бодлогоос нэн даруй татгалзаж, тухайлбал, гадаад хөрөнгө оруулагчдыг идэвхтэй урин, валютын ханшийг либералчлах талаар шинэчлэл хийж, арилжаанд тавьсан хязгаарыг цуцалсан юм. Гэхдээ энэ нь эерэг, бас сөрөг үр дагавартай байж, инфляц (2015 онд 23 бснаа 2018 онд 47 хувь болсон), ядуурал (34 хувьд хүрсэн) өсөхөд хүргэжээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр эдийн засаг анхаарлын төвд байсан бөгөөд Аргентинд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан өдөр бүр болсон. Эдгээрт оролцсон хүмүүсийн олонх нь одоогийн Ерөнхийлөгч Маурисио Макригийн улс төрийн бодлогыг эсэргүүцэн, зүүний төвч үзэлтнийг дэмжсэн байх.

ҮЗЭЛ СУРТЛЫН ЗӨРҮҮ

Альберто Фернандес сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр нийгмийн асуудалд анхаарч, Олон улсын валютын сантай 57 тэрбум ам.долларын зээл авах шинэ нөхцөлийн талаар, хөрөнгө оруулагчидтай үнэт цаасны бүтцийг өөрчлөх тухай хэлэлцээ хийхээ амлаж байв. “Энэ сонгуулиар Аргентин улс шилжилтийн замаар явах, ардчиллыг хүчтэй болгох, хөгжих, эсвэл бий болсон газраа мөхлөөр дуусдаг, дарангуйллын популист загвартаа эргэн орох, эсэхийг тодорхойлох ёстой” хэмээн Маурисио Макри анхааруулжээ.

Аргентинд ийм болгоомжлол тээсэн хүн олонх байв. Өнгөрсөн наймдугаар сард Альберто Фернандес урьдчилсан сонгуулиудад (гол санал хураалтын өмнө заавал болдог) ялах бүрт санхүүгийн зах зээлд уналт болж, Аргентины песогийн ханш хэдхэн өдрийн дотор 30 хувиар буурчээ. Тэр үед л Альберто Фернандесын ялалт тус улсыг дахин хэдэн жил өрөө төлөх чадваргүй байдалд оруулах аюултайг шинжээчид тэмдэглэсэн байна. Өнгөрсөн сарын 25-нд буюу Ерөнхийлөгийн сонгуулийн өмнө аргентин песогийн ам.доллартой харьцах ханш 65 болж буурчээ. Аргентины Төвбанкны тэргүүн Гидо Сандлерисийн хэлснээр өнгөрсөн наймдугаар сараас хойш тус банкны нөөц 22 тэрбум гаруй ам.доллароор багасаж, 43.5 тэрбум болсон байна. “Үүнээс 12 тэрбумыг есдүгээр сарын эхээр валютын хяналт тогтоохоос өмнө, үлдсэн 10 тэрбумыг дараа нь үрсэн. Нөөцийн гуравны нэг нь өр төлөхөд, дахиад гуравны нэг нь валютын ханшаа тогтоон барихын тулд Төвбанкнаас интервенц хийхэд, үлдсэн нь ам.доллароорх хадгаламжийг бууруулахад зориулсан” гэж тэрбээр хэлжээ.

“Хувь хүмүүс ам.доллар авах нь ихэссэний улмаас нөөц эрчимтэй буурлаа. Энэ хандлага хэвээр үргэлжилнэ гэж үзээд, зохих арга хэмжээ авсан” гэж Гидо Сандлерис хувь хүмүүс ам.доллар худалдан авахад тавих хязгаарыг чангатгах шаардлагатай болсноо тайлбарлав. Урьд нь Аргентинд банкны данстай хувь хүмүүс сард 10 мянган ам.доллар авдаг байсан бол одоо энэ үзүүлэлт ердөө 200 болжээ. Бэлнээр мөнгө солиулах хэмжээ бүр буурч, сард 100 ам.доллар гэсэн хязгаар тавьсан байна.

АЛЬБЕРТО ФЕРНАНДЕС СОНГОГДСОН НЬ ХАГАРАЛТАЙГ ИЛТГЭВ

Аргентины сонгуулийн дүн гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг тус улсаас түлхэж, Өмнөд Америкийн нийт зах зээл (МЕРКОСУР)-ийн худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Бразилын барууны үзэлтэй Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгджээ. Эл байгууллагаар дамжин тус хоёр орон бусад улс, бүс нутгийн эвслүүдтэй харилцдаг аж. “Харамсалтай байна. Аргентин үнэхээр онцгүй сонголт хийлээ” гэж Ж.Болсонару хэлэв. Үүний хариуд Альберто Фернандес Бразилын удирдагч асан, Ж.Болсонаругийн гол өрсөлдөгч, зүүний улстөрч Луиса Инасиу Лула да Силваг шоронгоос суллахыг уриалжээ. Тэрбээр мөнгө угаасан, авлига авсан хэргээр 2017 онд есөн жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн юм. Түүний талынхан эл шийтгэлийг улс төрийн учир шалтгаантай гэж үздэг.

Харин Латин Америкийн зүүний улстөрчид Буэнос-Айресаас ирсэн мэдээллийг баяртайгаар хүлээж авчээ. “Аргентины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Альберто Фернандес, Дэд Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер нарт Куба улс ахан дүүгийн ёсоор баяр хүргэе” гэж Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья твиттер хуудсандаа бичсэн байна. Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса “Эл ялалт Аргентины ард түмний итгэл найдварыг эргэлзээгүй илэрхийлж байна” хэмээн мэдэгджээ. Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес “Ардчилсан сонгуулиар Аргентины Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Альберто Фернандес болон Кристине Фернандес де Киршнерт баяр хүргэе. Энэ сонголт тус улсад итгэл найдварыг сэргээж байна” гэж твиттер хуудсандаа бичсэн байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)