“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болов

Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлаар Засгийн газрын тэргүүн хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаар 2015 оны төсвийн төслийг хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчийн багц нэг бүрийн төсвийн саналыг эцэслэн тохирлоо. Түүнчлэн УИХ-д удахгүй өргөн мэдүүлэхээр болсон байна.

Урсгал зардлуудыг нэлээд танасны зэрэгцээ орон нутгийн удирдлагуудад төсвийн эрх мэдэл өгөх санал боловсрууллаа. Суманд барих сургууль, цэцэрлэгийг Засгийн газар заах биш орон нутаг өөрсдөө бие даан шийдэж, төсвөө удирдах эрх олгох гэж байгаагаараа энэ удаагийн төсөв онцлогтой гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Мөн хуралдаанаар Нисэхийн замыг 5 хэсэгт хуулж, газар доогуурх шугам хоолой тавьж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл хэмээн үзэж Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтод халагдахын өмнөх арга хэмжээ авч хариуцлага тооцсон юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай автозамыг хүлээн авч, Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай газар дээр нь танилцах ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)