Харилцан дипломат төлөөлөгчийн газраа хаав


АНУ-ын засаг захиргаа Хьюстон хот дахь консулын газраа хаахыг БНХАУ-аас шаардсаны дараа Бээжин хариуд нь Ченду хот дахь дипломат төлөөлөгчийн газраа хаахыг АНУ-аас шаарджээ. Өнөөдөр өглөө Чөндү хот дахь АНУ-ын консулын ажилтнууд хайрцагтай бичиг баримт, хогны ууттай зүйлсээ барин төлөөлөгчийн газрыг орхин явсан байна. Энэ үеэр консулын байрны ойр орчмын оршин суугчид цуглан БНХАУ-ын далбааг намируулж, селфи зураг дарж байжээ. Гурван өдрийн өмнө Хятадын дипломат ажилтнууд Хьюстон дахь консулын газрын байрыг чөлөөлсөн тухай “Associated Press” агентлагийн мэдээлсэн байна. Агентлагийн мэдээлснээр дипломат дугаартай фургонууд долдугаар сарын 24-ний баасан гарагт орон нутгийн цагаар 16.00 цагт консулын газраас гарчээ. Хятадын дипломатууд Консулын газрыг орхин явсны дараа АНУ-ын Холбооны агентлагийн хэд хэдэн төлөөлөгч Хьюстон хот дахь консулын газрын байр руу нэвтэрсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга Стивен Бигэн өмнө нь мэдэгдэхдээ, Америкийн технологийн хулгай, оюутан солилцооны системийг зохисгүй ашигласны улмаас болон Ерөнхий консулын газрын ажилтнууд дипломат үйл ажиллагааны стандартад нийцэхгүй зан авир гаргасны улмаас дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг шаардсан гэжээ. Тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь мэдэгдэлдээ, АНУ-ын энэхүү үйлдэл нь БНХАУ-ын эсрэг худал хуурмагуудаас үүдэлтэй шийдвэр юм гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)