Харилцан ашигтай, хамтран оршихын төлөөх Боао

Дөнгөж есөн жилийн өмнө буурайгаас хөгжиж буй гэсэн ангилалд шилжсэн Монгол Улсад томчуудын зэрэгт хүрэхэд хийх ажил их. Зам харгуй, эрчим хүчнээс өгсүүлээд эдийн засгийн болоод сургууль, эмнэлгээс авхуулаад нийгмийн дэд бүтцийн дутагдал өнчөөн бий. Өндөр хөгжилд хүргэх олон төсөл хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт татаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, түншүүдийн дэмжлэгийг авах шаардлагатай. Монголчууд өндөр хөгжлийн төлөө адгаж байгаа. Гэвч дорвитой урагшилж чадахгүй, боломжийг эрэлхийлсээр. Ийм цаг үеийн нэгэн өдөр буюу өчигдөр Азийн төлөөх Боао форумын бага хурал Улаанбаатарт боллоо. Бага хурлын уриаг “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэж тодорхойлжээ. Энгийнээр хэлбэл, “Уялдаатай ажиллаж, хамтдаа хөгжих хэрэгтэй шүү” хэмээсэн уриа аж.

БНХАУ-ын Хайнань арлын Боаод төвтэй уг форумыг 2001 онд анх санаачилсан. Тухайн үед Монгол Улс санаачлагч 26 орны нэг болж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн билээ. Энэ форум бол Ази тивийн улсуудын эдийн засаг, хөгжлийн асуудлаа хэлэлцдэг гол суваг. Зөвхөн эдийн засгаар зогсохгүй энэ форумаар эрүүл мэнд, спорт, боловсрол, соёлын асуудлыг ч хөнддөг. Улаанбаатарын бага хурлыг зохион байгуулагчдын нэг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Боаогийн форумыг Монголд өргөн хүрээтэй зохион байгуулж буй нь манай орны нөлөө бүс нутагтаа өсөж, анхаарлын төвд орсны илэрхийлэл” хэмээн тодотгосон.

Форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, Азийн төлөөх Боао форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун тэргүүтэй албаныхан, бизнесийн төлөөлөл оролцов. Чуулганы нээлтэд үг хэлсэн хүмүүс харилцан ашигтай хамтран ажиллахын ач тусын талаар онцолж байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс нь Азийн орнуудын хооронд эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдааг гүнзгийрүүлэх зорилготой Азийн төлөөх Боао форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн” гэж тэмдэглэн хэлсэн юм.

Тэгвэл Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн энэ ойлголтын талаар илүү нухацтай агаад далайцтай хөндөв. Тэрбээр “Бид хамтын ирээдүйнхээ талаар хэлэлцэхээр цуглаад байна. Өнөөгийн ертөнцөд бүх улсын ашиг сонирхол нэг байх ёстой. Орчлон ертөнцөд цорын ганц дэлхий байдаг. Түүн дээр бид амьдарч буйг санах хэрэгтэй. Тиймээс харилцан ашигтай хөгжлийг бий болгохын тулд хамтарч ажиллах шаардлагатай. Ирээдүйг үгээр биш, үйлдлээрээ бүтээх учиртай” гэсэн. Мөн “Дэлхийн эдийн засаг хуучнаас шинэ өсөлтийн эрин рүү шилжиж байна. Хоол хүнс, эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд өнөөгийн арга барилаар ажиллавал экологийн тэнцвэр алдагдана. Тиймээс хэрэглээний баримжаатай амьдралын хэв загвараас хөндийрөх учиртай. Улс орнууд хүлэмжийн хийг бууруулах Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, цахим засаглалыг хөгжүүлэх санаачилгад нэгдэх хэрэгтэй” хэмээв.

Бага хурал Монголд болж буй учир энэ индрийг ашиглан өөрсдийгөө тивийнхээ “анд”-уудад сайн ойлгуулах хэрэгтэй. Энэ ч үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бага хурлыг нээж, Монгол Улсын гадаад бодлогыг танилцуулсан юм. “Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай хөгжинө” гэсэн манай гадаад бодлогын зүрхэн тарни болсон үгийг тэрбээр дурдахаа мартсангүй. Хятадууд олноор оролцож буй чуулганд ийм үг хэлэхгүй өнгөрвөл алдаа болох биз. Тэрбээр “Далайд гарцгүй оронд энэ бага хурлыг зохион байгуулснаар байгалийн нөөц баялгийг үр ашигтай худалдахад тус дэм болно гэж найдаж байна” гэж цохон тэмдэглэсэн.

Монгол Улс уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэх, шинэ технологи нутагшуулах, уул уурхайгаас бусад салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой ажилладгийг мөн дуулгав. Үүгээр зогсохгүй тэрбээр “Монголчууд анд нөхдийн ёсыг эрхэмлэдэг. Шийдвэр гаргахдаа анд нөхөдтэйгөө ярилцаж, хэлэлцдэг. Алив ажил гарвал анд нөхөдтэйгөө хамтран хийдэг уламжлалтай. Энэ уламжлал бага хурлын урианы хамтран хөгжье гэсэн агуулгатай нийцэж байна” хэмээсэн юм. Түүний үгэнд БНХАУ-ын “Chine nonferrous metal mining” группийн дарга Ван Тонзоу “Монголчууд “Хүлгийн сайныг уна, хүний сайнтай нөхөрлө” гэдэг. Тэгвэл манайд “Гэртээ эцэг, эхээ хүндэл, гэрээс гараад анд нөхдөө хүндэл” гэсэн хэлц үг байдаг” гэж хариу барьсан.

Д.Цогтбаатараас гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариуцсан салбарынхаа бодлого, чиглэлийг танилцууллаа. Уул уурхай бол Монголын эдийн засгийг нуруундаа үүрч, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр шингээж, хамтын ажиллагааг өргөжүүлж буй салбар. Гэвч энэ салбарыг илүү хөгжүүлэхэд дэд бүтэц, хөрөнгө дутагдсаар байгаа билээ. Тиймээс геологи хайгуул хийх, томоохон төслүүд хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Тухайлбал, Тавантолгойн ордыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж, хөгжүүлэхээр олон жил ярьсан ч одоо л нэг учир зүйгээ олж байгааг тэрбээр онцлов. Түүний дараа Сангийн дэд сайд Х.Булгантуяа Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг танилцуулсан. Уул уурхайн түүхий эдийн ханш өндөр байгаагаас шалтгаалан эдийн засаг өсөж, гол үзүүлэлтүүд тогтвортой байгаа билээ.

Түүний дараа Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулга хийсэн. Тус газар нь “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” боловсруулж батлуулаад буй. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван салбарт тулгуурлан хөгжих бодлого юм. Уг бодлогын дагуу 144 төсөл хэрэгжүүлэх шаардлагатай аж. Төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 20.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Хөгжлийн бодлогын мэдээллээс гадна Б.Баярсайхан Монгол Улс хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүйгээр ижил нөхцөл олгож буйг онцлов. Хөрөнгө оруулагчтай 60 жилийн хугацаатай гэрээ байгуулах, түүнийгээ 40 жилээр сунгах эрх зүйн орчин бүрдүүлснийг ч бага хуралд оролцогчдод дуулгалаа. Мөн хөрөнгө оруулагчдад түргэн шуурхай үйлчлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төв нээж, Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, гомдол саналыг нь хүлээн авдаг болсноо дуулгалаа.

“Эрдэнэс Монгол” компани 5.7 тэрбум ам.долларын үнэлгээтэй болжээ. Азийн төлөөх Боао форумын бага хуралд танилцуулга хийсэн дээрх компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү ийм мэдээлэл танилцуулав. Тус компани урд хөрш рүү цахилгаан экспортлох “Шивээ энержи” төсөл хэрэгжүүлж буй. Мөн “Эрдэнэс стийл” компани байгуулан, жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж байгаа. Түүнчлэн Тавантолгойд метан хийн хайгуул хийж буй бол алт цэвэршүүлэх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Үүгээр зогсохгүй Багануурын ордыг түшиглэн нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх боломжтойг тэрбээр бага хурлын оролцогчдод дуулгав. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах нь нээлттэй аж.

Азийн төлөөх Боао форумын энэ удаагийн бага хурал “Хөгжлийн зам” хөтөлбөрийн талаарх оролцогчдын байр суурийг сонссоноор үргэлжилсэн. Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын тохиролцооны дагуу Засгийн газар “Хөгжлийн зам” хөтөлбөрийг 2017 онд баталсан. Өмнө нь ОХУ, БНХАУ-ыг дэд бүтцийн коридороор холбох уг төслийг “Талын зам” нэртэйгээр боловсруулж байв. Бага хуралд оролцогчид, ялангуяа урд хөршийн төлөөлөгчид “Хөгжлийн зам” хөтөлбөр Хятадын “Бүс ба зам” санаачилгатай нийцэж буйг давтан давтан онцолж байлаа. Хөгжлийн банкны ТУЗ-ийн зөвлөх Б.Эрдэнэсанаа “Энэ бол газар зүйн байрлалын давуу талаа ашиглан, хоёр хөршийнхөө хооронд коридор болох зорилготой хөтөлбөр. Нийт 32 төсөл хэрэгжүүлэх ёстой. Төсөл хэрэгжүүлэхэд гурван орны хувийн хэвшлийнхний оролцоо жигд байгаасай гэж боддог. Мөн санхүүгийн байгууллагууд нь оролцоосой гэж бодож байна. Манайх бол Засгийн газрын бодлогын банк. Тиймээс Хөгжлийн банк тэргүүлэх оролцоотой ажиллана” гэв. Тэгвэл БНХАУ-ын “Сhina communi¬cations construction” компанийн ерөнхийлөгч Чэн Зонг “Төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт хийхэд хоёр тал хамтран ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын эрсдэлийг нь хувааж, хамтарсан санхүүжилт хийх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ. Түүний нутаг нэгт “China general chamber of commerce in Mongolia”-гийн дарга Янг Сяоци “Төслүүдээ дан дангаар нь биш, уялдаатай хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Нэн түрүүнд төмөр замын төслүүдээ хэрэгжүүлэх нь зохистой. Тэгвэл Хятадын бараа Европ руу гарах боломж нэмэгдэнэ” гэв.

Бага хурлын өөр нэг содон төлөөлөгч нь Азийн хөгжлийн банкны захирлын онцгой зөвлөх Аюүми Кониши байв. Монгол Улс далайд гарцгүй ч “Хөгжлийн зам” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Ази, Европыг холбосон эх газрын гүүр орон болох боломжтой гэж тэрбээр байр сууриа илэрхийлсэн. Азийн хөгжлийн банк манай оронд олон талын тусламж үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Сүүлийн үед тус банк Зүүн хойд Азид сэргээгдэх эрчим хүч экспортлох судалгаанд техникийн туслалцаа үзүүлэх болсон. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүч Монголын дараагийн хөгжлийн нөөц баялаг. Гагцхүү оновчтой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэж захилаа. Хурлын үеэр Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан Монгол Улсад 1.2 терраватт нарны, 200 гегаватт салхины эрчим хүчний нөөц байгааг тогтоосныг дуулгасан юм. Монголчууд 2036 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээ Зүүн хойд Азийн орнууд руу экпортлоод эхлэх боломжтой гэнэ.

Боаод оролцогчид “Монголд байгалийн баялгийн нөөц байна, эдийн засаг нь хөгжих бүрэн бололцоо бий. Гэхдээ тулгарах бэрхшээл олон” гэж дүгнэж байлаа. Дэд бүтэц муу, эдийн засгийн тэнхээ дорой, хүний нөөцийн чадавх сул гэх мэт бэрхшээл Монгол оронд байгаа нь үнэн. “Хөгжлийн нөөц байна, хөрөнгө оруулалт татах боломж бий. Харин бидэнд бэлэн төслүүд байна уу” гэж Д.Цогтбаатар сайдаас сэтгүүлчид асуулаа. Тэрбээр “Энэ асуултад бизнесийнхэн маань бүрэн дүүрэн хариулах ёстой юм. Тооцоо судалгаа сайтай, хэрэгжих нь тодорхой, ашигтай төслөөс хэн ч мөнгө харамлахгүй. Үнэхээр бодитой хэрэгжих төсөл байхгүй бол бид бага хурал хэдийг ч зохион байгуулаад, ийм орон зай үүсгээд нэмэргүй” хэмээн хариулсан. Юутай ч харилцан ашигтай, хамтран ажиллахын төлөө ирсэн Ази “найзууд”-даа монголчууд боломжоо харуулаад, бодлоо нээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)