Харанхуй хэрэг

Хурандаа Владислав Капустиныг аравдугаар сарын 1-нд сэтгэцийн өвчтэй эр хутгалж хөнөөжээ. Сибирь даяарыг цочроосон хэрэгт холбогдсон, 26 настай Владислав Марусов гэгчийн ойр дотнын хүмүүстэй тэрбээр ярилцаж байжээ. Марусов 28 настай Анна Малаягийн үхэлд буруутгагдсан нэгэн. Малаяг Байгал нуурт живүүлсэн байв. Тэгж байтал Малаяг ивээн тэтгэдэг Сергей Черный гэгч гараад ирэв. Марусовын ойрынх нь хүмүүсийн үгээр бол чухам энэ олигархийн амаар залууг охины үхэлд буруутгаж хорих газар луу аваачсан байна.

Эрхүү мужийн Байгал далайн эрэгт байх Листвянка суурингийн дэргэдэх эргээс 2018 оны есдүгээр сарын 8-нд Анна Малаягийн цогцсыг олжээ. Залуу бүсгүй зоогийн газарт дарс шимж шөнийг өнгөрөөгөөд, Листвянкад хүргэж өгөхийг хувийн жолооч Владислав Марусовоос хүссэн аж. Цааш юу болсон нь Владиславын үгээр тодорхой болов. Тэрбээр ээж Ирина Марусовадаа дэлгэрэнгүй ярьсан аж.

Влад Анна хоёрыг сууринд ирэхэд 05.00 цаг орчим болж байв. 16 метрийн өндөрт байх сэхээвч Аннагийн очих дуртай газар санж. Машинаас бууж, агаар амьсгалж, тархиа сэргээе гэж Анна Владад хэлээд түүнийг машиндаа сууж бай хэмээжээ. Тэгээд цув, утас хоёроо аваад сэхээвч рүү явлаа. Машиндаа үлдсэн Влад 10-15 минут дугхийгээд сэрвэл Анна ер харагдсангүй. “Анна, Анна” гэж хашхирахад хэн ч хариу өгсөнгүй. Тэгээд Аннаг хайж үүгээр түүгээр гүйв. Эргийн ирмэгээс өрөөсөн гутлыг нь олоод муу юм бодогдоод явчихжээ. Цааш гүйн Байгал нуур луу хүрч очтол Анна усанд хэвтэж байх нь тэр.

Влад түүнийг уснаас чирч гаргалаа. Хиймэл амьсгаа хийх гэж оролдсон ч тус болсонгүй. Анна үхсэнийг мэдээд Влад бүр дээш нь эрэгт гаргах гэж оролдсон ч чадаагүй тул түр орхиод, ойр байх “Голд-Отель” зочид буудалд очиж түргэн тусламж, онцгой байдлын албаныхныг дуудав. Онцгой байдлын албаныхан охины цогцсыг дээш нь гаргасны дараа Байгал нуур орчимд ийм юм олон тохиолдож, эрүүл, согтуу ялгаагүй хүмүүс үхэх болсон гэдгийг цагдаа нар хэлжээ.

Анна Малая 1990 онд Пермийн хязгаарын Усоль хотод төрсөн бүсгүй. 2008 онд дунд сургууль төгсөөд их сургуульд элсэж, төрөлх нутгийнхаа охидтой хамт Эрхүү хотод байр хөлслөн амьдрах болсон байна. Аннагийн өнгөрсөн амьдралыг Влад Марусовагийн дотнын нөхөр Роман Карагайн гэргий Дарья Карагай сайн мэддэг гэнэ. Түүний ярьснаар бол зоргоороо байсны улмаас Аннаг сургуулиас нь хөөжээ. Анна өглөө болтол ном уншиж суудаг, харамсалтай нь, дараа нь цагтаа сэрж чаддаггүй. Нэг ёсондоо тэрбээр өөрийнхөөрөө амьдардаг байж. “Сургуулиас хөөгдөөд Анна хаашаа ч юм явсан. Миний бодлоор мөнгөөр төдийлөн дутагдаж байгаагүй. Өвөө, эмээ хоёр нь бизнестэй, тэд тусалдаг байсан. Хэн нэгэн залуу түүнд сайн болоод Москва руу аваад явсан гэж Анна өөрөө ярьсан” гэж Дарья дурсжээ.

2017 оны зургадугаар сарын 12-нд Анна Дарьягийн төрсөн өдөрт Влад Марусовтай ирж, ийм нэг хүн байдгийг сануулсан гэнэ. Бүсгүйчүүд хоорондоо элдвийг хүүрнэх үед Анна найздаа бодибилдингээр хичээллэх болсноо ярьжээ. Аннатай 2015-2016 оны өвөл танилцсан Влад үүнийг нь их дэмждэг байв. Владын эгч Рягузовагийн үгээр бол энэ хоёр Эрхүүгийн хаяа хотод найз нартайгаа сноубоардаар гулгаснаас хойш харилцдаг болжээ. Энэ үед Влад эгчтэйгээ Эрхүүд ч, Москвад ч амьдрах болсон аж. Яваандаа нийслэлд суурьшиж театрын сургуульд орох бодол Владад байсан ч амьдрал өөрөөр шийдэв. “Анна Владад сайн, түүнд ямар ч найз нөхөд байхгүй. Эрхүүд зоогийн газар нээхдээ туслуулахаар тэр Владыг дуудсан. Тэгээд 2018 оны долдугаар сард Влад Эрхүү рүү ниссэн” гэж Рягузова ярьжээ.

Владын ээж Ирина ярихдаа хүүг нь Анна зоогийн газрынхаа дарга бөгөөд өөрийнхөө жолооч болгосон. Анна машин барих дургүй, айдаг байсан гэнэ. Влад хоёр ажил давхар хийгээд сайн цалин авдаг байв. Анна хөдөөгийн хотын гаралтай ч томоохон ивээн тэтгэгчтэй байсан нь тэрбумтан, давс үйлдвэрлэлээр улс орондоо тэргүүлэх эгнээнд багтдаг “Руссоль” компанийн захирал Сергей Черный юм. Энэ хүн мөрдөн байцаагчид ямар мэдүүлэг өгснийг сонирхъё.

“Анна Малая миний хамтран амьдрагч байсан юм. Түүнтэй танилцаад зургаан жил орчим болсон. Бид гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй ч сүмд сүй тавьж, 2015 онд хурим хийсэн. Овгоо минийхээр солихыг Аннагаас хүсэхэд тэрбээр Шенгений визийн хугацаа дуусахаар өөрчилбөл баримт бичигтэй холбоотой асуудал үүсэхгүй гэж хэлсэн. Сүүлийн хоёр сард тэр маань зоогийн газар нээхэд бэлтгэн Эрхүүд амьдарсан. Бидний хооронд ямар нэг зөрчил байгаагүй. Түүнийг Влад гэдэг жолоочтой болсон талаар би юу ч мэдэхгүй. 2018 оны есдүгээр сарын 7-нд утсаар ярихад орой Алина гэдэг найзтайгаа уулзаж зоогийн газарт сууж байгаад харина гэж хэлсэн. Шөнө 01.00 цагийн үед гэртээ ирсэн, усанд орчихоод унтлаа гэсэн зурвас ирүүлсэн. Үүнээс хойш бид хоёр харилцаагүй” гэжээ. Эрүүгийн хэргийн материалаас үзэхэд хамтран амьдрагчдаа олигархи эр Эрхүүгийн төвд байр авч өгсөн, сард хоёроос доошгүй удаа тэнд очдог байжээ.

2018 оны есдүгээр сарын 8-ны өглөө хэргийн газарт ирсэн хууль сахиулагчид Анна Малаяг усанд живүүлснээс амиа алдсан гэж үзсэн байна. Ирина Марусова хэлэхдээ Аннагийн үхэлд эхлээд Владыг оролцсон гэж хэн ч сэжиглээгүй аж. Бараг гурван долоо хоногийн дараа есдүгээр сарын 27-нд эзэн нь тодорхой бус эрүүгийн хэрэг үүсгэж, Влад гэрчийн хувиар мэдүүлэг өгчээ.

Нууцаар уулздаг хүүхэнтэй нь Влад Марусов гэх эр дотно харилцаатай байсныг дуулаад Сергей Черный галзуурах дөхжээ. Анна нас барснаас хойш дөрвөн сар өнгөрөхөд Владыг ердөө хоёр удаа л байцаасан гэнэ. Гэтэл үүний дараа Владыг Аннагийн амийг хөнөөсөн буруутан болгож, 2019 оны хоёрдугаар сард саатуулан хорив. Энэ нь Алена Сафиулина гэдэг шинэ гэрч гарч ирснээс үүдэлтэй байлаа. Тэрбээр Анна амиа алдах үед “Голд-Отель” зочид буудалд хоносон бөгөөд тэндээс холгүй эр, эм хоёр ширүүн маргалдаж, эрэгтэй гараас нь барьчихсаныг харсан хэмээжээ. Түүний үгээр бол дараа нь тэд доош нуур луу уруудсанаас хойш дахин үзэгдээгүй гэнэ. Энэ мэдүүлэгт үндэслэн Владыг баривчлан хорилоо.

2018 оны есдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Байгал нуурын эрэг дээрх “Голд-Отель”-д ганцхан Виктория Крюкова гэдэг хүн л ажиллаж байж. 2019 оны хавар болоход энэ бүсгүй Анна Малая амиа алдсан тэр өглөөг мартжээ. Гэтэл дөрөвдүгээр сарын 16-ны 08.30 цагт гэрт нь мөрдөн байцаагч Миронов, Мазуренко, бас нэг цагдаатай хамт ирэв. Тэд нэгжлэг хийх шийдвэр үзүүлэхдээ чухам ямар учраас гэдгийг хэлсэнгүй. Нэлээд бүдүүлэг байдлаар бүх юмыг нь нэгжээд, сэжигтэй гэх зүйл олсонгүй. Дараахан нь Виктория Крюковаг мөнөөх Алена Сафиулинатай нүүрэлдүүлэв. Виктория тэгэхэд Сафиулинаг ер хараагүй, Аннаг амиа алддаг өглөө “Голд-Отель”-д байгаагүйг сайн санасан нь ихэд гайхмаар хэрэг. Сафиулина гар утасгүй байсан болохоор тухайн үед түүнийг тэнд байсан, үгүйг тодорхойлох боломжгүй аж.

“Сафиулинагийн эхний мэдүүлгээс үзэхэд түүнийг манай буудалд байрлахад шар үстэй (Крюкова хүрэн үстэй) хүүхэн үйлчилж байсан гэжээ. Тэр өдөр “Голд-Отель”-д ийм үстэй хүн ажиллаж байгаагүй. Нөгөө ээлжийн Оксана ч бас хүрэн үстэй. Түүнийг ажлаас халчихсан, бид хоёр ч бас хэрэлдчихсэн байсан. Тэгээд л тэр надад хонзогнож зориуд мөрдөн байцаагч нарын санаанд нийцсэн мэдүүлэг өгсөн байх” гэж Виктория Крюкова тайлбарлажээ. Бас нэг анхаарал татам зүйл нь Ирина Марусовагийн ярьснаар Аннагийн “Porsche Macan” машин Байгал нуурын эрэгт байсан 20 минутын хугацаанд зочид буудлын камер бичлэг хийгээгүй, Владыг тусламж гуйн жижүүр дээр ирэхэд л ажиллаж эхэлсэн байна. Зочид буудалд хэн нэгэн ирж, бичлэг хийдэг камерт гар хүрснийг Марусовагийн ойрын хүмүүс сүүлд нь мэдсэн аж.

Хүүг нь хоёрдугаар сарын 12-нд Эрхүүд хөлсний байрандаа байхад нь баривчилсан гэж Ирина Марусова хэлжээ. Тэрбээр “Бидний утсыг хурааж, нэгжлэг хийх зөвшөөрөл үзүүлээд, “Хүүг чинь хүн амины хэрэгт сэжиглэж байна” гэсэн. Мөрдөн байцаагч нарын ярьснаар бол Аннаг усанд живэхэд 25 000 ам.долларын үнэтэй ээмгийг нь Влад авсан, бас Аннагийн 66 000 рублийн үнэтэй утас нь алга болжээ. Тэд утсыг, ээмгийг нь ч олоогүй” хэмээсэн байна.

Ирина Марусовагийн үгээр бол хорих газарт Владад бие, сэтгэлийн дарамт шахалт үзүүлсэн байна. Түүгээр ч барахгүй түүнийг хүнтэй уулзахыг хоригложээ. “Хүүгээ баривчлагдаад хоёр сар болсны дараа бид шүүх хурал дээр л барааг нь харсан. Тэр хурлаар хорих хугацааг нь сунгасан. Торны цаана суугаа хүүгээ харахад нэлээд өөрчлөгдсөн, нүднийх нь гал бөхчихсөн “Ээж ээ намайг зодож байна” гэж хэлээд байсан. Тэгээд би хүүгээ амиа хорлочих вий, өөртөө ямар нэгэн муу юм хийчих вий гэж их айсан. Бид Владын өмгөөлөгчийг сольсон, хүүг минь зодсон, венийн судсаа ханасан гэж тэр өмгөөлөгч хэлсэн. Би бүх шатны шүүхэд гомдол гаргаад үр дүнд хүрээгүй” гэж Ирина Марусова ярьжээ. Мөрдөн байцаалтын явцад тэрбумтан Сергей Черный хонзон өвөрлөж нөлөөлөх магадлалтай гэж Влад Марусовын ойрын хүмүүс үзжээ. Владын гэр бүлийнхэнд олигархи эр байнга заналхийлж байсан аж. Залуугийн ойрын хүмүүсийг “Зэлийг нь эвхэнэ”, “Насаар нь хараа хяналтад байлгана”, “Владыг шоронгийн хадаас болгоно” гэжээ.

Сергей Черный нэгэнтээ Владиславын хоригдож буй шоронд ирж даргатай нь уулзаад явснаас хойш ах, дүү нарыг нь түүнтэй ямар ч харилцаагүй болгожээ. Владын ээжийг чухамхүү “Руссоль”-ний захирлын нөлөөгөөр ажлаас нь халж, хоригдлыг хамгаалах гэсэн хүн бүрийг Черный заналхийлэх болсон байна. Владыг Черныйгоос уучлалт хүсэхийг тэрбумтны хүмүүс шаардаж, эс гуйвал хүний амь хөнөөсөн хэрэг хүлээлгэж шоронд тамлана гэж айлгасан гэнэ.

Анна Малаягийн үхэл Эрхүү мужид дуулиан тарив. Энэ хэргийг шударга шүүхийг нутгийн хүмүүс шаардахын зэрэгцээ Аннагийн зугаалах дуртай байсан эргээс урьд нь эрүүл хүмүүс ч халтирч унасныг хэлжээ. Тэгвэл Анна согтууруулах ундаа багагүй хүртсэнийхээ дараа есдүгээр сарын 8-ны өглөө энд ирсэн байдаг. Тэгэхлээр аллага биш ч байж болох юм. Владиславын төрөл саднууд аравдугаар сарын эхээр Москваг зорилоо. Тэд Марусоваг өмгөөлж, Оросын мөрдөн байцаах хорооны дэргэд зурагт хуудас барин зогсоцгоов. Тэдэн дээр хурандаа Владислав Капустин иржээ. Энэ үед хурандаа руу сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, Санкт-Петербургт оршин суугч нэгэн дайрч зүрхэнд нь хутгаллаа. Тэр этгээд одоо баривчлагдсан.

Анна Малаяг юу үхэлд хүргэв гэдэг асуулт одоо ч хариулт хүлээсэн хэвээр. Дарья Карагайн үзэж буйгаар Аннад сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй байжээ. Түүнийг ердөө 10 настай байхад эцэг, эх нь салж, амиа алдан алдтал нь шаналгаж явсан аж. Түүнээс гадна надад найз нөхөд байхгүй, бүгд л мөнгийг минь ашиглахыг эрмэлздэг байсан гэж тэрбээр Дарьяд ярьсан удаатай гэнэ. “Анна амиа хорлохоор шийдсэн, эсэхийг бүү мэд. Ер нь бол тэр өөрийгөө сорих гэж Байгал нуур луу очсон байж ч мэднэ. Нэг удаа гүнзгий ус руу орж амиа алдах дөхсөнөө надад ярьсан. Есдүгээр сарын 8-ны өглөө чухам юу болсныг хэн мэдэх билээ”. Энэ бол Дарья Карагайгийн үг.

Бэлтгэсэн: Р.Жаргалант


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)