Харамласных уу, хажигласных уу

18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн бүрт өөрийг нь төлөөлөх хүнийг сонгох эрх бий. Харин 18 настнууд бол их сургуулийн босгыг дөнгөж давж буй “хүүхдүүд”. Хангалттай мэдээлэл, мэдлэггүй байхад нь сонгуульд оролц, саналаа өг хэмээн шахаж, шавдуулах нь тэднийг залхааж, “Надтай, надгүй болно”, “Сонгуульд санал өгөх нь томчуудын асуудал” гэх буруу зөрүү ойлголттой болоход нь нөлөөлдөг байж мэдэх юм. Уг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад улс төр, сонгуулийн үйл явцын талаарх мэдлэгийг нийгмийн ухааны хичээлээр дамжуулан олгодог аж. Гэхдээ энэ хангалтгүй нь үе үеийн сонгуулийн ирцийн мэдээнээс харагддаг гэж болно. 

...Хэрвээ нэр дэвшигчид залуу үеийнхний саналыг авч чадахгүй бол тэднийг сонгуульд оролцуулахгүй байх л бодлого баримтлах нь ойлгомжтой шүү дээ...

Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хийсэн “Конрад Аденауэр” сангийнхны судалгаанд 18-20 насныхны 5.1 хувь нь л сонгуульд оролцоно гэж хариулжээ. Сонгуульд оролцоно гэж хариулсан нь л энэ болохоос ийм тооны залуус саналаа өгсөн, эсэх нь эргэлзээтэй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг гэж судлаачид дүгнэж байна. Тодруулбал, мэдлэг дутмаг, сонгууль зохион байгуулах хугацаа нь элсэлтийн ерөнхий шалгалттай ойролцоо, мөн амралт, зугаалгын улирал таардаг учраас орон нутаг руугаа зүглэдэг оюутан олон. Үүнээс гадна сонгуулийн ач холбогдлыг залуус ойлгодоггүй зэрэг шалтгаан бий.

“СОНГОГЧИД ЗОРИУЛСАН ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ”

2016 оны УИХ-ын сонгуульд 18-34 насныхны 50 хувь нь л оролцсон гэсэн дүнг мэргэжлийн байгууллагынхан гаргажээ. Энэ нь ойролцоогоор 450 000 гаруй иргэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уг үзүүлэлт нь 55-аас дээш насны бүх сонгогч (350 000 гаруй)-оос ч их тоо аж. Гэтэл 55-аас дээш насныхны 98 хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог юм байна. Хэрэв залуус сонгуульд идэвхтэй оролцдог бол сонгуулийн дүнг ч өөрчилж мэдэхээр хүч болж магадгүй. Энэ нь сонгогчид бус, сонгогдогчид зориулж баталсан хуультай холбоотой гэдгийг “Erkhem and Berkeley” фирмийн гүйцэтгэх захирал, хуульч Ж.Эрхэмбаатар онцлов. Тэрбээр “Залуу үеийнхнийг буруутгахаасаа өмнө хуулиа эргэж харах хэрэгтэй. Хэрэв тэдэнд зориулсан хууль баталбал залуу үеийнхнийг “сэхээрүүлэх” боломжтой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэгтэй гэснээс өөр тодорхой заалт

УИХ-ын сонгуулийн тухай хуульд байхгүй. Энэ хууль сонгогдогч буюу нэр дэвшигч сонгуульд хэрхэн оролцох харилцааг л зохицуулах агуулгатай. Уг нь сонгуульд санал өгөх хүмүүсийн эрхийг хангахад ч тус хуулийг ашиглах ёстой юм. Үүний тулд сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд зарцуулах хөрөнгийг СЕХ-нд төсөвлөж байхаар хуульд тусгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ ажилд мөнгө төсөвлөдөггүй нь одоогийн үр дүнг хадгалахын тулд гаргасан шийдвэр байх магадлалтай. Энэ парламентад суудалтай намууд гишүүнчлэлийн хатуу бодлоготой. Үүнийгээ 30 жил хэрэгжүүлж байна. Ахмад үеийнхэн ч сонгуульд идэвхтэй оролцдог нь үүнтэй холбоотой гэж хэлж болно. Хэрвээ нэр дэвшигчид залуу үеийнхний саналыг авч чадахгүй бол тэднийг сонгуульд оролцуулахгүй байх л бодлого баримтлах нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр дараагийн удаа хуульд өөрчлөлт оруулахдаа сонгогчийн боловсролд зарцуулах хөрөнгийг батлуулахын тулд иргэд үзэл бодлоо илэрхийлэх нь чухал” гэж ярьж байна. Иргэдийн боловсролд зарцуулах мөнгийг харамласаар яваад идэвхгүй иргэдийн “арми”-тай нүүр тулах вий.


“ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ЧИГЛҮҮЛЭХЭД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО ЧУХАЛ”

Залуусын идэвхгүй байдлыг өөрчлөх хамгийн зохимжтой арга нь сурагчдад мэдлэг олгох сургалт, хөтөлбөр зохион байгуулах гэдгийг СЕХ-ныхон хэлдэг. Гэвч үүнд зарцуулах төсөв, мөнгөгүй учраас танхимын сургалт байнга явуулдаггүй аж. Энэ жил мөн адил төсөв байхгүй болохоор тус хорооныхон сургалт зохион байгуулахгүй гэсэн. Мэдээж хөл хорионы дэглэмд байгаа учраас ямар нэгэн сургалт, үйл ажиллагаа явуулахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр залуу сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар ирэх сонгуулийн өмнө ямар ч алхам хийхгүй нь. Үүнд анхаарах хүн ховор гэдэг нь үе үеийн сонгуулиар ажиглагддаг учраас ерөнхий боловсролын сургуульд байхаас нь эхлээд мэдлэг олгох хэрэгтэйг “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа онцолсон юм. Ийм насандаа хүүхэд аливаа зүйлийг ойлгох, хүлээж авах чадвар нь өндөр төдийгүй нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох сонирхолтой байдаг аж. Тиймээс сэтгэл зүйн энэ онцлогийг нь ашиглаж, сурагчдыг нэр дэвшигч, сонгогч, ажиглагч зэргээр ангилж, тэднээр нь мөрийн хөтөлбөр боловсруулан гаргуулж, амьдралд ойр аргаар сургалт явуулах нь үр дүнтэй гэнэ. Ингэснээр сурагчид мөрийн хөтөлбөртэй танилцах, нэр дэвшигч, УИХ-ын гишүүн гэж хэн болох, өөрсдийг нь ямар хүн төлөөлж, эрх ашгийг нь хамгаалах ёстой талаар мэдлэг эзэмших боломжтойг Т.Амарзаяа өгүүлсэн. Гэхдээ энэ талаарх мэдлэгийг сурагчдад олгохын тулд хичээлийн цаг, цөм хөтөлбөрт томоохон өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл, хөрөнгө, цаг хугацаа их зарцуулах нь мэдээж учраас төвөгшөөх хүн олон гэнэ. Хэдий тийм боловч улс орны хөгжил, бодлогыг чиглүүлэхэд залуусын оролцоо чухал учраас энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатайг дээрх төрийн бус байгууллагынхан дурдав.

Залуу сонгогчдыг идэвхжүүлэх нь зөвхөн манай улсад тулгамдсан асуудал биш. Гэхдээ үүнд хэр зэрэг анхаарч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, арга хэмжээ авч байгаа нь манайхаас ялгаатай юм байна. Тухайлбал, АНУ-ын улс төр дэх залуусын оролцоо сүүлийн жилүүдэд бага зэрэг өссөн үзүүлэлттэй байгааг тус улсын Мэриландын их сургуулийн багш, доктор Дана Р.Фишер судалгаандаа дурджээ. Суралцах, аливаа нэг зүйлд мэргэших, ажил хийж мөнгө олох зэрэг нь аль ч орны залуусын хувьд чухал хэрэгцээ, шаардлагынх нь нэг. Энэ нь ч сонгуульд санал өгөхгүй байх шалтгаан болдог аж. Тиймээс дээрх хэрэгцээ, шаардлагад нь үндэслэн залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар сонгуулийн зохион байгуулалтад оролцуулах кампанит ажил АНУ-д өрнүүлжээ. Ингэснээр залуус ажиллаж, тодорхой хэмжээний орлоготой болохын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх, сонгуулийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болоход нь нэмэртэй гэнэ. Манай оронд төрийн албан хаагчдад сургалт явуулж, сонгууль зохион байгуулдаг бол АНУ-д залуусаа “дайчилдаг” гэсэн үг. Сонгуулийн зохион байгуулалтад оролцсон залуус дараагийн удаа сайн дураар ажиллах, энэ чиглэлээр үргэлжлүүлэн судлах зэрэг сэдэлтэй болох магадлалтай юм байна.

Залуусыг идэвхжүүлэх нь нэг өдрийн дотор хийчих ажил биш учраас ерөнхий боловсролын сургуульд байхаас нь эхлээд мэдлэг олгох, сонгууль зохион байгуулах ажилд оролцуулах, сонгогчдын боловсролыг нь дээшлүүлэхэд мөнгө төсөвлөх зэргийн аль аль нь урт хугацааны дараа үр дүнтэй байж болохыг судлаач нар санууллаа. Тэгвэл манай бодлого, шийдвэр гаргагчид залуусын оролцоог дэмжихгүй байгаа нь хэдэн төгрөг харамласных уу, эсвэл “Саналыг нь авч чадахгүй юм чинь” гээд хажигласных уу гэдэг нь ирээдүйд өрнөх үйл явцаас тодорхой болох биз ээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)