Хараа, Ерөө голын сав газрын захиргаа нинжа нарыг хүчрэхгүй байна

Ерөө голын эрэгт алт олборлох нь энгийн үзэгдэл болжээ. Хэдхэн хоногийн өмнө нэгэн жиргээч Ерөө гол орчимд хууль бусаар мод бэлтгэн, алт олборлож буй хүмүүсийн зургийг нийтэлсэн юм.

Гэтэл зурагны доод талд энэ нь энгийн үзэгдэл болсон тухай сэтгэгдэл дүүрэн байлаа. Тэдэнд хяналт тавьдаг байсан сав газрын захиргаа өнгөрсөн хоёрдугаар сард татан буугдсан аж. 2012 онд Усны тухай хууль шинэчлэгдэж, БОНХЯ (хуучнаар)-нд Сав газрын удирдлагын хэлтэс байгуулагджээ.

Ингээд 29 сав газар орон нутагтаа өөрийн гэсэн захиргаатай болсон аж. Ерөө голын сав газрын захиргаа хамгийн сүүлд буюу 2013 оны намар байгуулагдсан байна. Тухайн үед БОНХЯ-ны Сав газрын удирлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Ганбатаас энэ тухай тодрууллаа.

-Ерөө голын сав газрыг яагаад татан буулгасан юм бэ. Одоо тэнд алт олборлон, мод бэлтгэж буй хүмүүсийг хэн хаанаас хянаж байгаа вэ?

-Ерөө гол орчимд байгаль орчны зөрчил хамгийн их гардаг. Сэлэнгийн Бугант суманд алт олборлогчид үүрлэж, орон нутгийн удирдлагуудтай холбоо сүлбээтэй болсон. Одоогийн алтны нинжа нар бүгд үнэтэй машин, хөрөнгө ихтэй.

Тэдэнд ямар ч хууль үйлчилдэггүй учраас Сав газрын захиргаа байгуулахдаа тэдний сүлжээнд байдаггүй, танихгүй хүнийг даргаар нь томилсон юм. Эрүүгийн цагдаагийн газарт Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэж бий.

Бид тэдэнтэй хамтарч хоёр ч удаа нууц шалгалт хийх гэсэн боловч нинжа нар нуугдчихсан. Тиймээс бид хууль бус үйлдлийг нь баримтжуулж, цагдаа нарт бүртгүүлдэг байлаа. Зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Ийм арга хэмжээ авч эхэлж байтал УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдоод 29 сав газрыг 26 болгохдоо Ерөөгийн сав газрыг татан буулгасан. Зөрчил бага илэрдэг газар олон байхад заавал Ерөөг сонгосон нь сонин. Тэгээд ч сав газруудыг нэгтгэх нь хууль бус.

-Хараа, Ерөө голын сав газрын захиргааг нэгтгээд ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байх шиг.

-Нутгийнх нь голыг хамгаалах гэж байхад иргэд нь хүртэл эсэргүүцэж байсныг санаж байна. Учир нь алтны нинжа нар иргэдтэйгээ холбоо сүлбээтэй. Ерөө голын сав газрын захиргаа дангаараа байхдаа хүчирдэггүй байсан.

Гэтэл өөр захиргаатай нэгдчихээр бүр дийлэхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат байгаль орчин сүйтгэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд техникийн нөхөн сэргээлт хийхийг даалгадаг. Гол руу техник оруулахаар ус бохирдоно. Тэгээд ч хүмүүс нөхөн сэргээх нэрийдлээр техникээ гол руу оруулж, алт олборлодог юм гэв.

Харин энэ талаар Хараа, Ерөө голын сав газрын дарга Л.Галбадрах “Манай сав газар өнгөрсөн гуравдугаар сард байгуулагдсан. Бид Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газартай хамтран, алтны нинжа нарын хууль бус үйлдлийг зогсоох дорвитой арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Сануулга өгч, шаардах бичиг хүргүүлсэн ч хууль зөрчигчид огт тоодоггүй. Удахгүй тэднийг зогсооно” гэв.

Э.НЯМДУЛАМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)