Хараат байдалд “халдах” зээл авах уу

УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын даргын хувиар Олон улсын улс төрийн намуудын чуулга уулзалтад оролцохоор өчигдөр БНХАУ-ыг зорьсон бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж байна. Тэд энэ өдрүүдэд хилийн чанадад ямар яриа хөөрөө хийх, айлчлалаас юу хүлээх вэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж буй юм.

Манай улсын эдийн засаг маш хүнд байгаа тухай “цочмог” мэдэгдлийг эрх баригчид хийсний дараа олон улсад Монголыг “эмзэг цэг” болгон харж буй. Ирэх онд зээлийн үйлчилгээнд 6.6 их наяд төгрөг төлнө, энэ нь төсвийн орлогоос давсан үзүүлэлт учраас ийм хэмжээний бонд гаргах, эсвэл зээл авах хэрэгтэй болсон хэмээн Сангийн сайд мэдэгдсэн.

Энэ мөнгөний эрэлд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хоёр тийш мордсон гэхэд болно. Одоогоор ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, эсвэл БНХАУ-аас зээл авах гэсэн хоёр сонголт байна. Хэдийгээр М.Энхболд намын даргын хувиар урд хөршийг зорьсон ч зээл хүсэх тухай асуудал анхаарлынх нь гадуур өнгөрөхгүй болов уу.

Тиймээс тэдний айлчлалын гол зорилго ижил. Мөн том төслүүдээ хөдөлгөхийн тулд дээрх орнуудтай хамтрах тухай яриа хэлэлцээ хийнэ. Гэхдээ хүсэх зээлийн цаад агуулга нь ялгаатай байгаа юм.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр улсын эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл авах талаар яриа хийнэ. Түүний өмнө Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус улсад айлчилж, энэ талаарх ерөнхий дүр зургийг гаргаад ирсэн. Япончууд хөнгөлөлттэй зээл олгоход дургүйцэх зүйлгүй гээд ОУВС зэрэг байгууллагатай хамтарч ажиллахыг зөвлөсөн.

ОУВС тухайн бүс нутгийн ачааг хүчирхэг эдийн засагтай оронд нь үүрүүлдэг аж. Тэгэхээр манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, эсэх нь Японоос хамаарна гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн энэ сарын 20-нд манай улсад ажиллаж, нягталж шалгах учиртай.

Үүний дараа уг хөтөлбөрт хамрагдах, эсэх нь тодорхой болно. Тэдний шалгуурт Монгол Улс тэнцэх, эсэхийг одоо хэлэхэд эрт байна. Ерөнхий сайдын хувьд энэ бүхнийг нааштай шийдэх зорилгоор анхны айлчлалаа Японд хийж буй биз ээ.

Нөгөө талаар манай улс Хятадаас 2.2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 2-4 тэрбум доллар зээлэх гэж буй гэх мэдээлэл бий. Уг мэдээлэл гарсантай зэрэгцэн УИХ-ын дарга тус улсыг зорив. Бага хүүтэй, урт хугацаатай зээл авах яриа хэнд ч таатай сонсогдоно. Гэвч үүний ард ямар сөрөг тал байгааг анхаарахгүй орхиж болохгүй.

Эерэг, сөрөг талыг нь тодорхой болгохын тулд өнөөх “Чингис” бондтой харьцуулж үзье. 1.5 тэрбум долларын бондыг өмнөх Засгийн газар 4.75 хувийн хүүтэйгээр, 5-10 жилд эргэн төлөх нөхцөлтэйгөөр босгосон. Мөн бондын мөнгөөр хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх шийдвэрийг манай Засгийн газар өөрөө гаргасан. Гаднын ямар нэг нөлөөгүй гэсэн үг.

Харин БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлийг “эрх чөлөөг хумих” нөхцөл дагаж ирнэ. Тэд төслөө үнэлнэ, тоног төхөөрөмжөө нийлүүлнэ, ажиллах хүчний квотоо тогтооно, бүтээгдэхүүний борлуулалтыг хараат болгоно. Гол аюул нь энэ. 20 жилийн турш тэд хяналт тавих учраас улс төрийн зээл хэмээн тодотгож болохоор байна. Өмнө нь манай улс ОХУ-аас л ийм хэмжээний зээл авч байсан.

Тэр үед ч “ах нар” биднийг хянадаг байв. Ардчилсан хувьсгал ялснаар улс төрийн, хараат зээлийн нөхцөл өөрчлөгдсөн гэж үздэг. Хожим их өрийг тэглэх гэж бөөн асуудал үүссэн байдаг. Тэгвэл социализмын үеийнх шиг ийм зээлийг одоо БНХАУ-аас авах гэж байна хэмээх хардлага бий болов.

Оросыг Хятадаар солино, үр дүнд нь өнөөдрийн асуудлаа шийдсэн мэт харагдах ч улс төр, эдийн засгийн хувьд нэг орноос хараат болно. Зээлээ төлж чадахгүй бол Тажикстан шиг газар нутгийнхаа нэг хэсгийг тасалж өгөхөд хүрнэ. Өөрөөр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд хамаатай асуудал болж буй юм.

Эндээс хоёр асуулт гарч байна. Улс орон үнэхээр өр зээлээ төлж барахгүй хүнд нөхцөлд орчихсон юм уу. МАН-ынхан тийм, АН-ынхан үгүй гэж байна. Улсын ирэх оны төсөвт тусгаснаар 2.6 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, 6.6 их наяд төгрөгийн зээл төлнө. Нийт 4.2 тэрбум доллар олох хэрэгтэй болсон хэмээн эрх баригчид мэдэгдсэн.

Ингэхдээ өмнөх Засгийн газрын үед авсан бонд, зээлийн төлбөр мэт тайлбар хийж байгаа юм. Харин сөрөг хүчний бүлгийн дарга С.Эрдэнэ “6.6 их наяд төгрөгийн төлбөрийн гуравны хоёрыг Сү.Батболд, С.Баярын Засгийн газрын үеийн зээл эзэлж байгаа. Мөн аж ахуйн нэгжүүд төлөх өр ч бий. Гэтэл бүх өр зээлийг “Чингис” бондынх мэт болгоод байна” гэж тайлбарласан.

Мөн “сайн” гэсэн хөтөлбөрүүд бүгд тусдаа зээл авсан аж ахуйн нэгж, иргэдтэй. Тэд төлбөрөө хийгээд, орлого бүрддэгээрээ бүрдээд явж байгаа. Эрх баригчид энэ бүхнийг төсөвт нэгтгэж, зардал өсгөж харагдуулах, эдийн засаг маш муу байна гэсэн цочролд оруулахыг зорьж буй бололтой.

Сөрөг хүчинд итгэх нэг биш сэжүүр бий. Энэ оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гадаад валютын нөөц -485 сая доллар байна хэмээн мэдэгдсэн. Харин 2017 оны төсөвт 1.2 тэрбум долларын нөөцтэй хэмээн тусгаж оруулж ирсэн нь анхаарал татна. Энэ бол өмнөх Засгийн газар тэр хэмжээний нөөцтэй сан хүлээлгэж өгсөн ч МАН “тоглолт” хийж, харлуулах гэсний нэг нотолгоо.

Хоёр дахь асуулт бол улс орныхоо үндэсний аюулгүй байдалд халтай зээл заавал авах хэрэгтэй юү. Засгийн газрын мэдэгдсэнээр том төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалт татах замаар эрсдэл багатай хувилбар сонгож болмоор.

Энэ мэтээр иргэдийг төөрөлдүүлчихээд байна. Юутай ч УИХ-ын дарга урд хөршийг зорилоо. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын “эрлийн” шийдэл харин яаж гарахыг удахгүй харах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (101)