Ханшийн хэлбэлзлийг бууруулахаар валютын заавал байлгах нөөцийг нэмлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт ээлжит хурлаа хийлээ. Уг хурлаас бодлогын хүүг 11, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Тэгвэл гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг гурван хувиар нэмэгдүүлэн 15-д хүргэх шийдвэр гаргасан байна. Эдийн засгийн болон зээлийн өсөлт саарч буйтай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн байна. Гэвч төсвийн гүйцэтгэл, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй байх нь зөв гэж үзжээ. Түүнчлэн төгрөгийн өгөөжийг хадгалах, улмаар ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн хувийг гурван нэгжээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Жилийн инфляц энэ оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 5.2, Улаанбаатар хотын хэмжээнд таван хувьд хүрчээ. Нийлүүлэлтээс шалтгаалсан цөөн бараа, бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь инфляцын хэлбэлзлийг тайлбарла -сан хэвээр байна гэж Монголбанкнаас мэдээлэв. Махны нийлүүлэлт өсөж, үнэ хямдарсан нь инфляц буурах шалтгаан болсон билээ. Харин эрэлтийн шалтгаантай суурь инфляц тогтвортой байгаа аж.

Экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, төсвийн зардал тэлж, томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт үргэлжилж буй ч гадаад орчны тодорхой бус байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарахаар байгаа гэнэ. Төсвийн зардал ирэх онд тэлж, цалин нэмэгдэж дотоод эрэлтийг дэмжих боловч уул уурхайн салбарын өсөлт бууран, хөрөнгө оруулалтын хэмжээ багасаж, эдийн засгийн идэвхжил тогтворжих төлөвтэй байна гэж Төвбанкныхан үзлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)