Ханшийн гурван “тийрэлт”

Монгол Улс 10 гаруйхан тэрбум ам.долларын эдийн засагтай. Энэ бол дэлхийд жижиг эдийн засагт тооцогдоно. Гэхдээ манайх олон улсын эдийн засгийн нэг эс яах аргагүй мөн. Иймээс дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарт өрнөж буй үйл явдал манайд нөлөөлдөг. “Орос найтаахад Монгол ханиад хүрдэг” гэсэн хэллэгийг социалист нийгмийн үед гаргасан. Тэгвэл зах зээлийн нийгэмд “Хятад найтаавал Монгол ханиад хүрдэг” болжээ. Манай хөрш Хятад дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх том эдийн засагтай орон. Монгол Улс хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ талаас илүүг тэднийхээс импортолдог. Үүгээр зогсохгүй Хятадад экспортын бараа, бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг нийлүүлдэг. Тиймээс Хятад хэмээх их гүрний эдийн засаг, санхүүгийн салбараараа дамжуулан олон улсын харилцаанд баримталж буй бодлогын шийдэл манайд шууд тусдаг билээ.

АНУ, БНХАУ хоёр худалдааны дайн хийж эхэлсэн. Худалдааны дайнд давуу тал олох бодлогоо Хятад улс юанийн ханшаар дамжуулан хэрэгжүүлж байна. Хятадууд өнгөрсөн оны эхнээс юанийнхаа ханшийг аажмаар сулруулж эхэлсэн юм. Тухай үед 6.71 юань нэг ам.доллартой тэнцэж байсан. Тэгвэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг ам.доллар 7.15 юаньтай тэнцэх болсон юм. Үүнээс хойш хятадууд юанийнхаа ханшийг чангаруулж эхэллээ. Өчигдрийн байдлаар 6.91 юань нэг ам.доллартой тэнцэж байна.

“Найман шарга” арилжааны төвийн ченжүүд ам.долларыг өчигдөр 2746-гаар авч, 2749 төгрөгөөр борлуулж байлаа. Түүнчлэн юанийг 398 төгрөгөөр авч, 399-өөр худалдаж байв. Бяцхан тооцоо бодож үзье. Дээр нэг ам.доллар 6.91 юаньтай тэнцэж буйг дурдсан. Ам.долларын 2749 төгрөг гэсэн ханшийг 6.91-д хуваая. Ингэхээр 397.8 гарч байна. Энэ бол манай хар захад тогтож буй юанийн ханш юм. Тэгвэл 2749-ийг юанийн хэдэн сарын өмнө хүрсэн 7.15 гэсэн ханшид хуваая. Ингэвэл 384.4 төгрөг гарна. Эндээс юанийн ханш ам.долларын эсрэг чангарвал төгрөгийн эсрэг өсдөг логикийг харж болно. Товчхондоо, хятадууд юанийн ханшаа чангалах нь манайд ч өсөлт үүсдэгийг ойлгох хэрэгтэй.

Манай валютын зах зээлд ам.доллар хомсдож ханш нь өсвөл юанийнх дагаад л нэмэгддэг жамтай. Мөн юанийнх өсвөл ам.долларынх ч дээшилнэ. Монголбанкны албан ханшаар өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр нэг юань 373.1 төгрөгтэй дүйж байв. Түүнээс хойш ханш нь 25 төгрөгөөр нэмэгдээд буй нь энэ. Дээр дурдсанчлан хятадууд ам.долларын эсрэг юанийн ханшаа чангаруулсантай холбоотой өсөлт гэж ойлгох хэрэгтэй. Манай зах зээлд валютын ханш өссөний нэг “тийрэлт” нь Хятадын мөнгөний бодлого байжээ.

Ханшийг өсгөж буй удаах “тийрэлт” нь дотоодын мөнгөний бодлого. Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд зах зээлээс ам.доллар татаж байгаагаа бараг зарлачихсан. Захаас валют татах нь хомсдол үүсгэнэ гэсэн үг. Ингэхээр ханш өсөх нь тодорхой. Эрэлт их байхад нийлүүлэлтийг багасгах нь ханшийг хөөрөгдөх үндсэн шалтгаан билээ. Төвбанк валютын нөөцийг нэмэхээр зах зээлээс ам.доллар татсаар байвал ханш өссөөр байх болно.

Манай улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 162 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ бол манай улсаас гарч байгаа гадаад валютаас орж буй нь илүүг илтгэсэн үзүүлэлт. Төлбөрийн тэнцэл ашигтай гарч байгаа нь ханш тогтвортой байх суурь шалтгаан юм. Гэвч өссөөр байгаагийн нэг “тийрэлт” нь валютын нөөцөө нэмэх гэсэн Төвбанкны мөнгөний бодлого юм. Монголбанк улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ гэж ярьж буй. Валютын нөөц ихтэй байх нь муу зүйл биш гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Гэвч иргэдийн үндэсний мөнгөн тэмдэгтдээ итгэх итгэлийг сулруулж буйг анхаарах хэрэгтэй.

Дараагийн “тийрэлт” нь хүлээлт. Энэ бол эдийн засгийн маш чухал ойлголт. Хүлээлтийг зөв удирдах нь эдийн засаг, санхүүгийн бодлого боловсруулагчдын ур чадвараас шууд хамаарна. Төвбанкны ерөнхийлөгчөөр өмнө нь ажиллаж байсан Н.Баяртсайхан томилогдонгуутаа Монгол Улсын валютын нөөц хасах 400 сая төгрөг болсон гэж мэдэгдсэн. Тэрбээр валютын нөөцөөсөө своп хэлцлийн дагуу Хятадын Ардын банканд төлөх учиртай хоёр тэрбум ам.долларыг хасаж ийн хэлсэн юм. Зарим шинжээч ам.долларын ханшийг өсгөж, орон нутгийн сонгуульд МАН-ыг ялуулахын тулд ийм сүржин мэдэгдэл хийсэн гэж таамагладаг. Уг мэдэгдлийг 2016 оны долдугаар сард хийсэн. Тухайн орны арваннэгдүгээр сар гэхэд ам.долларын ханш 2450-д хүрч, 500 төгрөгөөр нэмэгдсэн байлаа.

Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдэл нь ам.долларын ханшийг өсгөх нь гэсэн хүлээлт үүсгэж, дэвэргэсэн юм. Ингээд 2017 оны эхэнд ам.долларын ханш 2500 төгрөгийг давлаа. Үүнээс хойш ам.долларын ханш тогтворжсон. Аажмаар бууран 2018 онд 2390 төгрөгт хүрсэн тохиолдол ч бий. Тус онд манайх “Чингис”, “Дим сам” бондын өрийг төлөх байлаа. Бондын өрийг дахин санхүүжүүлэх замаар төлсөн ч валютын хомсдол үүснэ гэсэн хүлээлт газар авав. Зах зээлд валютын бага зэрэг хомсдол ч үүссэн. Энэ хүлээлт ам.долларын ханшийг 250 төгрөгөөр өсгөж, 2600-гаас давуулсан билээ.

Манай улсыг өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын “сараал жагсаалт”-д оруулсан. Ингэснээр валютын ханш өснө гэсэн хүлээлт үүсэв. Валютын ханшийн зөрүүнээс ашиг хонжоо олох гэсэн хүмүүс уг хүлээлтийг ашиглаж, хамаатан садан, найз нөхдөдөө төгрөгийн хадгаламжаа ам.доллар луу шилжүүлэхийг ятгасан. Буруу хүлээлтээс үүдэн манай зах зээлд сар гаруйн хугацаанд төгрөгөө ам.доллар луу хөрвүүлэх “хөдөлгөөн” өрнөлөө. Үр дүнд нь ам.долларын ханш 2700 төгрөгөөс давав. Монголбанк ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсон ч эдийн засаг, санхүүгийн салбарт дорвитой өөрчлөлт гарахгүй гэдгийг олон нийтэд ойлгуулаагүй. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үүсэж болох эрсдэлийг тооцоолоогүй юм. Олон нийтийн дунд буруу хүлээлт төрүүлснийхээ дараа л Төвбанкныхан мэдэгдэл хийсэн. Гэвч тус болсонгүй. Ингээд их хэмжээний ам.доллар зах зээлд нийлүүлэв. Шинжээчид 700 сая ам.долларын интервенц хийсэн гэж тооцоолж буй. Ийм хэмжээний ам.доллар зах зээлд нийлүүлээгүй бол “ногоон”-ы ханш 2800 төгрөгөөс давах байсан биз.

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт өндөр настны тэтгэврийг нэг удаа тэглэх хууль баталлаа. Тэтгэврийг тэглэх 758 тэрбум төгрөгийг бонд гаргаж олох гэнэ. Гаргасан бондыг нь Монголбанк худалдаж авах учиртай. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийг 758 тэрбум төгрөгөөр нэмнэ гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх тусам валютын ханш өсдөг зүй тогтолтой. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх шийдвэр ам.долларын ханшийг өсгөнө гэсэн хүлээлт үүсгэлээ. Зарим эх сурвалж ам.долларын ханш 3000 төгрөг хүрнэ гэж ярьж байна. Ямартай ч энэ шийдвэр ам.долларын ханшийг “хөөрөгдөх” хөшүүрэг болох нь тодорхой.

Нөгөө талаас Олон улсын валютын сангийнхан Монгол Улсын Засгийн газар төсөвтэй адилтгах зарцуулалт хийж, байгуулсан гэрээгээ зөрчлөө гэж мэдэгдэв. Гэрээгээ зөрчсөн учраас Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг зогсоох магадлал өндөр. Ингэвэл ам.долларын ханш өсөх хүлээлтэд тос нэмнэ. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай зах зээл рүү чамгүй их ам.долларын санхүүжилт урсаж байгаа. Мөн төсөв, санхүүгийн сахилга бат сайжирч буй. Сахилга бат сулрах нь гэсэн айдас валютын ханш өснө гэсэн хүлээлтийг улам гааруулах вий.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр “Би буруугаа хүлээе. АН нэг сая төгрөгийн хувь хүртээнэ гэхээр нь 1.5 саяын хишиг таарна гэж давуулан хэлсэн нь алдаа болсон” гэж “жиргэжээ”. Тэрбээр бэлэн мөнгө тараах нь буруу байсныг одоо ойлгосон бололтой. Түүний болоод дараагийн Ерөнхий сайд нь бэлэн мөнгө тараасан нь хавтгайрсан халамжийг дэвэргэх эхлэл байв. Үүнээс хойш УИХ-ын сонгууль болох бүрт бэлэн мөнгө тарааж, эдийн засгаа хорлодог болсон. Бэлэн мөнгө тараах, зах зээлийн буруу хүлээлт удирдахгүй орхих тусам валютын ханш өснө, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Ханшийг хамгийн ихээр өсгөсөн “тийрэлт” нь улс төрийн алдаанаас үүдэлтэй хүлээлт гэдэгтэй маргахгүй болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)