Х.Анхбаатар: “Морьтны гайхамшиг” үзүүлбэр олон улсын циркийн брэнд болсон

Энэ удаагийн дугаартаа “Морьтны гайхамшиг” циркийн үзүүлбэрийн жүжигчин Х.Анхбаатартай ярилцлаа.

-Ярилцлагаа циркийн урлагтай холбогдож эхэлсэн үеэс тань эхэлье. Хэзээнээс энэ урлагт татагдав?

-Би 1999 онд нийслэлийн 78 дугаар сургууль төгссөн. Багаасаа хөдөө явж, морь унаж өссөн л дөө. Боловсролын их сургуулийн Биеийн тамирын багшийн ангид сурч байхдаа Н.Болдбаатар багшид шалгуулж, тэнцээд шавь нь болж байлаа.

Ингэж 2001 онд циркийн босгыг давж, “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн жүжигчин болсон. 2002 оноос өнөөдрийг хүртэл БНСУ, Тайвань гээд олон улс, хотод аялан тоглолт хийж, морин дэл дээр шуугиулж явна.

-Тэгвэл нум сум харвахыг сонирхож эхэлсэн үе нь хэзээ вэ?

-“Морин харваа” холбоог албан ёсоор 2004 онд зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ондоо олон улсын анхны тэмцээндээ оролцож байлаа. Спортын их сайхан төрөл шүү дээ.

Морьтойгоо харилцах, давхиж явахдаа нум, сумандаа түүртэхгүй байх зэрэгт анхаарлаа маш сайн төвлөрүүлэх шаардлагатай болдог.

-Морь чадварлаг унах, нум сум мэргэн харвахыг нэгэн зэрэг үзүүлж чаддагаараа танай үзүүлбэрүүд гайхамшигтай. Морио унаад давхихад омогшино биз?

-Морины нуруун дээр гарахаараа нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэдэг шиг л болно шүү дээ. Морьтон монгол хүн чинь омогшилгүй яах вэ. Энэ мундаг үзүүлбэрийг олон хүнд үзүүлэхийг хичээдэг. Морио унаад үзүүлбэрээ хийж байхад омогших, бахархах сэтгэл төрдөг. Энгийн байгаагаасаа эрс өөр болдог.

Н.Болдбаатар багш минь намайг хүү шигээ санаж, хөдөөгүүр дагуулж явдаг байлаа. Явах бүртээ морьтой яаж харилцах талаар зааж, сургадаг. Намайг энэ урлагт дурлуулсан багшдаа, гэр бүлийнхэнд нь талархаж явдгаа энэ дашрамд хэлье.

-“Морьтны гайхамшиг” үзүүлбэр бий болоод 40 гаруй жил өнгөрчээ. Анх үндэслэснээс өнөөдрийг хүртэл хэчнээн жүжигчин эндээс төрөв?

-1972 оноос авахуулаад өдийг хүртэл бараг 700 гаруй жүжигчин төрж гарсан байна. Манай ахмад жүжигчин Балдандаваа гэдэг хүн бий. Болдбаатар, Цэцгээ эгч, Мөнхтогоо гээд яриад байвал зөндөө.

Харин яг өнөөдөр энэхүү үзүүлбэрээ авч явж байгаа нь Ш.Цогтхүү, Б.Дэлгэрбаяр ах нар байна даа. Би ч өөрийн хэрээр хичээж явна.

-Танай үзүүлбэрийг гадаадын үзэгчид хэр сонирхож, хэрхэн хүлээн авдаг вэ?

-Гадаадын үзэгчид маш сайн хүлээж авдаг. 1999 оноос авахуулаад БНСУ-ыг тэр чигээр нь байлдан дагуулж байна. Анх 1996 онд “Монгол морьтон” холбооны Ш.Цогтхүү эмээлээ үүрээд л очсон байдаг юм. Үүнээс хойш Чэжү арал дээр өдийг хүртэл Монгол Улсынхаа нэрийг гаргаад л явж байна.

Одоо Солонгост “Морьтны гайхамшиг” тоглолтыг үзүүлдэг 100 шахам уран бүтээлч ажиллаж байгаа. ӨМӨЗО-д мөн 400 орчим уран бүтээлч эх орноо сурталчлаад явж байна. “Морьтны гайхамшиг” үзүүлбэр олон улсын циркийн брэнд болсон.

Солонгос гэлтгүй дэлхийн ямар ч оронд очиж тоглоход “Чингисийн Монгол” гэж хөл алддаг. Тоглолт дууссаны дараа баяр хүргэж, зураг авахуулах гэсэн хүмүүс бүччихдэг.

-Циркийн манеж эсвэл задгай талбайд тоглоход ямар ялгаатай вэ. Манежинд илүү давчуу орон зайд, баригдаж тоглох болохоор нарийн ажиллагаа шаарддаг байх даа.

-Давчуу гэж хэлж болохгүй. Манеж олон улсын стандартад нийцсэн хэмжээтэй байх хэрэгтэй. Морины хурдаар давхиж болох хамгийн жижиг тойрог буюу 13.5 метрийн хэмжээтэй. Морин циркийн үзүүлбэрийн нарийн гүйцэтгэл хийхэд хамгийн тохиромжтой талбай.

Задгай талбайд тоглож сураагүй морь гаднах талбайд замынхаа дагуу явахгүй байх тохиолдол бий.

-Манай циркчид гадаадын олон улсад аялан тоглолтоор их очдог, эсвэл бүр тэндээ амьдрахаар үлдэж байгаа харагдах юм. Энэ нь циркийн хангамж, нөхцөл бололцоо муутай холбоотой байна уу даа?

-Ер нь бол цирк уналтын байдалтай байж байгаад 2001 оноос хойш гайгүй сэргэсэн. Ингээд 2007 онд Асашёорю Д.Дагвадорж хувьчилж авсан. Үүнээс хойш хоёр жил тогтмол үйл ажиллагаатай байсан боловч эргээд байдал бүрхэг боллоо. Цалин мөнгөө ч өгөхөө больсон. Тэгээд жүжигчдээ эхнээс нь халж эхэлсэн шүү дээ.

Ингээд л бид 2009 онд тал тал тийшээ тарсан даа. Өмнө нь төв цирк 100 гаруй үндсэн, 80 гаруй гэрээт жүжигчинтэй байлаа. Гэтэл одоо 20 гаруй л хүн байдаг байх. Доторх үйл ажиллагааг нь сайн мэдэхгүй юм.

Одоо хааяа нэг цирк рүү яваад орохоор бараг “Та юун гаднын хүн бэ” гээд л хөөх шахуу байдаг юм. Ийм байдалтай болохоор л олонх уран бүтээлч маань гадагшаа гарч байгаа. Гадаадад үнэлэмж ч арай өндөр.

-“Морьтны гайхамшиг” үзүүлбэрийн жүжигчин болохын тулд их удаан бэлтгэдэг үү?

-Бүтэн зургаан сар морьдоо бэлдэнэ. Жүжигчдээ бол хоёр жил бэлдэнэ. Нэг үзүүлбэр бэлтгэхийн тулд дор хаяж жил хагас юм уу, хоёр жил зарцуулдаг. Зөвхөн бэлтгэлээс гадна тухайн үзүүлбэрээрээ бүтэн жил тоглолт хийж байж тэр уран бүтээлч зүгширнэ.

Тэгж байж “Морьтны гайхамшиг”-ийн жүжигчин болно шүү дээ. Бид өдөр болгон таван цаг бэлтгэл хийдэг. Морьтой хоёр цагийн бэлтгэлээс гадна биеийн бэлтгэлд гэхэд дор хаяж хоёр цаг зарцуулдаг. Тэгж байж уран бүтээлч гэдэг нэр хүндээ авч явах ёстой юм.

-Циркийн жүжигчдийг их багаас нь бэлдэж авдаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй юм бэ?

-Морин цирк хурд хүч, тамир шаардсан урлаг тул гарын тамир гүйцсэн хүн хийх ёстой. Морины хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд эрсдэл ихтэй. Тиймээс 16 нас хүрсэн залуусыг авч бэлддэг.

Энэ насны хүүхдүүд гарын тамир гүйцэж, өөрийгөө их, бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Хоёрт, морин дээрээс буугаад, үсрээд гарахад бага насны хүүхдийн бие жижиг учраас тушигдаад байдаг. 13 настайгаас нь эхлүүлээд гурван жил сургахад 16 хүрэхдээ бүрэн бэлтгэгддэг.

-Циркийн бэлтгэл сургуулийн байр дутмаг байгаа тухай, ялангуяа хуучин циркийн байртай холбоотой асуудал нэлээд яригдсан ч шийдэлд хүрээгүй. Танай “Талын морьтон” цирк бэлтгэл, сургуулилалтаа хаана хийдэг юм бэ?

-Циркээр овоглож явсан багш, жүжигчин гээд бүх уран бүтээлч 2009 оноос хойш хувиараа ажиллах болсон. Одоо циркийн сургууль дээрээ л сургалтаа явуулдаг. Гэтэл энэ байр маань Хөгжим бүжгийн коллежийн харьяа болохоор тэр бүр тухтай бэлтгэл хийж бас болохгүй ээ. Бэлтгэлийн байр үнэхээр хүрэлцээ муутай. Бэлтгэл хийх боломжгүй шахуу.

Одоо бол бид энд тэнд заал түрээслээд, энд тэндхийн хүмүүсээр морьдоо маллуулаад л байж байна. Ихэнхдээ гадаадын цирк болон шоу хийх гэж байгаа хүмүүстэй хамтран ажиллаж, тэнд нь очиж бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

-Одоо морьтой бэлтгэлээ хаана хийж байна вэ?

-Монголд хэцүү. Ш.Цогтхүү ах “Өлзийт” хороололд “Хан Монгол” морьтны холбоо байгуулсан. Тэндээ л бэлтгэлээ хийж байна. Бас Б.Дэлгэрбаяр гээд залуу Гачууртад Шар уулын аманд бэлтгэл хийлгэдэг. Манай “Талын морьтон” цирк ӨМӨЗО-д 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Энд харин бэлтгэл сургуулилалт хийхэд асуудалгүй. Бүх бололцоогоор хангаж өгдөг.

-Танай ”Талын морьтон” циркийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

-Тоглолт үзэхээр ирсэн гадаадынханд түүх, соёлоо сурталчилж, тэдний сүрдэж байгааг харах сайхан шүү. Манайх гадаа цэнгэлдэх хүрээлэнд тоглохоос гадна циркийн дугуй манежинд ч тоглодог.

-Морьдоо хэрхэн сонгодог вэ. Сайн шилж авдаг байх даа?

-Өмнө нь монгол морин дээрээ л үзүүлбэрээ үзүүлдэг байсан. Одоо бол дандаа эрлийз адуун дээр хийж байна. Морины гэдсэн доогуур орох, үсэрч харайхад том, өндөр биетэй морь зүгээр байдаг юм.

Дээрээс нь жингийн хувьд эрлийз морь 500 кг гаруй жинтэй байхад монгол морьд дээд тал нь 350 кг жинтэй байх жишээтэй. Өөрсдөө морьдоо харж, шилж авдаг. Тайзан дээр харагдах байдлаар нь зүс сайтай, харахад “Ямар гоё морь вэ” гээд уулга алдмаар байлгахыг хичээдэг.

-Олон улсын тэмцээн, тоглолтод оролцоход морьдоо зөөх, авч явах, хүнс тэжээлээс авахуулаад нэлээд их зардал, чирэгдэл гардаг байх. Энэ бүхэнд улсаас үзүүлдэг хөнгөлөлт, хангамж байдаг уу?

-Улсад хамааралгүй болсноос хойш бор зүрхээрээ явцгааж байна. Яг энэ тал дээр төв циркийг жүжигчид бид бүхэнд өгч байж л дээшээ гарна даа. Одоо зүгээр бэлтгэл сургуулилалт хийлгэхээс биш нийгмийн, эрүүл мэндийн даатгал ч төлөхгүй байгаа нь худлаа биш шүү дээ. Өмнө нь бид цалингаа аваад нийгмийн даатгалаа бөглүүлж, бэлтгэл сургуулилалт өглөөнөөс орой болтол хийдэг байлаа.

Манайх гэхэд л хувиараа 10 гаруй морь тэжээж байна. Нэлээд хэдэн төгрөг орно шүү дээ. Зунжингаа ажлаа хийнэ. Энд тэндхийн ойгоор тоглоно. Олсон мөнгөөрөө эргүүлээд морьдоо тэжээж, хүүхдүүдийнхээ цалинг өгөөд л таардаг. Өвөл нь зогсонги байдалтай. Урьд нь төв циркт байхдаа бэлтгэл сургуулилалтаа хийж, өвөлдөө ч тоглодог, зундаа ч тоглодог байлаа.

-“Морьтны гайхамшиг”-ийг сонирхож, уран бүтээлч болох гэсэн хүсэлтэй залуус хэр олон байдаг вэ?

-Их сонирхдог. Жил ирэх тусам сонирхож, орохыг хүсдэг залуус нэмэгдэж байна.

-Цирк бол биеэр үзүүлдэг урлаг. Энэ урлагийн жүжигчин байх хэцүү юү?

-Хүнээс гарч болох юу л байна тэр бүхнээ шавхах хэрэгтэй болдог. Тэвчээр, хатуужил, оюун ухаан, хүч тамир, авхаалж самбаа гээд бүхнээ зориулж байж тайзан дээр гарах эрхтэй болно доо. Энэ бүхний дараа гарах үр дүн нь хамгийн үнэ цэнэтэй учраас л энэ урлагт шунан дурладаг байх.

-Тоглолт, сургуулилалтын явцад бэртэж гэмтэх магадлал маш өндөр. Та бэртэж, дахин морь унаж тайзан дээр гарахаас халширч байв уу?

-Ер нь циркийн жүжигчин хүн аливаа эрсдлийг тооцох хэрэгтэй. Мөн эрсдэлтэй гээд хойш суух нь утгагүй. Яагаад гэхээр маш олон жилийн хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл шингэсэн учраас бүхий л зүйлд бэлтгэлтэй байдаг.

-Та олон улсын тэмцээнд ямар амжилт үзүүлж байв?

-Морин харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сард болно. АНУ, Герман, Турк, Унгар, БНСУ, Монгол, Япон зэрэг 20-иод улсын тамирчин оролцоно.

Нийтдээ 200-гаад тамирчин өрсөлдөх байх. Тэнд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа. Өмнө нь би энэ тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж байсан.

-Та циркийн жүжигчнээс гадна дэлгэцийн уран бүтээлд орлон тоглогчоор ажилладаг. Хэчнээн уран бүтээлд дүрээ мөнхөлж амжив?

-2004 оноос орлон тоглогчоор ажиллаж байна. ВВС телевизийн “Чингис хаан” киноноос авахуулаад 20 гаруй кино, мөн тооны реклам, клипний зураг авахуулсан байна. Сүүлд найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” Монголын уран сайхны киноны зурганд орсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)