“Ханмин” их сургууль МонголСолонгосын соёлын хотхон байгуулах төсөл хэрэгжүүлнэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай улсад зочилж байгаа БНСУ-ын “Ханмин” их сургуулийн захирал Чо Жон Сан тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав. Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг цаашид боловсролын салбарт улам өргөтгөхийн чухлыг УИХ-ын дарга онцлов.

Эртний Солонгосын гурван улсын үед цэргийн нэгэн нэрт жанжны санаачилгаар байгуулсан “Ханмин” их сургууль үзэсгэлэнт байгальд оршдог, нийт 90 мянган га талбайтай аж. Сургуулийнхаа дэргэд Солонгос-Монголын соёлын хотхон байгуулж хоёр орны түүхийн харилцаа, соёлын нийтлэг талуудыг сурталчлах, мөн монгол сурын харваа, морин спортын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр уг сургуулийнхан төлөвлөжээ.

Тиймээс Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хоёр талын хөгжлийн байгууллагуудтай хамтран Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөнийг Монголд өрнүүлэх, Монго лын говийн бүсэд мод тарих зэрэг ажил хамтран хийх зорилготойгоо ноён Чо Жон Сан хэллээ.

Шинээр байгуулах Солонгос-Монголын соёлын хотхонд Дархан-Уул, Хэнтий аймгийн оюутан залуусыг солилцооны шугамаар сургаж дадлагажуулах, цөлжилттэй тэмцэх ажлыг байнгын болгож хамтад нь шийдэхийг эрмэлзэж буйгаа дурдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)