Ханиад, томуу гамшгийн хэмжээнд хүрсэн тул сурагчдын амралтыг сунгалаа

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаторийн нийт үзлэгийн 10.6, нийслэлд 8.2 хувийг эзлээд буй бол орон нутагт 12 хувьд хүрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь онц байдал зарлах хэмжээнд хүрсэн тул орон нутгийн сурагчдын амралтыг сунгалаа.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтад өөрчлөлт оруулж, арванхоёрдугаар сарын 22-ноос энэ сарын 20-ныг дуустал дөрвөн долоо хоног амрахаар болсон. Тэгвэл томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбогдуулж орон нутгийн сурагчдын амралтыг сунгах тушаал гаргалаа. Тодруулбал, өнөөдрөөс хичээл нь эхлэх байсан орон нутгийн сурагчдын амралтыг ирэх сарын 4 хүртэл хойшлуулсан байна. Харин Улаанбаатар хотын сурагчид ирэх сарын 10-ныг дуустал амрах хуваарьтай юм.

Амралтын хугацаанд тасалдсан хичээлийг сурагч, багш нарт хүндрэл учруулахгүйгээр нөхөн, судлах арга хэмжээ авахыг аймгуудын Боловсрол, соёл урлагийн газрын удирдлагад үүрэг болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)