Ханиад, томууны тархалт улаан шугам давлаа

Ханиад, томууны тархалт эрчээ авч, нийслэлийн хэмжээний эмнэлгүүдийн Хүүхдийн кабинетууд ачааллаа дийлэхгүй байна. Эцэг, эхчүүд 3-6 цаг дугаарлаж, арайхийн хүүхдээ үзүүлж байгаа дүр зургийг аль ч эмнэлгээс харж болохоор. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн бямба гарагт хүүхдээ үзүүлэхээр очсон иргэн А дөрвөн цаг гаруй хүлээснээ хэлсэн. ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан дүүргийн эмнэлгүүдэд 1001 ор нэмж, хуваарилсан ч хүрэлцэхгүй байгаа аж.

Өнөө жил томууны В хүрээний вирус хүн амын дунд өргөн тархсаныг ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь өндөр халуурч, гүйлгэж, бөөлжих шинж тэмдгээр илрэн, өвчин хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болгож буй аж. Үүнээс шалтгаалан хэвтэн эмчлүүлэгчдийн тоо богино хугацаанд нэлээд нэмэгджээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн 200 орыг 140-өөр нэмэгдүүлсэн бөгөөд өдгөө 326 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй юм байна. Тэдний 80 гаруй хувь нь томуу, томуу төст өвчтэй. Олонх нь 0-3 насныхан гэнэ. Эмнэлэгт зөвхөн өвчний цочмог хүндрэлийг дарах эмчилгээг 5-7 хоног хийдэг бөгөөд ялангуяа уушгины хатгалгаатай хүүхдүүдийг гэрээр нь сар хагас хүртэл хугацаанд гам алдахгүй, дахин ханиад хүргэхгүй, эмчийн заавраар асарч тойлохыг мэргэжлийнхэн анхаарууллаа.

Томууны үндэсний төвийн тандалтын судалгаагаар 2019 он гарснаас хойш нэг, дөрөв, арванхоёрдугаар сард ханиад, томууны тархалтын түвшин дээд босгыг даваад байна. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 10-аас дээш хувь нь томуугаар өвчилсөн тохиолдолд гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж, хөл хорио тогтоодог. Харин доорх графикт үзүүлсэнчлэн улаан шугам давсан үед гамшиг гэж үзэхгүй ч өвчин хурдацтай газар авч, нийтээрээ анхаарах шаардлагатайг санах учиртай аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)