Хандив нэхэж, халамжаар “бойжиж” байна

Монголчууд өвдөхөөрөө л гуйлга гуйдаг боллоо. Эмчид үзүүлэх бол хэн нэгэн танилаа царайчилна. Хүнд өвчилбөл бусдаас хандив нэхнэ. Эцэстээ энэ нь бүр хавтгайрч, хандив нэрийн дор иргэдийг луйвардсан хэрэг ч гарчээ. Нөгөөтэйгүүр мөнгөтэй, сэтгэлтэй хувь хүн, аж ахуйн нэгжүүд эмнэлгүүдэд ор, эм, тариа, тоног төхөөрөмж авч өгөх болсон. Оюутан, сурагчид хүртэл хонхны баяраараа эмнэлгүүдэд гар сунган тусалж байна.

Үндсэндээ эрүүл мэндийн салбар бусдын халуун сэтгэл, хандив тусламж дээр тогтож буй гэхэд үнэнээс нэг их гажихгүй болов уу. Өвчин тусахаараа ард түмнээсээ гуйланчилдаг байдал, өчнөөн төсөв мөнгө баталж өгөөд байхад үргэлж байхгүйгээ тоочдог улсын эмнэлгүүдээс иргэд өдгөө залхаж байна.

Бодлого боловсруулагчид хүртэл олны танил, мөнгөтэй хүмүүсээр асуудлаа шийдүүлээд сурчихлаа. Тэд л дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэх ёстой юм шиг. Уг нь төрөх эмнэлэгт шаардлагатай, нярайн амьсгалын аппаратыг Дондог, Дулмаа авч өгөх үүрэг хүлээгээгүй баймаар.

Сайн үйлс хийж буй хүмүүс хэн нэгэнд нэр олох гэж, эсвэл улс төрд өрсөлдөх гэсэндээ энэ салбарт хандив тусламж өргөдөггүй. Яг үнэндээ улсын эмнэлгүүдийн үйлчилгээний соёл тааруу, өвчтөнүүдийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөө байхгүй, тоног төхөөрөмж, эм, тарианы хангамж муу байдаг нь олон хүний сэтгэлийг чилээдэг юм. Учир нь Улаанбаатар хотыг 500 мянган хүнтэй байхад төлөвлөж барьсан эмнэлгүүдээр өдгөө нийслэлийн 1.5 сая иргэн үйлчлүүлж байна.

Сүүлийн 20 жилд нийслэлд хувийн хэвшлийн хөрөнгөөр хэдэн эмнэлэг барьсныг эс тооцвол дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн барилгын 80 хувь нь ашиглах хугацаа дууссан, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл сүүлийн 40 жилд хүүхдийн нэг ч эмнэлэг барьсангүй. Жил бүр улсын хэмжээнд 70-80 мянган хүүхэд төрж байхад амаржих газруудыг өргөтгөх, дүүргийн эмнэлгүүдийн Хүүхдийн тасгийн орны тоог нэмэгдүүлэх байдлаар асуудлыг шийдэж ирсэн нь учир дутагдалтай.

Ийм байхад эмнэлэг зорьсон хэний ч өр өвдөх нь ойлгомжтой биз ээ. Жүжигчин Г.Ундармаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт аавыгаа сахиж байхдаа өвчтөнүүдийн ар гэрийнхэнд зориулсан сандал, хажуулах оргүйн зовлонг ойлгож, хүмүүнлэгийн ажлаа эхлүүлсэн байдаг.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Итгэлийн танхим” төсөл хэрэгжүүлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, “Өргөө” амаржих газрын хүлээлгийн өрөө (нийт 700 гаруй ам метр талбайг)-г засаж, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөөнүүдийг нь олон түмний дэмжлэгээр, орчин үеийн стандартын дагуу тохижуулж өгсөн. Харин өдгөө Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасаг, хүлээлгийн өрөөг засаж байна.

Хэдхэн хоногийн өмнө ЭХЭМҮТ-д “Хан Тайшир” дэвжээний бөхчүүд өвчтөн зөөх ор, хүчилтөрөгчийн аппарат бэлэглэв. Хүмүүнлэгийн үйлсэд гар сунгадаггүй тэд өвчтэй хүүхдүүдэд тусаллаа шүү дээ. Тэгвэл жилийн өмнө “MN25 дугаар суваг” телевизийнхэн “1000 төгрөг” төсөл хэрэгжүүлэн, долоо хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт нэн шаардлагатай арьс зүсэгч аппарат, хиймэл болон донор арьс хадгалах хөргөгчийг дагалдах хэрэгсэлтэй нь авч өгсөн юм.

Уг хандивын аян богино хугацаанд олон хүнд хүрч чадсан билээ. Түлэгдсэн өвчтөнүүдийн арьсыг төсөв мөнгөгүйгээс болоод сахлын хутгаар олон жил зүсэж, эрүүл хэсгийг нь улам өвчлүүлдэг байсан зовлон одоо үгүй болсон. Уг нь энэ хоёр аппарат нийлээд 110 сая төгрөгийн үнэтэй юм билээ. Жилдээ хэдэн зуун тэрбумаар санхүүжилт авдаг эрүүл мэндийн салбарт энэ хэмжээний мөнгө гаргаад өгчих боломж байсан уу гэвэл тийм. Гагцхүү сэтгэл дутсан хэрэг.

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн “Ижий сэтгэл” аяныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) -ийн мэс заслын тасгуудад хагалгааны явцыг шууд дамжуулах төхөөрөмж суурилуулан, олон жил гацаад байсан өргөтгөлийн барилгын санхүүжилтийг шийдвэрлүүлэхэд улс төрийнхний анхаарлыг хандуулж чадсан юм.

Тэгвэл саяхан Тайванийн ГХЯ-ны Монгол дахь Төлөөлөгчийн газар манай улсын хот, хөдөөгийн эмнэлгүүдэд 100 ор хандивласан бол NTV телевизийнхэн “Халуун сэтгэл” сайн үйлсийн аян өрнүүлэн, II төрөх эмнэлэгт нэн шаардлагатай аппарат хэрэгсэл авч өгөх гэж байна. Мөн урлагийнхан хамтраад “Элэг нэгт монголчууд” сан байгуулан, хандивын аян өрнүүлээд удлаа. ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгуулах хүмүүст туслахаар ийм аян өрнүүлээд буй.

Сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт өрнөсөн хандивын томоохон арга хэмжээг дурдахад ийм байна. Олон улсын байгууллагуудын хандивын шугамаар оруулж ирж буй тоног төхөөрөмж, эм, тариа, ороох боох материал, амин дэм, дуслын шингэн зэргийг оруулсангүй.

Аливаа улсын эрүүл мэндийн салбар гадаад, дотоодын хандивлагч байгууллагуудын тусламжаар санхүүжилтийнхээ тодорхой хувийг бүрдүүлдэг ч манайхан бусдад арай л хэтэрхий найдаад байгаа юм биш үү. Хүн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, өвдөөгүй ч эрүүл мэндийн даатгал сар бүр төлж, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээний зардлыг даасаар байна. Бидний хувьд энэ л хангалттай шүү дээ.

Гэтэл Монголд эмчлэх боломжгүй өвчин туссан иргэдийн эмчилгээний зардал, эмнэлгүүдэд байхгүй тоног төхөөрөмжүүдийг авч өгөхийн тулд халаасаа дахин тэмтэрч байгаа нь нэг бодлын утгагүй хэрэг. 2016 онд л гэхэд эрүүл мэндийн салбарт улсаас 694 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Үүний 79 тэрбумыг барилга, тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээнд зарцуулж буй бол 86 тэрбумыг эм, эмнэлгийн хэрэгсэлд төсөвлөсөн. Хэрвээ энэ мөнгийг үр ашигтай зарцуулбал бид хэн нэгнээс тусламж гуйж, бусдын гар царайчлахгүй байсан биз ээ.

Үндэсний аудитын газар эрүүл мэндийн салбарынхныг хөрөнгө мөнгөө ямар ч үр ашиггүй зарцуулж ирснийг 2014 оны тайландаа тоо баримттай нь дэлгэсэн байдаг. Эмнэлэгт шаардлагагүй хэвтдэг, гадаадаас тоног төхөөрөмж авахдаа эвдэрхийг сонгож, дагалдах хэрэгслийг нь дутаадаг, хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нийтийг хамарсан ажил зохион байгуулдаггүй, хоол хүнс, орчны аюулгүй байдлын стандарт мөрддөггүй зэрэг нь энэ салбарын санхүүжилтийг үр ашиггүй зарцуулахад голлон нөлөөлсөн байна.

Хэдийгээр улсаас эрүүл мэндийн салбарт чамлахааргүй мөнгө “хаяж” буй ч энэ нь ДНБ-ий таван хувьд хүрдэггүй. Тэгвэл АНУ, Канад, Австри, Дани, Герман, Швед зэрэг улс ДНБ-ийхээ 8.9-16.4 хувийг хүн амынхаа эрүүл мэндэд зарцуулдаг аж. Ингэснээр тэд өвчин, эндэгдлээ бууруулан, тус салбараас эдийн засгийнхаа тодорхой хувийг бүрдүүлж чадаж байна. Ямартай ч манай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганаар ирэх онд эрүүл мэндийн салбарын төсвийг хоёр дахин нэмэгдүүлэхээ амласан.

Тухайлбал, иргэдийн насны онцлогт тохируулан урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх шинжилгээнд хамруулах, амаржих газар, Нэгдсэн эмнэлгийн төрөх, нярайн болон хүүхдийн тасгийг стандартад нийцүүлэн өөрчлөх, Герентологи, Түлэнхийн төвийн барилгыг барьж дуусгах, эрүүл мэндийн 157 байгууллагад түргэний автомашин нийлүүлэх, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авах мөнгийг төсөвт тусгана гэсэн юм.

Өдгөө манай улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт ДНБ-ийхээ 2.8 хувийг эзэлж буй. Цаашид үүнийг таван хувьд хүргэнэ гэсэн амлалт ч өглөө. Хэрвээ ажил хэрэг болгож чадвал чихэнд чимэгтэй л мэдээ байна. Дотоод нөөц бололцоогоо давхар ашиглахад ч гэмгүй байх. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр зарлагаасаа давсан үзүүлэлттэй, сүүлийн таван жилд 34-83 тэрбум төгрөгийн илүүдэлтэй явж ирсэн. Уг нь энэ мөнгийг үр ашигтай зарцуулбал хандив гуйдаг иргэдийн тоо цөөрөх бус уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)