“Хандивын мөнгөөр өөрсдийгөө урамшуулах нь ёс зүйгүй үйлдэл”

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулсан гэх мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны тавдугаар сарын 28-ны захирамжид албан тушаалтнуудыг нэг сая төгрөгөөр урамшуулах тухай тусгасан байгаа. Тодруулбал, Коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг үр дүнтэй, сайн зохион байгуулсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 21 албан тушаалтныг шагнаж урамшуулах тухай уг захирамжид бичсэн. Хэдийгээр холбогдох байгууллагын ажилтнууд цар тахлын үед сайн ажиллаж байгаа ч иргэдийн өгсөн хандивын мөнгөөр өөрсдийгөө урамшуулна гэдэг ёс зүйгүй үйлдэл. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Амарсайханд шаардлага хүргүүлж, энэ үйлдэлдээ иргэдээс уучлал гуйхыг шаардаж байна. Үүнийг мөн нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлнэ” гэлээ. Дараа нь АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж, тус намын санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхэд их хэмжээний мөнгөний асуудал үүссэн хэмээв. Тэрбээр намын дарга асан С.Эрдэнийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)