Хандивыг зарцуулахдаа олон зөрчил гаргажээ

Коронавирусээс сэргийлэх, тэмцэхэд зориулсан, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ынхан мониторинг хийжээ. Хандивын талаарх мэдээллийг ОБЕГ-ын цахим хуудсанд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос байршуулсан бөгөөд 255 аж ахуйн нэгж, 241 иргэн 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив өгсөн бол 3.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий зүйлсийг 70 аж ахуйн нэгж, зургаан иргэн хандивлажээ. Мөн 800 хонь хандивласан байна. 85 сая төгрөгөөр 85 мянган амны хаалт авч, ЭМЯ, ЦЕГ, МХЕГ, ГЕГ, ХХЕГ зэрэг долоон байгууллагад тус бүр 13 000-20 000 ширхгийг хуваарилсан гэнэ. Гэвч дөрвөн байгууллагад л амны хаалт өгсөн гэх зөрүүтэй мэдээллийг ОБЕГ-ын хандив, тусламжийн тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн амны хаалтад зарцуулсан 1.8 тэрбум төгрөгийг хаана, хэнд өгсөн нь тодорхой бус байгаа аж. “Мөнхийн тун” компанийн дансанд нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлснийг ОБЕГ-ын цахим мэдээллийн санд байршуулсан боловч ямар байгууллага, хэн зарцуулах, санхүүгийн эх үүсвэрээ хаанаас гаргасан зэргийг тусгаагүй байж. Мөн энэ сарын 1-нд 300 хонь худалдаж, мөнгийг нь дансандаа төвлөрүүлсэн гэж тайлагнасан ч цахим хуудсандаа энэ талаар мэдээлээгүй байна. Энэ мэтчилэн гадаад, дотоодын байгууллага, иргэдийн хандивын бүртгэл, зарцуулалтад олон зөрчил илэрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)