Хандиваар халхавчилсан хахууль

“За байз, муу хүүгээ яаж цэцэрлэгийн бараа харуулъя даа. Хэдэн төгрөгийг нь олж, хандивыг нь өгөөд ч болтугай цэцэрлэгт оруулахгүй бол үеийнхнээсээ хоцрогдох нь...” ийм яриа одоо бараг айл бүрт л гарч байна.

Одоогоос таван жилийн өмнө нэг найз маань Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэгт хандив өгч, хүүгээ оруулж байлаа. Уг нь найзын маань хүүхэд тэр цэцэрлэгийн хамран сургах тойргийнх. Гэхдээ цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж, хүүхдээ бүртгүүлье гэсэн чинь “Хөшиг аваад өгчих” гэж санал тавих, тулгахын завсраар хэлж, хүсэлтийнх нь дагуу ангийнх нь таван цонхонд хөшиг хийж өгчээ.

Хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгож л байвал, гэрт нь цоожилж ямар нэг эрсдэлд оруулахгүй л гэж байвал тэр хөшиг ч яамай байна аа. Олон эцэг, эх ингэж боддог тул улсын цэцэрлэгүүдэд хандив нэртэй хахууль өгсөөр л байна. 

Өөр нэг танил маань Баянзүрх дүүргийн  нутаг, Хужирбулан дахь улсын цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд ариун цэврийн суултуур хэд хэдийг авч өгсөн гэсэн. Бас нэг эмэгтэй мөн л цэцэрлэгийн нэг ангийн шалыг хивсэнцэртэй болгож байж л хүүхдээ хамт олонтой болгосон юм даг.

Ийм жишээнүүд цааш олноор үргэлжилнэ гэдэгт би л лав итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ мэдээллийг бэлтгэн хүмүүстэй уулзах үед “Би хүүхдээ цэцэрлэгт ингэж оруулж байлаа, тэр багшид нь ийм юм өгч байлаа” гэж ам уралдан ярих аав, ээж олон таарсан шүү.

Гэтэл манай улсын цэцэрлэгүүдэд хөшиг, хивсэнцэр, суултуурыг авах, солих мөнгийг төсөвт тусгадаггүй гэж үү.  Үгүй л байх. Эцэг, эхчүүдээс түүнийг хандиваар аваад, харин тoсвийн мөнгийг дарга, удирдлагууд нь халаасалдаг юм биш биз гэх хардлага төрж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч Г (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нууцлав) манай сонинд хандсан юм. Түүний хоёр хүүхэд 129 дүгээр цэцэрлэгт харьяалагддаг. Гэсэн ч тэр үүхдүүдээ хандив өгч оруулсан гэнэ.

Тэрбээр “Би том хүүхдээ харьяаллынх нь цэцэрлэгт өгөхөөр эрхлэгчтэй нь өнгөрсөн онд уулзсан юм. Тэгэхэд манайд орон тоо байхгүй гэж хэлээд намайг гаргасан. Тэгтэл ойр орчмын таньдаг ээжүүд “Тэр цэцэрлэгт хүүхдээ оруулсан, хандив авдаг юм байна лээ” гэж ярилцаж байхыг сонсоод эрхлэгч эмэгтэйтэй нь дахин уулзсан. Тэгэхэд надад “800 мянган төгрөг өг” гэж хэлсэн.

Би хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хүссэнийг нь өгсөн. Дараа нь бага хүүхдээ оруулах гэхэд дахиад л ийм мөнгө нэхсэн. Хэрэв хандиваа oгoхгүй бол хүүхдийг минь цэцэрлэгт орох багачуудын тоонд оруулахгүй гэхээр нь тэр үед байсан 400 мянган төгрөгөө өгсөн юм. Гэтэл манай хүүхдийн цэцэрлэгт орох эрхийн батламжийг өгөөгүй. “Мөнгөө гүйцээж байж батламжаа ав. Эсвэл өгсөн мөнгөө буцаагаад ав” гэсэн. Би мөнгөө авъя гэсэн чинь хүүхдийн минь батламжийг өгчихсөн.

Надаас ингэж мөнгө нэхэж авчихаад хандив авсан гэж батлах ямар нэг бичиг баримт өгөөгүй. Шууд л өрөөндөө оруулаад миний өгсөн мөнгийг тоолоод авсан. Энэ хүнд ингэж мөнгө өгч хүүхдээ цэцэрлэгт оруулсан ээжүүд олон бий. Тэр хүмүүсийн аримыг нь авчирч уулзуулсан ч би чадна. Тэдэнд ч гэсэн хандив авсан гэх баримт өгөөгүй гэнэ лээ” гэж ярив.

Тус цэцэрлэг жил бүрийн намар хүүхдүүдээ бүртгэхдээ горьдлого тээсэн олон эцэг, эхийг өчнөөн хоног дугаарлуулсныхаа дараа 40 хүүхэд л авна гээд улаан шугам татчихдаг гэнэ. Тэгсэн хэрнээ хичээлийн жил эхлээд сар гаруй болж байхад нэг ангийн хүүхдийнх нь тоо 60 хол давдаг юм байх.

Тэр бүү хэл, өнгөрсөн жил уг цэцэрлэгт эцэг, эхийн гомдлын дагуу санхүүгийн шалгалт хийсэн гэсэн. Шалгалтын үеэр багагүй зөрчил илэрсэн тул торгуулийн арга хэмжээ авчээ. Гэтэл удирдлагуудын шийдвэрээр өнөөх торгуулийг нь багш, ажилтнууд нь хувааж, төлсөн гэнэ.

Удирдлагынхаа энэ мэт авирыг үл тэвчсэн нэг үйлчлэгч эмэгтэй арга ядахдаа телевизийнхнийг дуудаж, бодит байдлыг нь харуулсан байна. Гэтэл нэг их удалгүй өнөөх үйлчлэгч эмэгтэй ажлаасаа халагдсан гэж багш нарын нэг нь эцэг эхчүүдэд “шивнэжээ”. Бас болоогүй ээ, хэл ам хийсэн эцэг, эхчүүдэд “Хүүхдийг чинь цэцэрлэгээс хасна” хэмээн дарамталдаг гэж Г бидэнд ярьсан юм.

Өнгөрсөн жил тус цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн дунд спортын тэмцээн зохиосон байна. Энэ үеэр нэг ангийн хүүхдүүдийн эцэг, эх долуулаа баг болж оролцсон аж. Гэтэл нэгээс бусад нь уг цэцэрлэгт явах ёсгүй, харьяаллын бус байжээ. Харьяаллынхаа хүүхдийг авахдаа 800 мянган төгрөгийн хандив нэртэй хахууль авч байгаа юм чинь харьяаллын бус хүүхдээс хэдийг авсан бол гэх хардлага өөрийн эрхгүй төрж байгаа биз.

Ер нь хүүхэд нь цэцэрлэгт явж байгаа айлууд ихэвчлэн залуу гэр бүл байдаг шүү дээ. Тэд ийм ханшаар хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг нь амаргүй даваа. Ажил хийж амьдралаа босгох хэрэгтэй болно. Тиймээс хүүхдээ цэцэрлэгт зайлшгүй л өгөх шаардлагатай. Айл бүрт хүүхдийг нь хараад өгдөг эмээ өвөө байгаа ч уу, үгүй юү.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн Д.Өлзийбаяр “Ер нь цэцэрлэгүүд хандив авч хүүхэд оруулдаг гэдэг нь ил болчихсон асуудал шүү дээ.  Үүнд хариуцлага тооцсон нь байдаг, эсэхийг мэдэхгүй. Харьяаллын дагуу хүүхэд авна гэдэг нь зарим хүнд хахууль авах боломж бүрдүүлж өгөөд байгаа юм шиг санагддаг.

Яагаад гэхээр миний танилуудын олонх нь ажлынхаа ойрхон цэцэрлэгт хүүхдээ өгдөг. Гэтэл хүмүүсийн ажлын байр гэртэй нь ойрхон байна гэдэг тун ховор. Тэгэхээр л ажлаа хийхийн тулд хүүхдээ албан газрынхаа ойролцоох цэцэрлэгт өгдөг. Ингэхийн тулд танил тал хайна, нөгөө хандивыг нь өгнө. Тэгээд л хахууль манайд цэцэглэн хөгжөөд байгаа  юм шиг ээ.

Харьяаллаас гадна ажлын байрны тодорхойлолтоор хүүхдийг цэцэрлэгт оруулдаг болбол хандив нэрээр элдэв зүйл шаардах нь арай л багасах байх гэж боддог юм” гэж ярив. 

Монгол хэлний тайлбар толь бичгээс үзэхэд “Авлига” гэдэг нь  есөн бусаар шунаж авсан эд юм хэмээх тайлбартай байдаг юм байна. Харин 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуульд “Авлига” гэдгийг “төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо  олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх эрх зүйн зөрчлийг хэлнэ” гэж томъёолжээ.

Төрийн албан хаагч хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа хийснийх нь төлөө иргэд бэлэг, урамшуулал өгч давраадаг гэж хуулийн байгууллагынхан үздэг юм билээ. Ингэж урамшуулал авч сурсан хүн дараа нь иргэдээс хахууль авахаар хясан боогдуулдаг. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтнууд өөрийн эрх мэдлээ хууль бусаар ашиглан, бусдыг хясан боогдуулах, эсвэл айлган сүрдүүлж хахууль авна гэсэн үг.

Жишээлбэл, эмнэлэгт хэвтэх гэхэд “Ор хүрэлцэхгүй”, цэцэрлэг, сургуулиуд нь “Орон тоо байхгүй” гэж хэлэх нь манайд бараг л хэвийн үзэгдэл. Бид ч үүнтэй эвлэрсээр л байгаа. Хүний гарцаагүй хэрэгцээг зарим хүн ашиг хонжоо олох аргаа болгож байна гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. БСШУСЯ-ны энэ жилийн тайлангаас үзвэл улсын хэмжээнд 221 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах гэнэ. Харин нийт 1288 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдгаас 890 гаруй нь улсынх. Эдгээр цэцэрлэгт орж чадаагүй нь гэртээ “цоожлуулах” юм байна.

Ямартай ч сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь энэ жил “албатай” болно гэсэн тооцоо байгаа аж. Сүүлийн хо ̧р жилд тoрoлт oсoж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгаа гэж нийслэлийн Боловсролын газрын мэдээлэлд дурд- сан байна. Мoн орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн нүүдэл ч үүнд нөлөөлж буй.

Гэртээ цоожлуулж үлдсэн хүүхдүүд эрсдэлтэй нөхцөлд өсөж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Ингэж хүүхдээ эрсдэлд оруулахгүй, бас өөрөө ажил хийж өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, ядаж л хоосон хонохгүйн тулд цэцэрлэг эцэг, эхчүүдийн мөрөөдөл болоод байна. Харин мөрөөдлөө биелүүлэхийн тул хандивын мөнгө олох хатуухан сорилттой нүүр тулна.

Ийнхүү хандив авахыг дотоод дүрмээрээ зохицуулсан байдаг гэж зарим цэцэрлэгийн эрхлэгч аав, ээж нарт нь хэлсэн байна. Энэ талаар нийслэлийн  Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас лавлахад “Цэцэрлэгийн эрхлэгч хүүхдийн бүртгэлтэй холбоотой ямар нэг хандив, хураамж авахыг хориглосон сайдын тушаал бий.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан даалгаварт ч “хориглоно” гэж тусгасан байгаа. Тэр тусмаа харьяаллын  хүүхдээс хандив, хураамж авах хориотой” гэв. Тэгвэл энэ салбарт 20 шахам жил ажилласан багшаас цэцэрлэгийн хүүхдээс хандив авдаг, эсэхийг тодруулсан юм.

Тэрбээр “Би өөрөө энэ салбарт ажиллаж байж бусдыг ингэдэг, тэгдэг гэж хэлэх хэцүү юм. Тиймээс нэрээ хэлэхийг хүсэхгүй байна. өнгөрсөн жил “129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч мөнгө авсан гэнэ” гэж манай багш нар ярьж байсан. Тус цэцэрлэгийн үйлдвэрчний эвлэлийнх нь нэг гишүүн хуулийн байгууллагад хандаад явж байсан сураг ч дуулдсан.

Аль ч цэцэрлэгийн дотоод дүрэм, журамд хандив авах тухай заалт байхгүй. Харин тухайн цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар байгууллагад хэрэгцээтэй эд материал авч өгөх саналыг нийт эцэг, эхийн тодорхой хувь нь дэмжиж байж л хэрэгжих учиртай. Үүнийг л байгууллагын дотоод дүрмээр зохицуулдаг. Түүнээс биш эцэг, эхээс бэлэн мөнгө, эд материал шууд авч болохгүй.

Зарим цэцэрлэгийн эрхлэгч хүүхдүүдээ намар бүртгэхдээ анги дүүргэлтээ бага байлгаад дараа нь “Орон тоо байхгүй” гэж эцэг, эхчүүдэд итгүүлдэг юм шиг байна лээ. Орон тоо байгаа бол харьяаллын хүүхдээ гарцаагүй авах л ёстой. Тийм ч үүрэгтэй. Гэтэл орон тоо байхгүй гэж нэлээд гуйлгаж байгаад дараа нь хандив нэрээр  мөнгө авч, хүүхдийг нь оруулдаг гэж сонссон.

Манай цэцэрлэг анхнаасаа 60 хүүхэдтэй байхаар  тооцож бүртгэдэг. Эцэг, эх нь хоёр настай хүүхдээ анх цэцэрлэгт оруулснаасаа хойш хүсэлт гаргаж, өөр тийш нь шилжүүлээгүй л бол бид орон тоог нь хадгалдаг. Ингэж ажилладаг цэцэрлэг олон бий” гэж ярьсан.

Хүүхдэдээ боловсрол олгуулахын тулд арга чаргаа барж суугаа эцэг, эхчүүдийг буруутгах аргагүй. Дээрх багшийн ярьснаар хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд эрхлэгчийнх нь гарын үсгийг дуурайлган зурсан албан бичиг хийгээд ирж байсан аав, ээж ч бий гэсэн.

Хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хүмүүс ингэтлээ улайрч байна шүү дээ. Харин Монголын бүх хүүхдийг цэцэрлэгт үнэ төлбөргүйгээр хамруулах боломж алга. Энэ бүхний дундаас ашиг хонжоо олж байгаа хүмүүс л олшроод байх шиг. Эцэг, эхчүүд мөнгө, урамшуулал барьж гүйдгээ ч болих нь зүйтэй болов уу. Тэгэхгүй бол хууль зөрчсөн энэ мэт увайгүй үйлдэл хэзээ ч зогсохгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)