Хангай нутгийн газар, шороо гулдмай алтнаас “хямдхан” болжээ II

алтны уурхай

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй компанийнхан зураг төслийн дагуу уулын ажлаа хийдэггүй, алт угаасан ус хадгалах далан нь сэтрэхэд бохироо Орхон голд нийлүүлдэг, олборлолт хийсэн газраа техникийн болон биологийн аргаар нөхөн сэргээдэггүй, түүнд нь хяналт, шалгалт тавих газар байдаггүйг өмнөх дугаартаа мэдээлсэн.

Архангай аймгийн Засаг дарга “Алт олборлодог компаниудын үйл ажиллагааг цэгцэлнэ. Манай аймаг газар тариалан, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжих боломжтой” гэж нутгийн уугуул иргэн Г.Чагнаадоржтой уулзах бүртээ ярьдаг гэнэ. Гэвч түүнийг Засаг дарга болсноос хойш олборлолт хийж буй газрын хэмжээ улам тэлснийг иргэд хэлж байгаа юм. Одоогоор Өлтийн давааны 1000 гаруй га талбайд алт олборлож буй. Түүгээр зогсохгүй “Угалз гол” компанийнхан эл давааны баруун хойд ам дахь 30 гаруй ам км талбайг сэндийчихээр аль хэдийн кэмпээ барьжээ. Алтны ихэнх компанийнхан гэр барьж суудаг байхад тэд вакум цонхтой, “бүргэд” хаалгатай угсармал байшин “авчирсныг” харвал урт хугацаагаар ажиллах бололтой. Кэмпээ барихын зэрэгцээ алтны нөөц хэр ихийг тандахаар хоёр ч газарт хайгуул хийж байв. Хоёр метр гаруй өндөр, нарийхан төмрийг газарт багадаа 10 метр гүн зооно. Ингэхдээ гарч ирсэн шороог угааж үзээд алтны нөөцийг тодорхойлдог гэнэ. 

Хайгуул хийж байсан “Улз гол” компанийн ажилчин Дашдорж “Баян хангай хоосонгүй байна. Гэхдээ олборлолт явуулах хэмжээний нөөц байгаа, эсэхийг мэдэхгүй. Эндхийн алт сорьц муутай учраас нэг их ашиг гарахгүй биз. Ухсан нүхээ чулуугаар дүүргэж бөглөнө” гэлээ. Хэрэв хайгуул хийсэн газраа бөглөж, нөхөн сэргээхгүй бол 10 метр гүн нүх хүрээгээ тэлсээр нуранги, ангал үүсэх эрсдэлтэй. Гэвч ухсан нүхийг булсан, эсэхийг хянаж, шалгадаг хүн байхгүй аж.

Алтны нөөцөө тодорхойлчихвол түүнийгээ Эрдэс баялгийн зөвлөлөөр баталгаажуулж, ТЭЗҮ, байгаль орчны ерөнхий болон менежментийн, уулын ажлын төлөвлөгөө гаргаж, орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулах ёстой. Хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг компани ховор гэдгийг дахин сануулъя.

“Монгол газар”, “Алтан Дорнод Монгол” зэрэг компанийнхан алт олборлох эрхтэй газраа жижиг компаниудад зардаг юм байна. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн санд татаас төлөх шаардлагагүй. Харин жижиг компаниуд тэнд үйл ажиллагаа явуулсныхаа дараа нөхөн сэргээлт хийх ачааг нуруундаа үүрнэ. “Тэдэнд сэндийчсэн газраа сэргээхэд шаардагдах тоног төхөөрөмжөөс гадна эх орноо гэсэн сэтгэл байхгүй учраас хариуцлага хүлээхээс зугтдаг” гэж Цэнхэр сумын Орхон багийн байгаль хамгаалагч ярьсан юм.

Хамгийн сүүлд буюу одоогоос гурван сарын өмнө МХЕГ болон БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран тэргүүтэй салбарын хүмүүс Цэнхэр сумд “зочилжээ”. Тэд эвдэрсэн газрын хэмжээг нарийвчлан судалж, нөхөн сэргээлт хийсэн компаниудын үйл ажиллагаатай танилцсан гэнэ. Хэчнээн компани үйл ажиллагаа явуулж буйгаас хэд нь уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж, нөхөн сэргээлт хийсэн тухай Б.Сарантай утсаар холбогдож асуухад “Өнгөрсөн тавдугаар сарын ажил шүү дээ. Би одоо эмнэлэгт хэвтэж байна, мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Үр дүнтэй ажил хийсэн бол мэдээлэл өгөхөөс хэн ч татгалзахгүй нь лавтай. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан алтны уурхайн талаар ярихаас мөн л татгалзав. ИТХ-ын дарга ч гэсэн ялгаагүй “Юун ашигт малтмал олборлодог компаниуд. Миний мэдэх ажил биш” гэж хэлээд утсаа салгачихлаа.

Нутгийн иргэн Ч.Болд “Хууль бус олборлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоохоор ИТХ-ын тэргүүлэгчид 100 хүнээс өнгөрсөн жил гарын үсэг цуглуулсан юм. Хожим сонсох нь ээ, хайгуул, олборлолт хийх газрыг тэлэхийг дэмжсэн иргэдийн гарын үсэг болгож ашигласан байна лээ” гэв.

Цэнхэр сумын Орхон багийн дарга Ч.Бармид өнгөрсөн тавдугаар сард ирсэн хүмүүсийн хийсэн ажилд сэтгэл дундуур буйгаа хэлсэн. БОАЖЯ-ныхан Орхоны эх болж урсдаг дөрвөн голд сав газрын хэмжилт хийхдээ алдаа, дутагдалтай ажилласан гэнэ. Одоо урсаж байгаа голуудын голдиролыг алтны компаниуд шуудуу татаад урсгачихжээ. Уг нь голоос хааш, хаашаа 50 метр зайд олборлолт хийхийг хориглодог. Гэтэл мэргэжилтнүүд ухсан шуудуунаас хэмжилт авчихсан аж. Хэрэв Будант гол урсах ёстой газраар нь хэмжсэн бол нэмж газар ухуулахгүй үлдээх боломж байжээ.

Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудад хариуцлага тооцох эрх бүхий хүмүүс 2-3 жилд хааяа нэг газар дээр нь очиж ажилласан ч энэ гээд хэлчих үр дүн гараагүйд нутгийн иргэд бухимдав. “Монгол газар” компанийнхны нөхөн сэргээгээгүй орхисон Шийртийн хойд салаа хэмээх газарт долоон км урт ангал үүссэнийг эрх мэдэл бүхий хүмүүст харуулж, буруутай этгээдэд арга хэмжээ авхуулах санал тавьсан ч өнгөрсөн долоон жилийн турш хэн ч дуугараагүй байгаа юм. 

Түүгээр зогсохгүй Өлтийн даваа буюу алт олборлож байгаа бүс нутаг л улсын тусгай хамгаалалттай бүсэд багтдаггүй гэх яриа ч бий. Бас нэг балагтай ажил нь БМНС, “Голден хаммер”, “Бодонтын амын уурхай”, “Алтай гоулд”, “Бат бродерс”, “Эм Жэй Эйч”, “Шиншие Монголиа” зэрэг компанийнхан тусгай зөвшөөрөлтэй боловч БОАЖЯ-нд өгдөг уулын ажлын төлөвлөгөөндөө жилд нөхөн сэргээх газрынхаа хэмжээг маш багаар тогтоожээ. Ингэхдээ зуу хуваасны нэг хэсгийг л нөхөн сэргээнэ гэж төлөвлөгөөндөө тусгасан аж. Уг нь ямар ч хэмжээтэй газар нутагт олборлолт хийсэн газраа 100 хувь нөхөн сэргээх ёстойг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ хэлсэн.

Алт олборлож байгаа компанийнхан тус бүр хог хаягдлын хураамжид жилд нэг удаа 1.2 сая төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээс өөр хураамж төлдөг, эсэхийг багийн дарга нь ч мэдэхгүй. Мэдсэн ч түүнийг нь нөхөн сэргээлтэд ашиглах эрх мэдэл түүнд байхгүй гэнэ. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Өлтийн даваанд алт олборлодог компаниудын үйл ажиллагаа энэ байдлаар үргэлжилбэл Монголын хамгийн урт Орхон гол ширгэх аюултай нүүр тулж болзошгүй.

Орхоны хөндий нуга, тариалан явуулж болохуйц ихээхэн талбайтай. Тус голыг усжуулалтад ашиглах боломжтой бөгөөд нийт 8150 га талбайг услах хүчин чадалтай гэх судалгаа бий. Түүгээр ч үл барам энэ хөндий Монгол төдийгүй дэлхийн хүн төрөлхтний түүх, соёлын дурсгалын үнэт түүхэн газар учраас 2004 онд ЮНЕСКО-гоос дэлхийн өв болгон бүртгэсэн. Ийм ач холбогдолтой газар нутагт зөвшөөрөлгүй олборлолт явуулж байгаа алтны компаниудын үйл ажиллагааг цэгцлэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөсөн. 

Нутгийн иргэд буух газар, уух усгүй үлдэх нь гэж халаглаж байхад зарим нь хувь тавилантайгаа эвлэрэн алт олборлогчдын тохойг түшин, гарыг нь харан сууж байна. Аймгийн эрх мэдэл бүхий хүмүүс гэлтгүй саарал ордонд суугаа эрхэм гишүүд хангай нутгийн газар шороог нөхөн сэргээлгэх чадалгүй юм гэхэд өмнөх жилийн уулын ажлын төлөвлөгөөгөө биелүүлсэн тохиолдолд дараа жилийнхийг батлах зэргээр нэмж ухуулахгүй байхад анхаарч болмоор сон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)