"Хамгийн их төсөвтэй жил байсан хэрнээ түүхэндээ байгаагүй, хангалтгүй биелэлтийг хэлэлцэж байна"

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан өнөөдөр үргэлжиллээ. Тус хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг батлах тухай асуудлын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаанд хоёр намын бүлэг болон хурлын дэргэдэх Ажлын хороод санал дүгнэлтээ танилцуулав. 

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг дэд дарга Ц.Байгалмаа танилцуулсан юм. Тус бүлгийн зүгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хангалттай хэмээн үнэлж, хэлэлцэж батлахыг дэмжив. Ингэхдээ “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн гэв. Мөн нэг хүн ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, 4.3 ам метр болгосон, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 3500 гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан, бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр ажилласан зэрэг нь сайшаалтай байна хэмээн дүгнэжээ. 

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг тусгасан нь ололттой байна

Тэгвэл “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, нийтийн тээврийн салбарт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг тусгасан нь ололттой байна гэв. Бүлгийн төлөөлөгчдөөс 2020 оны үндсэн чиглэлийн төслийг нарийвчлан хэлэлцэж, тодорхой саналуудыг тусгуулахаар оруулж ирсэн байв.

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн санал дүгнэлтийн бүлгийн дарга Ц.Баатархүү танилцуулсан. Санал, дүгнэлтэд “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийг бодитой бус дүгнэж, нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан дүгнэлтийг танилцуулж байна хэмээн үзсэн гэв. Хамгийн их төсөвтэй жил байсан хэрнээ менежмент муу ажиллаж, түүхэндээ байгаагүй, хангалтгүй биелэлтийг бид хэлэлцэж байна гэсэн юм. Харин “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүн, төсөв санхүүгийн эх үүсвэр зэргийг тодорхой тусгах ёстой, бодитой бус ажил олон тусгасан байна гэсэн юм. Мөн өмнөх жил биелээгүй ажлуудаа дахин тусгасан байгаа нь учир дутагдалтай байна гэсэн юм. Төр, хувийн хэвшлийн хийж хэрэгжүүлэх ажлаа ангилж, зохион байгуулах хэрэгтэй гэж дүгнэжээ. Тус бүлгээс “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд гэр хорооллын дахин төлөвлөлтийг төслийг үргэлжлүүлж, 24 байршилд хийх ажлыг эрчимжүүлэх асуудлыг тусгах саналыг гаргав. Мөн багш нар эмч нарын индексийн урамшууллыг нэмэгдүүлэх, тэр дундаа бага ангийн багш нарын индексийн урамшууллыг тусгайлан тусгах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэв.

2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай хэмээн дүгнэжээ

Хоёр намын бүлэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа ажлын хороод санал дүгнэлтээ танилцуулсан. Төсөв,  санхүү эдийн засгийн хорооны санал дүгнэлтийг хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулав. Тус ажлын хорооноос 2019 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай хэмээн дүгнэсэн байна. Тухайлбал, Яармаг, Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын барилгын ажил дуусах шатандаа орсон, нийслэлийн хэмжээнд 22 сургууль, 13 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан, “Ухаалаг Улаанбаатар” үйлчилгээг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуусан, 17 эрүүл мэндийн байгууллагын гадна тохижилтыг хийсэн, орон сууцыг түрээслээд өмчлөх төслийг хэрэгжүүлэн, 970 гаруй айлыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлсэн зэрэг олон бодитой, үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн хэмээн үзжээ. Мөн сайжруулсан түлш нөөцлөх ажил, түгээлт, борлуулалтын ажлыг сайн хэрэгжүүлсэн, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч байгаа зэргээс үр дүн харагдаж байна хэмээн дүгнэжээ. Харин ирэх оны үндсэн чиглэлдээ дутуу ажлуудаа гүйцээж, нэн шаардлагатай ажлуудыг хийх хэрэгтэй. Түүнчлэн хэрэгжих боломжгүй, хэт ерөнхий тусгасан саналуудыг  хасах хэрэгтэй гэсэн саналыг танилцуулав. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн байгууллагуудыг бүртгэлжүүлэх, тоосжилтын асуудлыг багасгах зорилгоор авто замыг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх, гэр хорооллын автобусны буудлыг нэмэгдүүлэх, цахилгааны дэд станцын хангамжийг нэмэгдүүлэх, өрх бүр таван мод аяныг эхлүүлэх, журам гаргаж хэрэгжүүлэх, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг 13-ыг барьж ашиглалтад оруулна гэснийг 23 болгон нэмэгдүүлэх зэрэг тодорхой саналуудыг гаргасан юм.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дүгнэлтийг хорооны дарга Л.Нарантуяа танилцуулав. Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр 453 арга хэмжээ туссанаас, 55 арга хэмжээ нь 85 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн нь тааруу үзүүлэлт хэмээсэн юм. Тиймээс хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тусгай бодлого боловсруулан хэрэгжүүлэх, хот тээвэрлэлтийн механик ажиллагааг халж, технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар шийдвэрлэх шаардлагатай гэсэн юм. Мөн нийслэл хотын хойд хэсгээр 30 км орчим үргэлжлэх түймрийн зурвасыг сэргээх, завсарлах шаардлагатай байгаа гээд ирэх оны үндсэн чиглэлд цэцэрлэгжүүлэх шаардлагатай талбайг төсвийн хөрөнгөөр бус байгууллага, иргэдийн оролцоог хангах замаар ойжуулах ажил тусгасан нь сайшаалтай хэмээн санал дүгнэлтэд тусгажээ. Харин ирэх оны үндсэн чиглэлд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай газруудын цахилгааны төлбөрийг тэглэх, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх, ой сэргээх, цэвэрлэх үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх асуудлуудыг нэмж тусгах зэрэг саналуудыг танилцуулав.  

Ийнхүү нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувь нь дэмжсэн юм.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)