Хамгаалаагүй нууц буюу хувийн мэдээлэл алдагдах аюул

Ургийн овог, эцэг, эх, өөрийн нэр, яс үндэс, төрсөн он, сар, өдөр, газар, оршин сууж буй хаяг зэрэг 10 гаруй мэдээллийг зөвхөн регистрийн дугаараар мэдэх боломжтой. Тэр ч бүү хэл, иргэний үнэмлэх дээр бичигддэггүй бүртгэлийн дугаарыг хүртэл бидний регистрийн дугаарыг ямар нэгэн аргаар олж авсан нөхөр мэдчих аюултай. Хувь хүний нууц мэдээллийг агуулдаг регистрийн дугаар өдгөө ямар ч хамгаалал, нууцлалгүйгээр интернэт орчинд “гүйж явна”. “Регистрийн дугаар гэж Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан хоёр үсэг, найман орон бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл код” гэж Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заажээ.

...Гарын хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөл нь улсын бүртгэлийн нэг төрөл. Төр, засаг иргэнийхээ мэдээллийг найдвартай хамгаалах ёстой атал ХУР хэмээх системээр дамжуулан хувийн байгууллагуудад тараах болсон” хэмээн шүүмжилсэн юм...

Үл давхардах код гэснийг онцлон сануулъя. Энэ нь регистрийн дугаар хэн нэгний бус, зөвхөн таны өмч, нууц гэсэн үг. Гэтэл сүүлийн үед сургууль, цэцэрлэг болон бусад байгууллага руу нэвтрэхэд заавал регистрийн дугаар бүртгэж авдаг болжээ. “Ковид-19” цар тахлын улмаас тухайн байгууллагаар үйлчлүүлсэн хүний мэдээллийг бүртгэх нь зөв байж болох ч гар утасны дугаар, гэрийн хаягийг л бичиж авахад хангалттай санагдана. Регистрийн дугаараа өгснөөр бид хувийн мэдээллээ алдахаас гадна гэмт хэргийн золиос болох ч эрсдэлтэйг учир мэдэх хүмүүс хэлсэн. Ялангуяа хурууны хээг ашиглан гэмт хэрэгтэн, эдийн засгийн хохирогч болгох ч аюултай. Сүлжээ дэлгүүрээс эхлээд “Юнител”, “Скайтел”, “Мобиком”, “Жи мобайл” зэрэг үүрэн холбооны компанид ч иргэдийн хувийн мэдээлэл бий. Тухайлбал, “Номин” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлтийн карт эзэмшдэг иргэн хурууны хээгээ уншуулж, мэдээллээ баталгаажуулдаг. Хурууны хээгээр дамжуулан хувийн мэдээллээ тухайн байгууллагад өгөхийг иргэн өөрөө зөвшөөрсөн тул энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш гэнэ. Гэхдээ тухайн байгууллага иргэний мэдээллийг цааш нь задруулахгүй, буруу зүйлд ашиглахгүй гэх баталгаа байхгүй юм. Яагаад гэвэл манай улсад хувь хүний өгөгдлийг хамгаалах хууль гэж үгүй. Уг нь хувь хүний нууцын тухай хэмээх гурван бүлэг, есөн зүйлтэй хуулийг 1995 онд баталсан байна. Тус хуульд “Хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заажээ. Харамсалтай нь, манай улсад иргэн нууцаа хамгаалах боломж, бололцоо алга. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа аюулгүй явуулахын тулд гэдэг нэрээр иргэний хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх бүртээ авах нь ч яах вэ гэж бодъё. Гэтэл дурын компани, хэн дуртай нь биднээс хувийн мэдээллийг маань шаардах болсоор удлаа.

Хурууны хээний тусламжтайгаар хүний генетикийг судалдаг. Түүгээр зогсохгүй хурууны хээг гэмт хэрэг илрүүлэхэд голчлон ашигладаг билээ. Гэтэл өглөө ажилдаа ирэх, буцахдаа цаг бүртгэлийн төхөөрөмжид хурууны хээгээ уншуулахаас эхлээд л дахин давтагдашгүй дардсаа хаана ч хамаагүй үлдээсээр яваа. Энэ нь маш олон эрсдэл дагуулж буйг цөөнгүй хуульч хэлсэн. Тодруулбал, тэдний зарим нь “Монгол Улсын иргэн бүр хурууны хээний мэдээллээ зөвхөн төрдөө л бүртгүүлдэг. Гарын хурууны хээ буюу биеийн давхцахгүй өгөгдөл нь улсын бүртгэлийн нэг төрөл. Төр, засаг иргэнийхээ мэдээллийг найдвартай хамгаалах ёстой атал ХУР хэмээх системээр дамжуулан хувийн байгууллагуудад тараах болсон” хэмээн шүүмжилсэн юм. Өөрөөр хэлбэл, тус системээр дамжуулан үүрэн холбооны, банк санхүүгийн байгууллагууд иргэдийн мэдээллийг ямар ч саадгүйгээр авч байна гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн иргэдийн мэдээллийг задруулахгүй гэсэн баталгаа, хамгаалах хууль тогтоомж манай улсад байхгүй учраас иргэдэд итгэж найдахаас өөр сонголт үгүй.

УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 24-нд болсон. Үүнтэй холбоотойгоор хувийн мэдээллийг улс төрийн зорилгоор ашигласныг УИХ-ын нэр бүхий гишүүн ч батлан ярьсан нь саяхан. Сонгуулийн өмнөхөн нэг танил руу минь үл мэдэх дугаараас залгаж “Та Сүхбаатар аймгийнх юм байна. Нутгийн хүнээ сонгоно биз дээ” хэмээн ухуулга, сурталчилгаа хийжээ. Гар утасны дугаарыг нь оллоо гэхэд хаана төрсөн, аль тойрогт санал өгөхийг нь хэрхэн мэдсэнийг тэрбээр гайхаад хоцорч. Найз хуульчаасаа энэ талаар тодруулахад “Сонгуулийн тухай хуульд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг, эхийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн заалт бий” гэж хэлжээ. Үнэндээ энэ нь санал худалдан авахыг санаархсан хуулиар халхавчилсан үйлдэл юм. За яах вэ, ийм хуультай юм байж. Тэгвэл сонгууль болохоос зургаан сарын өмнө буюу арванхоёрдугаар сард нэгэн аймагт нэр дэвшигч олон оюутан цуглуулж, тус бүрт нь 150 000 төгрөг өгчээ. Ингэхдээ хамгийн сонирхолтой нь тухайн оюутнуудын нэрийн ард регистрийн дугаарыг нь ярайтал биччихсэн цаас гаргаж ирээд тэмдэглэж авсан гэдэг. Сонгууль болоход олон сар дутуу байхад ямар аргаар олж авсан болж таарах вэ. Регистрийн дугаар утасныхаас ч амар хялбар олддог болсны нэг жишээ нь энэ.

Монгол Улсын иргэн гэдгийг батлах чухал бичиг баримт болох иргэний үнэмлэхийн “доторх” мэдээлэл нь нууц биш болжээ. Регистрийн дугаарыг нь мэдэж байвал наад зах нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцаатай, аль их, дээд сургууль төгссөнийг төвөггүй мэдэх нь. Түүгээр ч үл барам банкны дансандаа хэчнээн төгрөгтэйг нь ч тандах боломжтой. Хувийн нууц алдагдаж буйн өөр нэг жишээ нь банкны картын нууц дугаар. Үйлчилгээний газар, тэр дундаа дэлгүүрийн худалдагч нар олны дунд нууц дугаар чангаар асууж, бүдүүлэг авирладаг. Дээр хэлсэнчлэн хувь хүн нууцаа өөрөө хамгаалах үүрэгтэй учир энэ мэдээллийг хэнд ч хэлэхгүй байх эрхтэй. Гэтэл манайхны олонх нь нууц дугаараа хэн бүхэнд сонсогдохоор хэлж орхидог. Урт гартнууд энэ боломжийг алдалгүй, картыг нь хулгайлах, дээрэмдэх зэргээр өөрийн болгоод түмэнд зарласан нууц дугаарыг нь хэрэглэх тохиолдол цөөнгүй гардгийг цагдаагийн байгууллагаас сануулдаг. Нэгэнт манай улс өгөгдөл хамгаалах тухай хуульгүй учир хувийн нууцаа иргэн өөрөө л хамгаалахаас өөр аргагүй юм байна. Тиймээс картын нууц дугаараа нийтэд зарлахгүй, хувийн байгууллагууд регистрийн дугаар асуухад заавал үнэнийг мэдээлэхгүй байх хэрэгтэй хэмээн зарим судлаач зөвлөсөн. Үндэсний дата төвд 157 байгууллагын 457 сервер байрладаг аж. Регистрийн дугаар хэдийн нууц байхаа больсон тул хамгаалалтыг илүү сайжруулах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн. Тиймээс Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн, иргэний үнэмлэхийн дугаар болох 12 орон бүхий тоог ашиглах тухай ярьж буй юм билээ. Энэ тоог регистрийн дугаар шиг “нийтийнх” болгохгүй гэж найдъя.

Б.ПҮРЭВСҮРЭН: ӨГӨГДӨЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ

“Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс зарим зүйл тодрууллаа.

-Регистрийн дугаар, хурууны хээ хувийн нууц гэдэгтэй та санал нийлэх үү?

-Улсын бүртгэлийн ерөнхий хуульд хүний хувийн мэдээлэл төрийн мэдээллийн санд байж, тэр нь төрийн өмч байна гэсэн заалт бий. Хувь хүний нууцын тухай хуулийг 1995 онд баталсан. Үүгээр захидал, харилцаа, гэр бүл, эрүүл мэнд, эд хөрөнгийн талаарх мэдээллийг нууц байхыг зөвшөөрдөг. Хувь хүн нууцаа өөрөө хамгаалахыг үүрэг болгосон. Үндэсний аюулгүй байдал болон нийгмийн хэв журмыг сахиулах үүднээс зарим нууцыг ил болгож болно гэсэн заалт бий. Итгэмжлэн хариуцсан этгээд хувь хүний нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээдэг. Цахим болон эрх зүйн орчны хөгжлөөс шалтгаалан Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэх, зүй ёсны шаардлага үүсээд байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасанчлан төр л бидний хувийн мэдээллийг цуглуулах эрхтэй субъект. Тэр нь хувь хүн, аж ахуйн мэдэлд бус, төрийн өмч байна гэсэн заалттай. Регистрийн дугаар бол давхцахгүй өгөгдөл, төрөөс олгосон баримт бичиг. Төрийн захиргааны нэгжийн тухайд бол регистрийн дугаар ил байдаг учраас энэ нь нууц биш. Харин хувь хүн, байгууллага регистрийн дугаарыг зөвшөөрөлгүй бүртгэх нь хувийн нууцад халдсан хэлбэр. Харин иргэн өөрөө зөвшөөрч мэдээллээ өгөх нь өөр асуудал.

-Өгөгдөл хамгаалах тухай хууль батлах шаардлагатай гэж цөөнгүй хуульч ярьсан. Өгөгдөл гэдэгт чухам юу багтаж байна вэ?

-Манай улс Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэхээс гадна Өгөгдөл хамгаалах тухай хуулийг батлах шаардлагатай байна. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Цахим аюулгүй байдлын тухай, Өгөгдөл хамгаалах тухай хуулийг боловсруулж батална гэж тусгасан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Өгөгдөл хамгаалах тухай хуулийг баталсангүй. 2016 онд хуулийн төсөл боловсруулсан нь одоо ч хэвээр байна. Өгөгдөл гэдэг нь тухайн хүний биеийн давхцахгүй зүйлс. Жишээ нь, хурууны хээ, нүүр царай, нүд, арьсны өнгө, уруулын мөр ч давхцах боломжгүй. Хурууны хээ биеийн давхцахгүй хэсгийн хамгийн чухал нь. “Номин” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрт иргэн өөрийн зөвшөөрлөөр хурууны хээгээ таниулж байна. Энэ нь одоогийн эрх зүйн зохицуулалтаар хууль зөрчсөн үйлдэл биш. Гэхдээ Өгөгдөл хамгаалах тухай хууль батлахгүй бол хурууны хээний мэдээллийг урвуугаар ашиглах боломжтой. Нэг өдөр та гэмт хэрэгт холбогдож, хил гаалиар зорчих эрхээ ч хасуулах эрсдэлтэй. Хуульгүй учраас энэ бүхнийг журмаар шийдэж байна. Журам бол хууль шиг хүчин төгөлдөр, бүх нийтээр дагаж мөрдөх баримт бичиг биш шүү дээ. ХУР системд гэхэд бүх банк, үүрэн холбооны компаниуд холбогдсон байх жишээтэй. Хурууны хээний мэдээллийг ямар зорилгоор ашиглаж буйг иргэн мэдэхгүй. Хууль бусаар мөрдөн шалгаж байж ч мэдэх юм.

-Бусад улс хувийн нууцыг хуулиар хэрхэн хамгаалдаг бол?

-Дэлхийн улс орнууд хувийн нууцыг өндөр түвшинд анхаарч, Өгөгдөл хамгаалах тухай хууль хэрэгжүүлдэг. АНУ-д гэхэд мэдээллийн аюулгүй байдалд зориулсан 500 гаруй акт байдаг бол манай улсад хувь хүний биеийн давхцахгүй өгөгдлийн харилцааг тусгай хууль, тогтоомжоор хамгаалсан нь үгүй. 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт 64 зөвлөмж өгсөн. Үүний найм нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байсан. Тэр дундаа Өгөгдөл хамгаалах тухай хуулийг батлах шаардлагатай гэсэн зөвлөмж байлаа. Үүнийг манай улс хүлээн авсан ч хэрэгжүүлэхгүй өдий хүрлээ. Хуультай болох гэсээр байтал иргэдийн хувийн нууц задарч, аюулгүй байдал алдагдах эрсдэл өндөр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)