Хамар хатгах өвсний үнэ цэнэ

Энэ өвөл айхтар хүйтэрнэ, цас их унана, мичин жил шүү дээ гэх яриа хаа сайгүй дуулдах боллоо. Үнэн, эсэхийг одоогоор хэн ч тааж мэдэхгүй, цаг агаарын төлөв хараахан гараагүй. Гэхдээ өвлийн бэлтгэлээ сайтар хангахыг сануулсан баттай үнэн ганц мэдээлэл байгаа нь бэлчээрийн даац хэтэрсэн явдал. 

Таамаглах шаардлагагүй, угаасаа жилийн жилд хөндөгддөг сэдэв. Манай орон өдгөө 57.8 сая буюу хонин толгойд шилжүүлбэл 90 сая гаруй малтай. Үүнээс 10 саяыг нь идшинд хэрэглэнэ гэж тооцсон ч энэ өвөл, ирэх хавар бэлчээрийн даац хэтэрсэн хэвээр байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолон гаргажээ. Зуншлага харьцангуй сайн байсан учир энэ өвөл нийт нутгийн 80 хувьд бэлчээр хүрэлцээтэй аж. Өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулахад энэ нь маш сайн мэдээ.

 Учир нь өмнөх жилүүдэд дээрх үзүүлэлт 60, 70 хувьтай гарч байв.

Тоон мэдээ

Даацыг тодорхойлсон дүнгээр өдгөө нийт нутгийн 20 гаруй хувьд малын хамар хатгах өвсгүй тул отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэрэг олон ажил амжуулах шаардлагатай аж. Хүндхэн өвөлжиж, хаваржих төлөвтэй газрын тоонд Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь зэрэг (инфографикт дэлгэрэнгүй харуулав) аймгийн зарим сум багтаж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын секторын эрхлэгч Б.Эрдэнэцэцэг энэ талаар “Манай орны хувьд мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс нь байгалийн бэлчээр болдог. Тухайн жилийн зуншлагаас ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хамаардаг юм. Манай байгууллагынхан даацын дүн мэдээг баг тус бүрээр гаргаад байна. Энэ жилийн бэлчээрийн даацыг тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 80 орчим хувьд нь мал хэвийн өвөлжиж, хаваржих нь.

Гэхдээ энэ нь зөвхөн бэлчээрийн нөөц, хүрэлцээг тооцож гаргасан, цаг агаарын нөхцөл байдлыг тооцоогүй дүн мэдээ юм. Зуншлага сайн, бэлчээрийн даац боломжийн байсан ч цас эрт унаж, цасан бүрхүүл тогтоод, цагаан зуд болчихвол тэвдэж мэдэхийг анхаарах хэрэгтэй гэсэн үг юм” хэмээсэн.

Уг мэдээллийн дагуу өдгөө төрийн байгууллагуудаас өвлийн бэлтгэлээ сайтар базаахыг анхааруулсан зөвлөмж орон нутаг руу хүргүүлсэн юм билээ. Бэлтгэл ч бараг хангагдаад байгаа гэнэ. Энэ жил ч яах вэ, ингээд өнгөрдөг юм байж. Харин ирэх жил яах вэ. Дахиад л даац хэтэрлээ гэж ярихаас өөрийг хийхгүй суусан хэвээр байх уу?

Бэлчээрийн даацын тухай асуудлыг жил бүр л ярьдаг хэрнээ огт арга хэмжээ авахгүй хэвээр байх уу гэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле “Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар шийдэх боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

Сүүлийн жилүүдэд малчид төвийн бүс нутагт төвлөрч, нутаг сэлгэхээ больсон, нэг газраа хаваржиж, өвөлжиж, зусах болсон нь бэлчээрийн даац хэтрэх нөхцөл үүсгэж буйг салбарын мэргэжилтнүүд онцлов. Дээр нь уур амьсгалын өөрчлөлт ч бэлчээрт таагүй нөлөө үзүүлж, олон хоногоор үргэлжлэн халах, хур тунадас багасах зэрэг үзэгдэл ойр ойрхон ажиглагдах болсон.

Эдгээрийн нөлөөгөөр өдгөө нийт бэлчээрийн долоон хувь нь ашиглах боломжгүй болтол доройтож, байгалийн аясаар эргэн сэргэхээргүй цөлжсөн байна. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран, 1500 цэгт бэлчээрийн төлөв байдлын судалгаа хийсний үндсэн дээр өнгөрсөн онд гаргасан “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлан”-д ийн дурджээ.

Малаа цөөлөх, бэлчээрийг хувьчилж байж л “урт настай” энэ асуудлаас салах боломжтойг Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал, доктор, профессор Д.Дорлигсүрэн онцолсон юм. Тэрбээр “Байгалийн энэ арвин баялаг, нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь Монгол орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс болох учиртай. Гэтэл ихэнх хувь нь доройтож, бүр засал авах ч аргагүй болтлоо аюул занал нүүрлээд байхад энэ талаар санаа тавьдаг төрийн нэг ч байгууллага алга.

Худал ярихаас хэтрэхгүй байна. Эзэнгүй өмчийг яаж ч ашиглаж доройтуулж болдгийн тод жишээ нь бэлчээрийн өнөөгийн байдал. Малчин хүн малаа өсгөх гэж зүтгэх нь буруу зүйл биш ч өдгөө даац нь 156 хувиар хэтэрчихээд буй. Мал идэш тэжээлийнхээ хэрэгцээний 66 орчим хувийг л авч байна. Үүнээс болж давжаарч, элдэв өвчин эмгэгт амархан өртөж буй. Тиймээс малын тоог даацад тохируулан хязгаарлах ёстой.

Энэ тохиолдолд малчдын орлого буурч магадгүй учраас улстөрчид болон бүх шатны Засаг дарга нар шийдэлгүй өдий хүрлээ. Тэдний ажлыг ган, зуд л “зохицуулж” байгаа гэхэд хилсдэхгүй. Зуд нүүрлэснээс 2000-2002 онд 11.2, 2009-2010 онд 10.3 сая мал хорогдсон шүү дээ. Малчны амьдралыг ингэж байгальд даатгаж болохгүй. Энэ талаарх төрийн бодлого хангалтгүй байна.

Угтаа бол эрчимжсэн мал аж ахуй эрхэлж буй хүмүүст бэлчээрийг хувьчлах шаардлагатай. Нүүдэллэн амьдарч байгаа бол бэлчээр эзэмших, ашиглах эрхийг нь баталгаажуулах хэрэгтэй юм. Энэ мэт шийдлийг тусгаж, Бэлчээрийн тухай хуулийг батлах шаардлага тулгараад байна” гэлээ.

Гавьяат зоотехникч Д.Жадамба харин малын тоо толгойг хязгаарлахаас өөрөөр шийдэж болохыг онцолж байна. “Гойд сайн бэлчээр, ургамлыг хамгаалах ёстой. Гол арга нь ээлж гаргах юм. Нэг газарт буугаад таван сар болсны дараа зайлшгүй нутаг сэлгэх ёстой. Манайхан бэлчээрээ өнжөөнө гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ бэлчээрийг өнжөөх нэрээр бүтэн жил ашиглалгүй хаяж болохгүй. Байгальд сэргэх боломж олгож байх хэрэгтэй.

Гэтэл бид тийм боломж огт өгөхгүй байна. Монгол орны бэлчээрийн даац 10 сая малаар хэтэрчихлээ, малаа цөөлнө гэх юм. Мал олширсноос бэлчээр доройтоогүй. Харин зөв ээлж гаргаагүйгээс л болж байгаа юм. Хуульд үүнийгээ тусгах ёстой” гэж тэрбээр ярьсан юм.

“Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайлан”-д манай орны нийт бэлчээрийн талаас илүү хувь нь үндсэн төлөв байдлаа хараахан алдчихаагүй, ашиглалтын одоогийн хэлбэрийг үндсээр нь өөрчилж чадвал 10 жилийн дотор л сэргэх боломжтой гэж тэмдэглэжээ. Ажиллаж л чадвал шийдэж болохыг харуулсан, нааштай мэдээ. Малын хамар хатгах өвсний үнэ цэнийг алдагдуулалгүй, ашиглах боломжгүй болсон газрыг долоон хувиас хэтрүүлэхгүй байх боломж бий гэсэн үг. Харин хэн, хэзээ үүнийг хийх юм бол?


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)