Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх шийдвэрийг хүчингүй болголоо

ЛИЦЕНЗ УГААХ ХЭМЭЭХ ШИНЭ ТӨРЛИЙН ЛУЙВРААС ХАМАРЫН ХИЙДИЙГ ХАМГААЛЖ ЧАДЛАА

Дорноговь аймгийн Хамарын хийд орчимд олборлолт хийхээр уул уурхайн компани кэмп байгуулан, техник хэрэгслээ байрлуулаад байна гэсэн мэдээлэл ирсний дагуу сурвалжилж эхэлснээс хойш 12 дахь цувралаа хүргэж байна. Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан, монголчуудын түүх, соёл, шашны хосгүй өв, тайлж дуусаагүй нууцыг тээдэг Хамарын хийд, энергийн төв орчмыг ухна гэдэг санаанд багтамгүй, итгэхэд бэрх сонсогдож, Дорноговь аймгийг эргэлзээ дүүрэн зорьсон минь оны эхэн, өвлийн сүүл сард. Газар дээр нь очиход БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ашиглалтын тусгай зөвшөөрөл барьчихаад, уурхай ажиллуулах тоног төхөөрөмж, техник хэрэгслээ Хамарын хийдийн орон нутгийн тусгай хамгаалалттай газарт байрлуулан, нутгийнхныг сандаргаж буй нь үнэн байв. Нэгдүгээр сарын тачигнасан жавартай өдрүүдэд говийнхон Хамарын хийдээ өмгөөлж, учир битүүлэг хэрнээ хэрээс хэтэрсэн том толгойтой компанийг эсэргүүцэн босоход ч бэлэн байж билээ.

Хариуцаж, хяналт тавих ёстой төрийн албаныхан “Орон нутгийн тусгай хамгаалалттай, түүх, соёлын өвийг хадгалсан аялал жуулчлалын бүс нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөл хэрхэн, яаж авсан нь тодорхойгүй, нэр, хаяг нь ч бүрхэг компани Монгол Улсын хуулиар бүрдүүлэх ёстой 26 төрлийн бичиг баримтаас нэгийг ч авчраагүй, наад зах нь олборлолт явуулах гэж буй компанийн нэн тэргүүнд хийлгэх ёстой суурь бичиг баримт болох ТЭЗҮ, ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд авсан Эрдэс баялгийн зөвлөлийн протокол ч үгүй” хэмээн хошуугаа унжуулж суусан.

Тэр цагаас хойш Монгол Улсын хуульд захирагддаггүй том толгойтой компани, тэдний эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар цуврал сурвалжилга бэлтгэн, мэдээлэл цуглуулж, тусгай зөвшөөрлийн “туулсан” урт замаар мөшгөх тусам эргэлзээтэй, сэжиг, хар төрүүлэм дүр зураг тодорч буй талаар тухай бүрт нь мэдээлсэн билээ.

Цуглуулсан мэдээлэл, үүсээд буй нөхцөл байдалд тулгуурлан “Энэ бүхэн эхнээсээ зохион байгуулалттай, улсаас нөхөн төлбөр авах зорилготой, луйврын шинжтэй хэрэг байж магадгүй” гэсэн таамаг дэвшүүлснийг маань ч уншигчид санаж буй байх. Ингэж хэлэхээс аргагүй үйл явдлууд давхцаж, эргэлзээ төрүүлэм олон баримт цугларсныг ч сурвалжилгадаа олонтоо дурдсан.

Тухайлбал, 2009 онд яг адилхан үндэслэлээр цуцлагдсан гурван тусгай зөвшөөрлийн хоёрыг нь тухайн үед эзэмшиж байсан компани нь сэргээлгэхээр гомдол гаргахад “Сэргээх ямар ч боломжгүй” гэж бүх шатны шүүх шийдсэн хэрнээ үлдсэн нэгийг нь (Хамарын хийд орчмын “Хар тал” тусгай зөвшөөрөл) тун учир битүүлгээр сэргээсэн байдаг. Учир битүүлэг гэхийн учир нь, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хангалттай байна хэмээн 2009 онд цуцалсан уг тусгай зөвшөөрлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно (2017 онд) сэргээсэн. Ингэхдээ өмнө нь ижил үндэслэлээр цуцлагдсан хоёр тусгай зөвшөөрлийн асуудлыг гурван шатны шүүхээр шийдэхдээ ярьж байсан асуудлуудыг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 180 хэм эргүүлэн дүгнэлтдээ тусгасан байдаг. Яг адилхан хоёр асуудлыг шүүх хэрхэн эсрэг, тэсрэг шийдсэнийг харьцуулах боломж олгох үүднээс бид гурван шатны шүүхийн 2012 оны шийдвэр болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэр, хэлэлцүүлгийн протоколыг зэрэгцүүлэн нийтэлж байсан билээ.

Эргэлзэж, хардахгүй байхын аргагүй байдлаар сэргээсэн тусгай зөвшөөрлөө өөр компанийн нэр лүү шилжүүлж, тун удалгүй хоёр хуваан бүртгүүлсэн нь, дүн өвлөөр техник, тоног төхөөрөмж ачсан хятадуудыг орон нутгийн тусгай хамгаалалттай газарт буулгаж, иргэдийн эгдүүг хүргэж, эсэргүүцэлтэй тулгасан нь ч санаандгүй тохиол биш гэж бид хардсан. Эх сурвалжийн мэдээллүүд, өрнөж буй үйл явдлууд ч үүнийг баталгаажуулж байсан юм.

Тухайлбал, энэ бүхэн эртнээс бодож төлөвлөн, зохион байгуулсан зүйл гэдгийг эрх бүхий байгууллагын томоохон албан тушаалтан хэлснийг сурвалжилгадаа дурдсан. Эрх баригч намын, улс төр, бизнест нөлөө бүхий гишүүдийн төлөвлөгөөг нухаах гэж буй учраас нэрээ нууцлахаас аргагүй хэмээн учирласан тэр хүн “Ч.Чойжилсүрэнгийн дүүгийн нэр дээрх компани Хамарын хийдэд лиценз эзэмшиж байгаа. Нөгөө компани нь БНХАУ-ын иргэний эзэмшлийнх гэх боловч ард нь Б.Дэлгэрсайхан бий. Дорноговьд Б.Дэлгэрсайханы оролцоогүй ийм зүйл болно гэж үгүй. Эд Тост, Тосон бумбад ашигласан технологио Хамарын хийдэд давтаж байна. Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах нь нэгэнт тодорхой болчихоод байхад тэнд очиж баахан бужигнаан үүсгэснийг нь санаж байна уу. Яг үнэндээ Тост, Тосон бумбын нуруунд Б.Чойжилсүрэнгийн ухах гэж дайраад байсан газарт тэгж хүний шунал хөдөлгөхөөр их нөөц байхгүй гэдгийг геологичид мэднэ. Харин ингэж дуулиан шуугиан дэгдээсний цаана өөр газар авах зорилго байсан. 

Тост, Тосон бумбын нуруу, Булган аймгийн Тэшиг сум орчмыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авч, тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудад өөр газарт талбай дүйцүүлэн өгсөн. Ингэхдээ нэг тусгай зөвшөөрөл цуцлаад, оронд нь өөр газарт хоёрыг өгсөн. (Нэг тусгай зөвшөөрөл цуцлуулаад, оронд нь хоёрыг авсан компаниудын жагсаалт, мэдээллийг мөн сурвалжилгадаа гаргасан) Лиценз угаах гэдэг ийм шинэ луйвар цэцэглэж байгаа. Манай улс төр, бизнесийнхэн шийдвэр гаргахад нөлөөлөн, улсын халааснаас “шархаа нөхөх”-дөө ч гаршиж байна. Хамарын хийдэд тэр аргаа давтаж байгаа юм. Үнэхээр уурхай ажиллуулж, үйл ажиллагаа явуулах гэж буй компани бол тэнд кэмпээ байгуулж, хүмүүсийн эсэргүүцэлтэй тулахаасаа өмнө бичиг баримтаа бүрдүүлэх гэж хөөцөлдөнө шүү дээ. Дүн өвлийн хүйтэнд, нэгдүгээр сард уурхай ажиллуулах гээд, ямар ч бичиг баримтгүй хятадууд сууж байгаа нь үнэхээр үнэмшилгүй явдал” гэсэн билээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл барьсан гадаадын иргэд Хамарын хийд орчмыг ухахаар дайрах шахам ирсэнд олон нийт бухимдаж эхлэхтэй зэрэгцээд аймгийн Засаг дарга, энэ нутгаас УИХ-д сонгогдсон гишүүн лицензийг цуцалж, уг газрыг улсын тусгай хамгаалалтад авах, эзэмшигч компанид газар дүйцүүлэн олгох талаар ам уралдан ярьцгаасан нь дээрх яриаг батлах шиг болсон. Лиценз эзэмшигчид өөрсдөө ч АМГТГ-т газар дүйцүүлэн авах, эсвэл хэдэн зуун тэрбум төгрөгийн нөхөн олговор нэхэхээр ярьж явсан талаар бид сурвалжилгадаа мэдээлж байв. Хамарын хийд орчмыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал холбогдох яам, агентлагт яригдаж, судалгааны ажил нь ч эхэлсэн.

Энд хүмүүсийн тэр бүр ялгаж салгаж ойлгохгүй байгаа нэг зүйл бий. Өнгөц харахад уг газрыг тусгай хамгаалалтад аваад лицензийг цуцлах, шүүхийн шийдвэрээр цуцлах хоёрт нэг их ялгаа байхгүй мэт санагдаж мэднэ. Асар их ялгаатайг нь одоо тайлбарлая.

Тусгай зөвшөөрөл хүчинтэй үед газрыг хамгаалалтад авах шийдвэр гаргавал улс лиценз эзэмшигчдэд нөхөн олговор олгох, эсвэл өөр орд газар дүйцүүлэн өгөх хуулийн заалт бий. Чухам энэ заалтыг ашиглан хонжоо олох, тэндхийн газрыг ухахаас илүүтэй нөөц сайтай өөр ордоор солих, илүү олон газарт тусгай зөвшөөрөл авах санаархал Хамарын хийд орчмын газарт тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хүмүүст байна хэмээн хардахуйц дүр зураг үйл явдлын өрнөлөөс тодорч, улам батжиж байсан юм.

Харин 2009 онд зохих хуулийн дагуу цуцлагдсан лицензийг 2017 онд туйлын учир битүүлгээр сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр шударга бус байжээ гэдгийг нотолж, үүнийг хүчингүй болгож чадвал улс ямар нэг нөхөн төлбөр төлөх, газар дүйцүүлэн өгөх үүрэг хүлээхгүй, улсаас “шархаа нөхөх” гэсэн бүлэглэлийн зохион байгуулалттай луйврыг таслан зогсоох боломжтой талаар бид сурвалжилга бүртээ дурддаг байлаа. Энэ талаар бид “Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрлийн туулсан замаар мөшгөхөд нарийн зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байх шиг мэдрэмж төрдөг. Хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2009 онд цуцалсан тусгай зөвшөөрлийг арваад жил өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хойно шүүхээр сэргээлгэнэ гэдэг хэрийн хүний хийх ажил биш. 

Ингэхдээ тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болон бусад олон нөхцөл байдлыг үл хэрэгсэн, улайм цайм хууль ёсыг уландаа гишгэсэн. Ингэж сэргээлгэсэн тусгай зөвшөөрлөө хоёр хувааж, хоёр компанийн нэр дээр болгосон. Одоо Хамарын хийд орчмыг улсын тусгай хамгаалалтад авбал улсаас хоёр компани хохирол нэхнэ. Тэд Тост, Тосон бумбын нуруу, Булган аймгийн Тэшигийн жишгээр тусгай зөвшөөрөл дүйцүүлж авах сонирхлоо ил, далд илэрхийлсээр байгаа. Хүслээр нь болбол 2006 онд олгогдож, ямар нэг хайгуул хийлгүй байсаар 2009 онд хүчингүй болсон, хайхрах эзэнгүй арваад жил хаягдсаны дараа гэнэт шидийг олон “амь орж”, өнгөрсөн онд 120 сая төгрөгөөр үнэлэгдэн зарагдсан гэж татварын байгууллагад бүртгэгдсэн Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөл өөр газарт дөрвөөс илүү тусгай зөвшөөрөл болон хувирна. Ийм луйврыг өөгшүүлж дэмжилгүй, тэдний эртнээс төлөвлөж, зохион байгуулалттайгаар хийж буй луйврыг таслан зогсоож, хонь бүрэн, чоно цатгалан үлдэх гарц нь шүүхээс 2017 оны шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоох юм” хэмээн сурвалжилгадаа бичиж байв.

Жирийн сэтгүүлч надад 2017 оны шүүхийн шийдвэрийг шүүхэд өгөх нь хамгийн зөв гарц гэдэг нь тодорхой харагдаж, дахин дахин бичээд байхад “Хамарын хийдээ хамгаалмаар байна, энэ газрыг улсын хамгаалалтад аваад, өөр нутагт газар дүйцүүлэн өг” гээд байсан орон нутгийн удирдлага үүнийг олж хараагүй, ойлгохыг хүсээгүй билээ. Харин Хамарын хийдийн ловон лам С.Борхүү “Хэсэг бүлэг зальт этгээдийн ашиг хонжоо олох хэрэгсэл нь Хамарын хийд болох ёсгүй” хэмээгээд газар нутгаа хамгаалахын зэрэгцээ шударга бус явдлыг таслан зогсоохын тулд 2017 оны есдүгээр сарын 18-ны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх түүний гомдлыг хэлэлцээд нэхэмжлэлийг нь бүрэн хангаж шийдвэрлэснээр улсаас олон зуун тэрбум төгрөг, хэд хэдэн орд газар нэхэхээр цүнх, саваа бэлдэж суугаа, лиценз угаах хэмээх нэршил бий болгон, шинэ бизнес цэцэглүүлж яваа хүмүүсийн хоншоорыг тасалж, лиценз угаах хэмээх шинэ төрлийн луйвраас Хамарын хийдийг хамгаалж чадлаа.

УЛС НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛӨХ, ГАЗАР ДҮЙЦҮҮЛЭН ОЛГОХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ

2009 онд хүчингүй болоод, 2017 оны зургадугаар сарын 16-нд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад, нотлох баримт цуглуулж үнэлэхгүйгээр, илт хууль зөрчин сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0466 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 8-ны 128/ШШ2019/0078 тоот тогтоолоороо хүчингүй болгосон. Ингэснээр шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0466 дугаар тогтоолд үндэслэн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд бүгд хүчингүй болоод байна. 

Тодруулбал, 2017 оны долдугаар сарын 19-ний Шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийн эрх сэргээх тухай 404 дүгээр шийдвэр, “Оуяашиёоу” компаниас MV-020873 дугаартай тусгай зөвшөөрлийг “Даблью Эс Жи Эл” компанид бүхэлд нь шилжүүлсэн 2018 оны зургадугаар сарын 18-ны 443 дугаар тогтоол, “Даблью Эс Жи Эл” компаниас “Олон эхт баян” компанид MV-020873 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн шилжүүлж, MV-021248 дугаартай тусгай зөвшөөрөл олгосон 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны 907 дугаар албат тоот, “Оуяашиёоу” компанид тусгай зөвшөөрлийн хавсралт, гэрчилгээ нөхөн олгосон 2017 оны долдугаар сарын 26-ны 433 дугаар шийдвэр, тусгай зөвшөөрлийн солбилцолд өөрчлөлт оруулах тухай 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны 236 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгожээ. Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх шийдвэр ийнхүү хүчингүй боллоо.

Үүний төлөө улс том артай компаниудад нөхөн олговор өгөх, газар дүйцүүлэн олгох үүрэг хүлээхгүй. Хэрэв тусгай зөвшөөрлийн наймаанаас хэн нэг нь хохирсон гэж үзвэл компани хоорондын асуудал болох юм. Асуудал ийн шийдэгдсэн учраас Хамарын хийдийг хамгаалсан цуврал сурвалжилгаа өндөрлүүлж байна.

Илт луйврыг өөгшүүлж дэмжилгүй, эртнээс төлөвлөж, зохион байгуулалттайгаар эхлүүлсэн лиценз угаах үйлдлийг таслан зогсоож, хонь бүрэн, чоно цатгалан үлдээхэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн Хамарын хийдийн ловон лам С.Борхүү, энэ хэргийг хянан шийдвэрлэж, 2017 оны шийдвэр хууль зөрчжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд түүх, соёл, байгалиа хайрладаг нийт монголчуудын өмнөөс талархал илэрхийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)