Хамарын хийд орчимд олборлолт явуулах нөхцөл бүрдүүлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо

Хамарын хийд орчимд уул уурхайн олборлолт явуулах ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, авсан компани нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг 2009 онд цуцалсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хойно буюу 2017 онд уг тусгай зөвшөөрлийг сэргээж, Захиргааны хэргийн анхан шатны шүүх илт хууль бус шийдвэр гаргасан талаар манай сонин цуврал сурвалжилга бэлтгэсэн билээ. Тэгвэл энэ удаа баяртай мэдээ дуулгаж байна.

Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт уул уурхайн олборлолт явуулах нөхцөл бүрдүүлсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр гаргалаа. Хамарын хийдийн ловон лам С.Борхүү дээр дурдсан луйврын шинжтэй үйлдэл, илт хууль бус шийдвэрийг эсэргүү цэж, Дулдуйтын Данзанравжаа “Үлэмжийн чанар”-аа дуулж, “Саран хөхөөний намтар”-аа дэглэж асан түүх, соёлын дурсгалт газар, монголчуудын сүслэн дээдэлж, зорьж очдог шашин ном, аялал жуулчлалын томоохон төв Хамарын хийдээ хамгаалахаар шүүхэд хандсан юм. 

“2017 онд уг асуудлыг шүүхээр шийдэх үед нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, хэрэг шийдвэрлэх үед шүүх болон хэргийн оролцогчдод мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсны улмаас шүүхийн шийдвэр гарахад үнэлэгдээгүй, нөлөөлөхүйц нотлох баримт илэрсэн, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр зайлшгүй оролцох ёстой “Хамарын хийд” шашны байгууллагыг оролцуулаагүй” гэсэн үндэслэл бүхий нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, түүний талд шийдэв.

Ловон лам С.Борхүү “Ийм шийдвэр гаргах нь маш чухал. Энэ бол ганц Хамарын хийдийн асуудал биш. Монголын ард түмний, үндэсний эрх ашгийн асуудал юм. Монголчуудын зуу зуун жилээр дуурсагдах түүх, соёл, бахархлыг хэдэн тонн нүүрсээр сольж болохгүй. Ийм шийдвэр гаргасан шударга шүүх, биднийг өмгөөлсөн өмгөөлөгч, мэдээллийг үнэн зөвөөр хүргэж, олон нийтийн анхааралд оруулсан “Өнөөдөр” сонины хамт олонд, энэ хэрэгт сэтгэлээ чилээсэн монголчуудынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье” гэв.

“Хамарын хийд” шашны байгууллагын өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, Б.Анхбаяр нар “Тусгай зөвшөөрлийг сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэрийг хүчингүй болгосноор асуудал дуусахгүй. Одоо “Хамарын хийд” шашны байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулан, асуудлыг эхнээс нь дахин хянан хэлэлцэнэ. 2017 онд “Хамарын хийд”-ийн төлөөллийг шүүх хуралд оролцуулаагүй учраас нотлох баримтуудаа гаргаж өгч, шүүхээр үнэлүүлэх боломж олдоогүй. Энэ удаа гуравдагч этгээдээр оролцож, баримтуудаа гарган, шүүхээр үнэлүүлнэ. Тэгэхээр үр дүн ч өөр байна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)