ХАЛ ҮЗСЭН ХОТ

Иерусалим гэдэг нь эрт ний еврей хэлээр “энх амгалангийн хот” гэсэн утгатай аж. Гэтэл энэ хотын гудамж, захын хороололд 118 удаа тулаан болж байжээ. Эл хотыг 44 удаа булаан эзэлж, 23 удаа бүсэлж байсан аж. Мөн иудеин гарт 1000, христос шашинтны мэдэлд 400, лалын шашинтны эрхшээлд 1300 жил байсан байх юм. Энд хүмүүс эрх мэдлийн төлөө ямагт тэмцэлдсээр ирэв. Тэр тэмцэл яаж төгсс өнөөс Израиль хэмээх улсын хувь заяа, Ойрхи Дорнодын энх тайван байдал хамаарч байлаа.

Шинжээчид Иерусалимыг улс төрийн хамгийн их зовлон, хал үзсэн хот гэлцдэг. Энэ бол үнэхээр хана хэрэм, хориглолт, ил харагдах хийгээд үл мэдэгдэх зааг хязгаарын дэлхийн төв болсон хот юм. Нүдэнд үл анзаарагдах зааг нь еврейн Өрнөдийг, арабын Дорнодоос тусгаарлана. Израильчууд болохоор Иерусалимаа өөрийн уугуул, мөнхийн нийслэл гэж үзнэ. Харин палестинчууд түүнийг Аль-Кудс (Ариун хот) гэж нэрлээд ирээдүйн улсынхаа төв гэж бодно.

Еврейн шашны сударт Иерусалимыг дэлхийн төв, бурхны бүтээсэн анхны газар орон гэсэн байдаг. Шашны үүднээс эндхийн юм бүхэн, газар шороо, байшин барилга, тэр ч бүү хэл агаар нь ч ариун. Гэтэл Иерусалим нь Израилийн хамгийн ядуу хэсэг. Энд үйлдвэр байхгүй, эрчүүдийн тэн хагас нь л ажилтай байдаг. Эндээс жил бүр 20 мянган израиль хүн арай дөнгүүр амьдрал хайн, ийш, тийш явж байна. 1948 оны тавдугаар сард еврейн улсыг тунхагласны дараахан тус улс баруун хэсгийг нь эзэлж авснаас хойш энэ хот зүүн, баруун гэсэн хоёр хэсэгт хуваагдав. Өөрөө хэлбэл, арабын, еврейн гэсэн хоёр хэсэг болсон хэрэг. Тус хотын өнгө зүс төдийгүй түүний эздийг ч нэг мөр өөрчилсөн үйл явдал 1967 оны зургаадугаар сарын 7-нд эхэлсэн байна. Зургаан өдрийн дайны оргил үе нь энэ өдрийн өглөө тохиов. Израиль бүх фронтоор довтоллоо. Тэгээд энэ өдөр Израилийн Батлан хамгаалахын сайд Моше Даян ялалтаа тунхаглаж “Бид Израиль улсын нийслэл хоёр хуваагдаад байсныг нэгтгэлээ. Хамгийн ариун газар шороон дээрээ бид хэзээ ч явахааргүйгээр эргэж ирлээ” гэж хэлэв.

Ийнхүү Иерусалимын эзэн нь Израиль боллоо. Шинэ газар нутаг дээр бэхжиж авахын тулд Израилийн эрх баригчид урьд нь шалгагдсан аргыг хэрэглэхээр шийдэж шинээр хот, суурин газар барьж эхлэв. Дорнод Иерусалимын оршин суугчдын дотор еврей нарын эзлэх хувийг нэмэгдүүлж, эзэлж авсан нутаг дэвсгэр дээр өөрийн иргэдийг олноор суурьшуулах бодлого явууллаа. Арабуудаас эзэмшил газрыг нь хурааж авч байв. 1970 онд эхэлсэн энэ үйл ажиллагаа одоо хэр нь үргэлжилж байна. Тэгтэл палестинчууд ч суурин газар байгуулж эхэллээ. Иордан голын баруун эргээс “зочин ажилчид” Дорнод Иерусалим руу цутгаж гарах нь тэр. Ингээд хүн амын тоогоор хөөцөлдөх уралдаанд израильчууд ялагдах болов. Одоо Иерусалим дахь арабуудын тоо түүхэнд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нийт хүн амын нь 36 хувийг эзлэх болоод байна.

Дорнод Иерусалимд байгаа арабууд хоёр ертөнцийн дунд байгаа мэт аж төрнө. Нэг талаас тэд Израилийн иргэн биш байдаг. Нөгөө талаас Палестиний автономид захирагддаггүй. Тийм болохоор Иерусалимын “унаган иргэний” статусаа хэзээ ч алдаж болзошгүй. Тэгэхдээ тэд израильчуудын адилаар улс орныхоо дотоодод чөлөөтэй зорчих эрхтэй. Тэд бас Израилийн Засгийн газраас нийгмийн халамж дэмжлэг хүлээчихнэ. Тэгэхдээ төрийн албан хаагч нь ч, шүүхийн шүүгч нь ч, цагдаагийн байгууллагын ажилтан нь ч Иерусалимыг маргаан бүхий нутаг дэвсгэр биш, Израилийн нэг салшгүй хэсэг болгох гэсэн ганцхан зорилготой байдгийг тэд мэднэ. Иерусалим хилээр зааглагдахаа байгаад хагас зуун өнгөрч байна. Гэхдээ хотын баруун, зүүн хэсэгт гудамж, замын хөдөлгөөний хоёр өөр дүрэм үйлчилж, автобусууд нь хоёр өөр маршрутаар явдаг. Арабууд Баруун Иерусалимд ажил оллоо гэхэд мэдээж хамгийн бага цалинтай нь л байж таарна.

Израилийн эрс үзэлтнүүд бүр палестинчуудыг хөлсөөр ажиллуулдаг компаниудын нэрийг хэвлэлд нийтлэх нь зүйтэй гэж үздэг. Гал тогоонд нь арабууд ажилладаггүй зоогийн газруудад тусгай эрх олгож ч буй аж. Баруун Иерусалимын шуудангийн хайрцгуудаар тарааж буй сурталчилгааны хуудсууд дээр “Манайд арабууд ажилладаггүй” гэж бич сэн байдаг. Ийм байдал нь палестинчуудын хорооллын амьдрал дээшлэхгүй байхад нөлөөлдөг нь мэдээж. Палестиний хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр бол Иерусалимд байгаа тэдний 78 хувь нь ядуу амьдралтай. Дэд бүтцийн хөгжлийн түвшнээр Иерусалимын израильчуудын мэдэлд байгаа баруун хэсэг нь арабчууд оршин суудаг зүүн хэсгээсээ илүү. Хэрэв палестин хүн өвдвөл Израилийн түргэн тусламжийн машин арабуудын хороолол руу цагдаа нараар хамгаалуулж очно. Зүүн Иерусалимын эрс үзэлт еврей нар араб эмчээс тусламж авахаас татгалзана. Иерусалимыг Израилийн нийслэл болгосон тогтоолыг 1980 онд Парламент нь гаргасан ч үүнийг дэлхийн ганц ч улс хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс Иерусалим нь гадаадын нэг ч улсын Элчин сайдын яамгүй дэлхийн цорын ганц нийслэл юм.

Израильчууд хийгээд палестинчууд яагаад 20 гаруй жил хэл амаа ололцож чадахгүй байна вэ. Энэ талаар эцэст нь өгүүлье. Уг нь толгой эргээд байх юм огт биш. Хэзээ нэгэн цагт Османы эзэнт улсын бүрэлдэхүүнд орж байсан, Газрын дундад тэнгисийн эргийн алга дарам газрыг л хоёр ард түмэн булаацалдаад байгаа хэрэг шүү дээ. Энэ нутаг 1920 онд Палестин гэсэн нэртэйгээр Английн мандат дор шилжсэн юм. XIX зуун болоход энд еврей нараасаа 18 дахин олон араб хүн аж төрж байв. Энэ үед Европт (тэр дундаа Орост) еврейн эсрэг үзэл хүчтэй байлаа. Еврей нарыг түйвээж байсны улмаас Ариун газар нутагт өөрийн гэсэн улсаа сэргээн байгуулах гэсэн эрмэлзэл их болж, Палестин руу хүмүүс олноор шилжих болсон байна. Дэлхийн II дайны жилүүдэд зургаан сая гаруй еврей нацизмын золиос болж, үндэстний хувьд устахын даваан дээр очжээ. Уг газар нутгийг НҮБ 1947 онд Израиль, Палестин гэсэн хоёр шинэ улсад хувааж өглөө. Энэ шийдвэрийг еврей нар нь зөвшөөрч, арабууд зөвшөөрсөнгүй. Чухам энэ үеэс л Израиль улс хөрштэйгээ байнга дайтаж, зөвхөн нутаг дэвсгэрээ бус, оршин тогтнох эрхээ хамгаалж ирэв.

1948-1949 оны дайны үеэр Палестиний олон зуун мянган араб Израилиас зугтав. Тэд цаг хугацаа өнгөрөх хэрээр өөрсдийгөө палестин хэмээх нэг ард түмэн гэж үзэх боллоо. 1967 онд болсон Зургаан өдрийн дайнаас хойш Израиль хянах болсон Иордан голын баруун эрэг, Гаазын зурвас, Дорнод Иерусалимаас израильчууд явахыг палестинчууд шаардсаар байгаа юм. Тэгээд израильчууд Гаазын зурвас газрыг 2005 онд орхисон ч Иордан голын баруун эрэгт 300 мянган еврей олон улсын эрхийг зөрчин байсаар байна. Хувь заяагаа хүлээн Иордан, Сири, Ливан, Палестинд байгаа арабын 1.4 сая дүрвэгчдийг яах вэ гэдэг нь гурав дахь маргаантай асуудал юм. Нөхцөл байдлыг яавал хэвийн болгох нь тодорхой зүйл. Нэгдүгээрт, Иордан голын баруун эрэг, Гаазын зурвасын дэвсгэр нутаг дээр Палестиний улс бий болгох ёстой. Хоёрдугаарт, Иерусалимыг хуваахаас өөр аргагүй.

Эцэст нь араб дүрвэгсдийн ядаж зарим хэсэг нь Израильд эргэж ирэх ёс той. Израильчуудын ихэнх нь энэ шаард лагыг аман дээрээ хүлээн зөвшөөрдөг. Харин хэрэгжихгүй байгаад хэн хэн нь буруутай. Учир нь зөрчил палестинчуудын дотор ч байгаа юм. Түүнчлэн Израиль гэдэг улс оршин байхыг хүлээн зөвшөөрдөггүй ХАМАС хэмээх хэт даврагч бүлэглэл Гаазын зурвасыг хяналтдаа байлгаж буй. Нөгөө талаас шашны үндсэрхэг хөдөлгөөний нөлөө Израильд улам нэмэгдэж байна. Тэд улс орноо дайсны хүрээлэлд байна гэж үздэг бөгөөд арабчуудад ямар нэг буулт хийхийг ангал руу унаж буйтай адилтгана. Египетийн төр, засгийн эрхэнд “Ах дүү-мусульманчууд” гарч, Сирид иргэний дайн дэгдэж, Иранд цөмийн хөтөлбөр бий болсон нь энэ болгоомжлолыг эрхбиш сатааруулав. Ирээдүй их бүрхэг байна. Ядахдаа Израилийн Засгийн газрын бүрэлдэхүүнд зөвшилцөлд хүрэх бодолгүй хүмүүс зонхилж байдаг...

 Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)