“Халх гол” төсөл хэрэгжүүлнэ

    “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г сайшааж,”Халх гол” төслийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын тогтоолоор, төслийг зохицуулах удирдлага арга зүйгээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулав. 
    Дорнод Монголын хөгжлийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу “Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллага хийж ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн байна. 
“Мастер төлөвлөгөө”-нд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, бүс нутгийн байгаль орчин, дэд бүтцийн хөгжил зэрэг 5 салбарт 18 төрлийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Халх голын бүс нутагт улаан буудай, тэжээлийн таримал тариалах аж ахуй, гурилын үйлдвэр, сүү боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж дүгнэж байна. Төслийн хүрээнд БНСУ-ын буцалтгүй тусламжаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн загвар аж ахуй байгуулах юм.
 Халх гол-ын бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийн зориулалтаар 170,0 мянган га талбайг тодорхой болзол нөхцлийн дагуу ашиглуулах, төслийн багийн болон төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2011 оноос эхлэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, олон улсын зээл, тусламж, төсөл арга хэмжээнд хамруулан хэрэгжүүлэх, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт  танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.
 “Халх гол” төсөл хэрэгжсэнээр манай улсын зүүн бүс мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгалиас хараат бус, байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжиж бүс нутгийн хүнсний баталгаат байдал хангагдан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. 
      Халх голд шар буурцаг, эрдэнэ шиш, наранцэцэг, рапс, газрын самар, сагад, цагаан будаа зэрэг таримлыг усалгаатай нөхцөлд туршиж, импортыг орлох ургамлын тос, цагаан будаа үйлдвэрлэж, зөгийн аж ахуй хөгжүүлэх боломжтой.
Одоогоор Халх гол сумын хэмжээнд 39,5 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэд эзэмшиж байгаагийн 12 хувь буюу 4,5 мянган га талбай нь идэвхтэй ашиглагдаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)