“Халхын гол-1939” архивын баримт, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ

 “Халхын гол-1939” архивын баримт, гэрэл зураг, баримтат киноны үзэсгэлэн өнөөдөр Монголын  Үндэсний музейд нээлтээ хийлээ

1992 онд байгуулагдсан Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол-Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө далд, хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, эмхтгэл гаргах, архивын ажлын туршлага солилцох мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, Монгол-Оросын харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 24 дүгээр хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдсан бөгөөд тус хуралдаанаас Халх голын районы орчим Манжуурын хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөнд Зөвлөлт Холбоот Улс ба БНМАУ ялсан ялалтыг хойч үедээ танин мэдүүлж, архивын эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй, шинэ шинэ баримтыг судлаачид, олон нийтэд хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны архивын агентлаг хамтран “ХАЛХЫН ГОЛ-1939” түүхэн баримтат үзэсгэлэнг бэлтгэн гаргахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын Холбооны архивын агентлаг хамтран Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архив, Оросын цэргийн түүхийн төв архив, Оросын кино гэрэл зургийн баримтын төв архив, Оросын Түүхийн нийгэмлэг хамтран “ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-1939” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж, өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээхийлээ.

Үзэсгэлэнд ОХУ-ын холбогдох архивуудаас 133 баримт бичиг, 24 гэрэл зураг, Монгол Улсын төрийн архивуудаас 162 баримт бичиг, 46 гэрэл зураг, Үндэсний төв архиваас 247 гэрэл зураг, 165 баримт илрүүлэн, сонголт хийж, 130 гаруй баримтыг байрлуулж нийтийн хүртээл болгож байна.

Үзэсгэлэнд “БНМАУ, Манжго улсын хилийн будилаан зохицуулах бага хурлын төлөөлөгчдийн явуулсан цахилгаан, хурлын тэмдэглэл”, “Халхын голын байлдааны схем зураг, тушаал, төлөвлөгөө”, “Халхын голын дайны нөхцлийн акт”, “Халхын голын дайны гал зогсоох тухай ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, Москвад суугаа Японы Элчин сайд С.Того нарын аман хэлэлцээ”, В.М.Молотов, С.Того нарын БНМАУ, Манжго улсын хоорондох хилийг нарийвчлан тогтоох тухай 1940 оны хэлэлцээр” болон дайны үед явагдаж байсан үзэл суртлын тэмцлийн илрэл болсон фронтын сонин, ухуулах хуудас, түүхэн ялалтыг алдаршуулан мөнхжүүлсэнтэй холбогдох Монгол Улс, Оросын Холбооны Улсын архивуудын ховор баримт бичиг, гэрэл зураг, 1940 онд Халхын голын ялалтад зориулан Москва хотын Кинохроникын төв студид найруулагч И.Копалины бүтээсэн анхны баримтат киног үзүүллээ.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын ХЗДХЯ-ны дэд сайд Г.Элбэгсайхан, Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга А.В.Юрасов, Эрхүү мужийн Архивын агентлагийн дарга С.Г.Овчинников, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад ард улсын тэргүүнА.С Цыденовболон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.

Мөн үзэсгэлэнгийн үеэр “Халхын голын зэвсэгт мөргөлдөөн. 1939 оны тав-есдүгээр сар” номын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)