Халуун орны хумхаа Монголд зөөвөрлөгдөн орж ирэх нь ихэссэн гэв

Манай улсад хумхаа өвчин зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол сүүлийн жилүүдэд ихэссэнийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс мэдээлэв. 2009-2018 онд эл өвчний 14 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Тэд Энэтхэг, БНСУ, БНАСУ, Африкийн зарим улсад сурч, ажиллаж, амьдарч, аялж байхдаа хумхаа өвчин “зуучлагч” шумуулд хазуулан, халдвар авсан байна. Хумхаа туссан өвчтөнүүд 18-58 насныхан бөгөөд бүгд монгол хүн аж. Олонх нь буюу 78.6 хувь нь эрчүүд гэж албаны хүмүүс хэлэв. Уг өвчний нууц үе нь дунджаар 35 хоног бөгөөд дотор муухайрч, бие тавгүйтэх шинж тэмдэг илрэхээс гадна удаан хугацаанд халуурах, хөлрөх, чичрэх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах “дохио” өгдөг байна. Монголд 2014-2018 онд бүртгэгдсэн хумхаагийн тохиолдол өмнөх таван жилээс 1.8 дахин нэмэгдсэн бол манай улсад ирсэн, ийм өвчтэй жуулчдын тоо 23 хувиар өссөн гэнэ. Түүнчлэн голомтот бүс нутагт зорчих монгол иргэдийн тоо 2017 оныхоос 2.5 дахин олширсон тул жилд дунджаар 2-3 хүн өвчлөх эрсдэлтэйг ЗӨСҮТ-өөс анхааруулав. Иймд ЭМЯ, бусад мэргэжлийн байгууллагынханд хумхаа өвчнийг хянаж, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарчээ.

Бэлтгэсэн: О.Ундрах


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)