Халуун байна, харанхуй болсон гээд иргэд амны хаалтгүй явах нь олширчээ

Сүхбаатарын талбайн урд хэсэгт шинээр тохижуулсан, “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-д байсан хүмүүсийн олонх нь хүүхэд, залуус, бага насны хүүхдээ дагуулсан гэр бүл. Иргэд зүлгэн дээр хэвтэн, сандал дүүртэл сууцгааж, хүүхдүүд нь дугуйт тэшүүр унан хөгжилдөцгөөж байв. Тэнд 100 гаруй хүн байсан гэвэл 60 орчим хувь нь л амны хаалт зүүжээ. Үлдсэн нь түүнийгээ барьж, эсвэл эрүүгээ хүртэл доошлуулсан байсан бөгөөд хорио цээрийн дэглэм үйлчилж буй шинж ер алга. Харин эргүүл хийж явсан нэг цагдаа иргэдийг амны хаалт зүүхийг сануулж байлаа.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд шинээр барьсан нийтийн ариун цэврийн газрын үйлчлэгчтэй уржигдар 19.00 цагийн үед ийн ярилцав.

-Танайх хэдэн цаг хүртэл ажилладаг юм бэ. Энд олон хүн цугладаг юм байна.

-Усан оргилуурыг ажиллуулах цаг болоогүй байсан ч энд олон хүн ирдэг болсон. Ялангуяа 20.00 цагаас хойш хүмүүс нэлээд нэмэгддэг. Манайх 00.00 цаг хүртэл ажиллаж байгаа.

-Иргэд хөл хорионы дэглэм хэрхэн баримталж байна вэ. Амны хаалтгүй хүмүүс үйлчлүүлэхээр орж ирж байна уу?

-Янз бүр л байна даа. Гэхдээ манайх амны хаалт зүүгээгүй хүнд үйлчилдэггүй гэв.

00.00 цаг хүртэл усан оргилуурыг ажиллуулдаг гэхээр хүмүүс оройн цагаар олноороо цугларч, хоорондоо 1.5-2 метрийн зай баримтална гэсэн журмыг зөрчиж буй нь илт. Тэндээс явсаар Зайсан толгой, Бурхантай хөшөө орчмыг сонирхов. Хотын төвөөс тус чиглэл рүү явах зам түгжрэлтэй, автомашин тавих зогсоол олдохгүй байсан нь хэр олон хүн бөөгнөрснийг илтгэнэ. Иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн гэдгийг умартан, жирийн үед амарч зугаалж байгаа мэт зайрмаг идэн, ундаа ууцгаан хөлхөцгөөнө. Зайсан толгой руу өгсдөг шатны хажуугийн чөлөөнд нэг ТҮЦ бий. Тэр ТҮЦ-ийг 22.00 цагт хаах ёстой аж. Худалдагч нь “Дулаан, тогтуун орой энд маш олон хүн ирдэг. Тэдний олонх нь амны хаалт зүүгээгүйг та харж байна. Бид орж гарсан иргэдийг “Амны хаалт зүү” гэж хэлдэг байсан ч одоо больсон. Амарч, зугаалж яваа хүмүүс, шөнө оройн цагаар зүүх албагүй гэж ойлгодог бололтой” гэв.

Үүнээс гадна хүүхэд, залуучууд олноор цугладаг Улсын их дэлгүүрийн өмнөх “Битлз”-ийн хөшөөтэй усан оргилуур орчимд өнгөрсөн бямба гарагт мөн л хүн их байлаа. 19.00-20.00 цагт тэнд хосууд зугаалж, хүүхдүүд тоглоно. Зайрмаг зарж, үүргийн худалдаа хийсэн хүн харагдаагүй ч хүний хөл татрах болоогүй янзтай. Тэнд байсан 10 хүний зургаа нь амны хаалт зүүсэн бол хоёр нь барьж, хоёр нь тоохгүй явж байв.

Бидний нэрлэж заншсан “Хүүхдийн 100” орчмын ресторан, уушийн газруудад ч үйлчлүүлэгч олон байлаа. Уушийн газруудын гадна талбай, дотор нь ч дүүрэн сууцгаажээ. Суух ширээ олдоогүй хэсэг нь үүд хавиар хөлхөнө. Амны хаалтгүй, 7-8 настай болов уу гэмээр охин бохь зарж, мөн л амны хаалт зүүгээгүй хөгжлийн бэрхшээлтэй залуу даавуун тор санал болгож байв. Тэдний бохь, торноос худалдан авах хүн ч цөөнгүй юм. “Хүүхдийн 100” орчмын уушийн газрын үйлчлүүлэгчид амны хаалт зүүгээгүй, харин үйлчлэгчид, ажилчид нь зүүжээ. “R” рестораны зохион байгуулагч Н.Тэгшээ “Бид үйлчлүүлэгчдээ зааланд амны хаалттай суу гэх нь байтугай үүдээр орж ирэхэд нь хэлж чадахгүй. Учир нь хооллож, юм уухаар орж ирж буй хүмүүс амны хаалт зүүгээд суухгүй шүү дээ. Ариун цэврийн өрөө, үйлчилгээний заал, гадна талбайгаа сайтар цэвэрлэн, гар ариутгагч, вирусийн эсрэг үйлчилгээтэй саван тавьдаг. 21.40 цагаас өмнө манайх хаалгаа барьдаг” гэлээ. Тэр хавьд үйл ажиллагаа явуулдаг хоолны газар, ресторан, нарийн боовны мухлаг зэрэгт үйлчлүүлэгч урьдын адил дүүрэн байна. Тухайн үйлчилгээний төвүүдийг 22.00 цагаас хаамагц зам дагуу такси барихаар хүлээн, хэрхэхээ ярилцан бөөгнөрч зогсох нь элбэг. Тийн зогсох хүмүүст “Караокед орох бол энэ утас руу залгана уу” хэмээн зөвхөн утасны дугаар бичсэн, нэрийн хуудас шиг цаас 2-3 залуу тарааж яваа харагдана лээ.

Баянгол дүүргийн XVIII хороонд байрлалтай бялдаржуулах клубт хичээллэдэг М, нэг сар орчмын өмнө клуб руугаа анх очихдоо амны хаалт зүүн, нимгэн бээлий өмсөөд, гар ариутгагч цүнхлээд явжээ. Гэтэл тэнд хичээллэж байсан 20 орчим хүний нэг нь ч амны хаалт зүүж, бээлий өмсөөгүй байсан аж. Тэгээд ч бэлтгэл хийхэд хүн халууцаж, хөлөрдөг учраас амны хаалттай байх хэцүү гэсэн. Өдгөө тус клубт хэдэн ч цагт очсон, 20-30 хүн бүгд амны хаалтгүй, бээлийгүй, хоорондын зайгаа барихгүйгээр дасгал хийдэг гэнэ. Ер нь спорт клубууд, усан сан, саунд нэг дор олуулаа цугладаг, бага хэмжээтэй зай талбайтай, агаарын солилцоо муутай тул хэрэв нэг л хүн коронавирусээр өвчилбөл хамгийн өндөр эрсдэлтэй нь илт байгааг онцолсон. Гэхдээ дээрх клубийн дасгалын заалны үүдэнд, дотор нь “Маск зүүн, бээлий өмсөж, нэг цагаас илүүгүй хугацаагаар хичээллэнэ үү” гэсэн санамж бийг тодотгосон юм. Түүнчлэн зарим зах, худалдааны төвийн үйл ажиллагаа “суларч”, иргэд, олон нийтэд шаардлага тавихаа больжээ. Тухайлбал, “Алтжин бөмбөгөр”-ийн гурван хаалганы орчимд, хаана нь ч гар ариутгагч байхгүй, иргэдийг маск зүүсэн болон бага насны хүүхэд дагуулсан, эсэхийг анхаарч буй хүн алга. Мөн таван худалдагчийн гурав нь амны хаалт зүүгээгүйгээр үл барам яагаад иргэдэд ийн үйлчилж буйг нь асуухад “Манайх их бүгчим. Ийм халуунд амны хаалттай суух хэцүү” хэмээн төвөгшөөсөн янзтай хариуллаа.

Баянгол дүүргийн XIX хороо орчмын автобусны буудлын хажуу талын чанга яригчаар өдөр бүр 08.00 цагт тод сонсогдохуйцаар “Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэн та гараа тогтмол угааж, амны хаалт зүүн, олон хүн цугларсан газраар явахаас зайлсхийнэ үү” гэж зарлаад хоёр сар гаруй болсон. Энэ зарлал л цар тахлын аюул ойрхон байгааг сануулж байна уу гэлтэй. Өчигдөр өглөө зарлалаа сонсчихоод ажил руугаа явах замдаа хүмүүс уг сануулгыг хэрхэн биелүүлж буйг ажиглахыг хичээлээ. Явган алхаж буй хүмүүсийн гуравны нэг нь амны хаалт зүүсэн бол гуравны нэг нь эрүүгээ халхалжээ. Харин үлдсэн нь амны хаалтгүй явж байв. Мөн автомашинтай хүмүүс бараг бүгд амны хаалт зүүгээгүй байсан бол нийтийн тээврээр зорчигчид олонх нь зүүжээ. Мөн хоолны газар, ресторанаар үйлчлүүлэгчид бүгд амны хаалтгүй, хоорондоо 1.5-2 метрийн зай барих ёстой гэсэн зөвлөмжийг огтхон ч дагахгүй байсныг дурдсан. Түүнчлэн цөөнгүй иргэн дотооддоо халдвар тархаагүй байхад үйлчилгээний төвүүдийн цагийг хязгаарлан, кинотеатруудыг нээхгүй байгаад бухимдалтай байгаа аж. Хан-Уул дүүргийн иргэн Ч.Одхүү “Сонгуулийн сурталчилгаа эхлүүлснээс хойш хорио цээрийн дэглэмийн утга алдагдсан. Нэр дэвшигчийн танилцуулга, уулзалтад очсон хүмүүс амны хаалт зүүн, өөр хоорондоо зайтай мэт харагдавч уулзалт дуусах үед нь цугларч, амны хаалтаа авч, гараа барилцан, хууч хөөрөөд суучихдаг. Ухуулагчид нь ч орон сууцын хорооллоор олуулаа явцгаан, иргэдтэй уулзан, бичиг цаас тарааж, айл бүрийн хаалгыг онголзуулж явсан. Нэгэнт ийм байхад шөнийн клуб, кино театраа нээхгүй байгаа нь буруу. Иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлого, хүмүүсийн үзвэр үзэх хэрэгцээг бодолцох шаардлагатай” гэлээ.

Олон нийт хөлхдөг зарим талбай, ресторан, худалдааны төвд иймэрхүү байсан бол Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хоёрдугаар төв буюу ахмад настан, эмэгтэйчүүдийн эмнэлэгт өнгөрсөн баасан гаргийн 11.00 цагт очиход арай өөр төрх “угтлаа”. Эмнэлгийн үүдэнд ширээ, сандал тавьж, хоёр ажилтан суун, хүмүүсийн халууныг үзэн, гар ариутгагч хэрэглэхийг санал болгодог нь хэвээрээ байв. Амны хаалтгүй хүн оруулахгүй, жирэмсэн эмэгтэйчүүдтэй хамт яваа гэр бүлийнхнийг нь сэлгүүцэхгүй байх, зөвхөн нэг давхарт хүлээхийг анхааруулж байлаа. Тус эмнэлгийн хүлээн авагч А “Төрийн байгууллагууд, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын журмаа сайтар дагаж байна шүү дээ. Ялангуяа эмнэлгийн орчинд өвчин тархах хамгийн өндөр эрсдэлтэй. Манайх амны хаалтгүй хүнд үйлчилдэггүй. Ер нь иргэд хорио цээрийн дэглэмд дасаж, дөжирчихөв үү, 2-4 дүгээр сарынхтай харьцуулахад амны хаалт зүүн, гараа ариутгах нь цөөрсөн” хэмээв. Харин эмнэлгийн гадаа зогсож байсан хүмүүс, ойролцоох ТҮЦ-ээр үйлчлүүлэгчид бүгд шахам амны хаалтгүй байсан бөгөөд “Эмнэлэгт амны хаалт, улавчгүй бол оруулахгүй байна. Хамгийн ойрхон нь тэндээс авч болох нь” гэцгээн 30 орчим метрийн зайд, орон сууцын нэгдүгээр давхарт байрлалтай эмийн санг заацгааж байв.